Алдагдсан он жилүүдийн төлөөс өндөр байна
2016.06.07

Алдагдсан он жилүүдийн төлөөс өндөр байна

УИХ -ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

УИХ-ын 2012-2016 оны парламентийн бүрэн эрхийн хугацаа дууслаа. Өнгөрөгч дөрвөн жилийг та хэрхэн дүгнэх бол?

-УИХ-ын гишүүн болж орж ирснээсээ хойш Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд УИХ, Байнгын хороо, намын бүлгээс байгуулсан хууль тогтоомж боловсруулах, бэлтгэх үүрэг бүхий 43 ажлын хэсэгт орж ажилласан байна. Мөн 20 гаруй хуулийн төслийг дангаараа болон бусад гишүүдтэй хамтран өргөн барьсан. Иргэд сонгогчидтой нийтдээ 150 гаруй удаагийн уулзалт зохион байгуулсан. Энэ бүхнийг багцлаад авч үзвэл УИХ-ын гишүүний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа өндөр статистик үзүүлэлттэйгээр өнгөрүүлжээ гэж харж байгаа.

УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа иргэдийн дуу хоолой болж тэр тусмаа Өвөрхангай аймгийн иргэдээс гарсан саналыг төсөвт болон хуулийн төсөлд тусгах замаар ажилласан.

-Өнгөрөгч дөрвөн жил эдийн засгийн хувьд амаргүй он жилүүд байлаа. Шинэ парламент байгуулагдсанаар эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж чадах уу?

-Нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Иргэдтэй уулзаад явж байхад иргэдийн амьжиргааны түвшин буурсан, эрхийн  мөнгөн орлого багасч,

бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлогдохгүй, үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаа үндсэндээ зогсчихлоо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг авч үзвэл 17.5 хувь хүртлээ өсч байсан эдийн засгийн өсөлт өнгөрөгч оны жилийн эцсээр 2.3 хувь хүртлээ унасан. Цаашид бүр “0” болж эдийн засгийн өсөлт гарахгүй байх хэмжээнд хүрчих гээд байна л даа. Валютын ханшийн өсөлт, өр зээлээс эхлээд яах аргагүй санаа зовохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Үнэхээр аюулын харанга дэлдсэн байдалтай сонгуулийн босгон дээр бид тулаад ирчихлээ. Өнгөрсөн дөрвөн жилийг өмнөх парламентын үеийн дөрвөн жилтэй харьцуулахад газар, тэнгэр шиг ялгаатай, муу тал нь давамгайлсан дөрвөн жил өнгөрлөө.

Эдийн засгийн хямралаас илүүтэй улс төрийн хямрал нь давамгайлчихлаа. Үүнийгээ дагаад улс төрийн амьдрал дэндүү бараан өнгөтэй болчихлоо. Эдийн засгийн энэ байдлыг нь цөөн үгээр хэлбэл эмээ авсан морь шиг хаа сайгүй цовхочлоо. Эдийн засгийн хямралыг даван туулахаас эхлээд нийгэмд чиглэсэн асуудлууд нь намуудын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл байх.

МАН-ын тухайд улс орны нийгэм эдийн засгийн хүндрэлээс гаргаж байсан туршлагатай. 1996-2000 оны хооронд АН засаглаж байхдаа улс орныг хүнд  байдалд оруулсан амаргүй он жилүүд байсныг санаж байгаа биз дээ. Өнгөрсөн дөрвөн жил бол яг тэр цаг хугацааг давтсан хямралын он жилүүд байлаа.

-Гэхдээ дэлхий нийтээрээ эдийн засгийн амаргүй цаг хугацааг даван тууллаа шүү дээ?

-Өөрсдөөсөө бурууг хайлгүйгээр дэлхий даяараа эдийн засгийн хямрал болоод байгаа юм шиг, түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас болсон мэт, эсвэл дотогшоо сөрөг хүчнийхээ улс төрөөс болсон гэхчилэн өөрсдөдөө хэр халдаахгүй байна. Бодит байдалд дээр иргэд гурил, будаагаа граммлаж, иргэд бэлэн мөнгөний хомсдолд орсон. Өмнө жилүүдэд иргэд өөрсдийнхөө хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө сүүлийн хэдэн жилийг өнгөрүүлж байна л даа.

-Гарц шийдлийн хувьд ямар боломжууд байна вэ. Өнгөрсөн дөрвөн жил бол гарц шийдэл гэхээсээ илүүтэй гарч болох бүхий л тааруу бүхнээ гаргаж ирлээ...

