УИХ-ын дарга З.Энхболд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч компаниудын үзэсгэлэнг сонирхов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.08/ “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч компаниудын үзэсгэлэнг сонирхов.
Хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Сайн хашаа” хөтөлбөр өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийсэн. Энэ хүрээнд "Сайн хашаа" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 30-аад аж ахуйн нэгж, байгууллага оролцсон үйлчилгээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдсан юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тогтоосон гэр хороолол болон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрууд дахь айл өрхүүдэд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгох юм. 5 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно.
“Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа 30 гаруй аж ахуйн нэгж, компани эрчим хүч, дулааны тоног төхөөрөмж, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технолги, тоног төхөөрөмж, амины орон сууцны дэд бүтцийн төрөл бүрийн шийдлүүдийг танилцуулж байв.
“Атмор” компанийн “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн хувиар танилцуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тус компани 5-12 квт хүчин чадалтай ус халаагчууд, бохирын септик систем, халаалтын систем зэргийг иргэдэд санал болгож байгаа юм байна.
Барилгын цахилгаан монтаж, сантехникийн худалдаа угсралт, амины орон сууцны дулаан, сантехникийн цогц шийдэл, бохир ус цэвэрлэгээний бага оврын байгууламж, мөн орон сууцны дулаалгын шийдлүүд, байгальд ээлтэй, шинэ төрлийн барилгын дулаалгын материалууд зэрэг 30-аад компанийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг Улсын Их Хурлын дарга үзэж, компанийн төлөөлөлтэй ярилцсан юм.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.