Б.Жавхлан: “Орано”-гийн хөрөнгө оруулалтын төслийн 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна
2025.01.17

Б.Жавхлан: “Орано”-гийн хөрөнгө оруулалтын төслийн 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Орано Майнинг С.А.С  хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд өнөөдөр /2025.01.17/ гарын үсэг зурав. 

Гэрээний төслийг боловсруулахад Татвар, санхүүгийн чиглэлд дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажилласан.

Тэрбээр хэлэхдээ, “Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авна. 

Мөн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэх юм. Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тохиролцлоо.

Түүнээс гадна төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь нь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байх юм. Ураны уурхайг 2028 онд ашиглалтад оруулна.

Ураныг газрын дор уусгах аргаар олборлох бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгав.

Энэхүү гэрээг боловсруулахдаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг  баримтлан ажиллалаа” хэмээн онцлов.