Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа болов
УИХ-аар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль” батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Төрийн ордонд боллоо.
Уг арга хэмжээг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран зохион байгуулсан юм. Тус арга хэмжээний эхэнд УИХ- ын дарга З.Энхболд “Монгол Улсад хуучин системийн үед эмнэлгийг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо нь зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарсан тогтолцоонд шилжсэн. Өнөөгийн улсын гэх тодотголтой эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд үр ашиггүй байдал давамгайлж байгаа. Энэ тухай бид олон жил ярьсан.
Эрүүл мэндийн байгууллагын төсвийн зардал нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд биш барилга байшин, халаалтад зарцуулагдаж ирсэн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахаас гадна өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээг хангах, эрүүл мэндийн улмаас иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах, чанартай тусламж эрэлхийлсэн иргэдийн гадагшаа урсгаж байгаа зардлыг эх орондоо үлдээх зэрэг эдийн засгийн олон талын ач холбогдолтой" гэж онцолж байв.
Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэяийн удирдлагыи бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгох, резидент эмчийг олон улсын жишгээр ажиллуулах зэрэг чухал асуудлуудыг тусгасан” хэмээв.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах, батлахад идэвх, зүтгэлтэй ажилласан хүмүүст Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарын шагнал, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа болов.
Мөн УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Батцогт, УИХ- ын гишүүн Ё.Отгонбаяр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан нарыг Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм. Түүнчлэн ажлын хэсэгт орж ажилласан байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Ж.Чимгээ болон Эрүүл мэнд, спортын яамны хэлтэс, газрын мэргэжилтэн, эмнэлгийн удирдлага, эмч, албан хаагчдад өргөмжлөл гардууллаа.