Зургадугаар сарын 11-нээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээр бид намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж, ямар гарц шийдэл байгааг ярина. Хувь хүн талаасаа гэвэл энэ сонгуулиар аль ч нам яллаа гэсэн амаргүй дөрвөн жил угтан авах болно. Гэхдээ тулаад ирж байгаа бэрхшээлийн шийдэл гарцыг нь зөв олоод, бодлогоо зөв дэвшүүлээд явбал гарц байлгүй яахав. Хамгийн гол нь төрийн бодлого тогтвортой баймаар байна. Гаргаж буй шийдвэр нь хэрэгждэг байвал болох нь тэр. Бүлэг нь дотроо эдийн засгийн бүлэглэлд хуваагдан түүндээ хөтлөгддөггүй байх хэрэгтэй.

УИХ намрын чуулганы төгсгөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогоо баталсан. Уг баримт бичигт Монгол Улс дунд хугацаандаа хөдөө аж ахуйн, эрчим хүч, уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээсэн байдлаар олон улсын зах зээлд экспортлох шаардлагатай гэж үзсэн. Тиймээс бид ирэх жилүүдэд энэ гурван салбарт анхаарч ажиллах цаг болсон.

Энэ парламентын үед бий болсон гоё нэртэй бондуудыг төлөх асуудал хамгийн чухал асуудал. Нөгөө талдаа МАН- ын нэг давуу тал нь аливаа бүтээн байгуулалт, улс орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын өмнө нэгдэж нийлж, хамтарч чаддаг нь манай намын давуу тал. Өнгөрсөн дөрвөн жилд бид АН-тай хамтарсан Засгийн газарт нь орж ажилласан. АН-ын фракцуудын зөрчил нь ажил хийх боломжийг олгосонгүй. Фракцуудын зөрчил нь ганц намын зовлон биш улсын зовлон болж хувирсан. Нөгөө талдаа хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаагаа хөгжүүлэх тал дээрээ дутуу ажилласан болов уу. Тиймээс АН-ын дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргээд явахад гарц шийдэл байж л таарна.

-Өнгөрсөн дөрвөн жил Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирэн ажиллаж байна. Сайд нарыг нь огцруулна гэсэн сандал ширээний асуудал дөрвөн жилийн хугацааны багагүй хэсгийг нь авсан даа. Тиймээс сонгуулийн дараа бүрэлдэх Засгийн газар хамтарсан байх нь зөв гэдгийг хүмүүс яриад эхэлсэн байна?

-Засгийн газраа хамтарч байгуулах уу, дангаараа байгуулах уу гэдгийг улс төрийн намууд бодно гэхээсээ илүүтэй сонгогчид өөрсдөө шийдэх цаг болсон. Ардтүмний сонголт мэргэн байдаг. Уг нь өнгөрсөн дөрвөн жилийг ард түмэн өмнөх шигээ хамтраад ажил гээд аль ч намыг олонх болгоогүй. Харамсалтай нь олон суудлаараа давамгайлж, олонхын дүрд тоглож дөрвөн жил явлаа. Ирэх дөрвөн жилд төрийг хэрхэн барих вэ, аль нам толгойлох вэ гэдгийг ард түмэн шийднэ. Сонгууль болоогүй байхад ард түмний өмнөөс ярих нь учир дутагдалтай л даа. Өнгөрсөн дөрвөн жил монголчууд бидний хувьд алдагдсан он жилүүд байсан. Алдагдсан дөрвөн жилийн төлөөс өрх бүрт дэндүү өндөр үнээр ирж байна.

Таны хувьд онцолмоор ямар хуулиудыг батлуулав?

-Миний хувьд өнгөрөгч дөрвөн жилд боловсрол, хөдөө аж ахуйн, эдийн засгийн чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Парламентад орж ажиллахад өөрийн мэддэг, гадарладаг салбартаа олон түмнийхээ дуу хоолой болж ажилласан болохоор шийдэлд хүрэхийг зорьсон. Ялангуяа малчдын нийгмийн хамгаалалтай холбоотой багц хуулиудыг өргөн барьсан. Малчдын тэтгэврийн насыг ажилласан жил дээр нэмэх хууль маань батлагдсан. Ойн тухай хууль болон Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тодорхой санал санаачилга гаргасан бол Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичгийн ажлын хэсгийг ахалсан. Малчин айлын хүүхэд зургаан настай сургуульд ордог байсныг уян хатан болгож хуульчиллаа гэх мэтчилэн олон хууль дээр ажилласан байна. Ер нь хүнээ хөгжүүлж чадсан улс хөгждөг. Тиймээс мал гэхээсээ илүү хүндээ анхаарсан хуулиудыг батлуулж чадсан. Зарим нь ирэх парламентын үед батлагдахаар байна.