Улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаа
2025.06.20

Улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаа

Өнөөдрийн байдлаар (2025.06.20) улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8,648 тохиолдол батлагдав. Харамсалтай нь улаанбурхан өвчний улмаас долоон хүүхэд амь насаа алджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 691 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 37 хүн байгаа бол хоёр хүүхэд нэн хүнд байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)- өөс мэдээлсэн.
Улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж, мэдээлэл өгөв.

 "Өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт бүх аймагт бүртгэгдлээ. Энэ бол тайван байж болохгүй зүйл.Одоо сургууль цэцэрлэг амарсан учраас хүүхдүүдийн дунд өвчлөл цөөрнө гэж бодоод байх шиг байна.
Улаанбурханы халдвар тараах эрчим маш хүчтэй. Далд үе, нууц үе нь удаан байдаг учраас хүмүүс өөрсдийгөө эрүүл гэж бодоод явдаг. Гэтэл халдвар тархаж байдаг. Сурагчид зуны амралтаараа хөдөө орон нутаг руу явцгаана. Баян-Өлгий аймагт л гэхэд саяхныг хүртэл улаанбурханы тохиолдол бүртгэгдээгүй байсан. Гэвч хоёр тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байна. Нэг ёсондоо Монгол Улс даяар халдвар тархжээ. Халдваргүй аймаг нь ганцхан Баян-Өлгий байсан бол өнөөдөр хоёр тохиолдол гарчихсан гэсэн үг. Долдугаар сард баяр наадам болно, олон түмнээрээ уулзана, цуглана. Долдугаар сар гараад найр наадмын баярууд үргэлжилнэ. Олон түмнээрээ цуглана. Улмаар халдварын дэгдэлт дахиад эрчимжих эрсдэл үүсэх магадлалтай" гэлээ. Үргэлжлүүлэн "Улаанбурхан өвчний улмаас гол төлөв бага насны хүүхдүүд эндсэн байна. Бусад насны бүлэгтэй харьцуулахад таван настай хүүхдүүд вакцин хийлгэж чадаагүй байгаа учраас хүндэрч, амь насанд нь хүрээд байна шүү дээ. Нөгөө талаасаа бидэнд туршлага байгаа. 2015, 2016 онд өвчлөл маш их тархсан. Бид 130 гаруй хүүхдээ улаанбурханы улмаас алдсан. Тэр үеийг давсан сайн туршлага бол вакцин. Өөрөөр хэлбэл вакцинаас өөр хамгаалах зүйл байхгүй. Вакцинжуулалтаа хэрхэн яаж эрчимжүүлэх тал дээр Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж, вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай.


Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг "үгүй" гэж хэлж байгаа зарим эцэг, эхэд зориуд анхааруулмаар байна.

Эндэж байгаа хүүхдүүдийн амь насыг хариуцах уу, та нар. Харин ч өвчин тусахгүй, эрүүл саруул байж, бусдад халдвар тараахгүй, эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэхгүй байх боломж бол вакцин. Эрчимт эмчилгээ, байнгын эмчилгээ ямар их өртөг зардалтай дээрээс нь олон хүний хүч хөдөлмөр шингэнэ. Тийм учраас вакцины эсрэг шинжлэх ухааны үндэслэлгүй зүйлс ярихаа болио. Эмч хүний хувьд хэлье.

Энэ бол цоо шинэ вакцин биш. 2015, 2016 оны улаанбурханы өвчлөлийг даван туулахад вакцин л тус болсон. Бид 2014 онд "Улаанбурхангүй улс болсон" гээд ДЭМБ-аас сертификатад аваад байж байтал 2015 онд өвчлөл дэгдсэн. Ийм учраас вакцинжуулалтдаа л сайн хамрагдахгүй бол болохгүй".