“Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа
2025.01.10

“Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.01.10)-ийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Гэрээний төслийг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд уг асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг зохицуулагдаагүй байсан тул Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийг баталсныг дурдаад, уг хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаар урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн гэсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, О.Саранчулуун, Ж.Золжаргал, С.Ганбаатар, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг тогтворжуулах, тогтворжуулснаас хойш гарах таатай нөхцлийг эдлэх, эрх шилжүүлэх асуудлуудад анхааралтай хандаж, өөрт ашигтай хувилбараар шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн үнэлгээний зохих шаардлагуудыг төсөл хэрэгжүүлэгч болон туслан гүйцэтгэгч компаниудад ижил тавих, төслийг ач холбогдол, үр өгөөжийн талаар олон нийтэд зөвөөр ойлгуулан таниулах, өгөөж тооцох аргачлал, тооцоолол хянуур хандаж,алдаа гаргахгүй байх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлыг гэрээнд тодорхой тусгах, газар доор уусган олборлоход ашиглах элементийн хүхрээ үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, инновацийн хөтөлбөр хэрэгжүүлэх, аюултай, цацраг идэвхтэй хог хаягдлыг устгах, булшлах, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг нэн даруй эцэслэн батлах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 50 хувийг манай улсын өөрөө борлуулах боложмтой эсэх болон энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах асуудлыг дагалдуулан Монгол Улсын иргэд БНФУ-д визгүй зорчих талаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой эсэх асуудлуудыг хөндөж, Ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөхдөө төсөл хэрэгжих хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өртгөтгөж, 160 километр засмал болон сайжруулсан автозам татаж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулагдах бөгөөд нийтдээ 1600 гаруй хүн ажиллахын 17 нь гадаадын иргэн байна гэсэн юм. Мөн газар дор уусган баяжуулах технологийг дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 54-60 хувьд ашиглаж байгаа, олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй давхаргын усыг олборлолтоос өөр зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал амьтанд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн хүрээнд хийх бөгөөд нөлөө бүхий гэж үзвэл бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтууд гэрээний төсөлд тусаж байгааг танилцуулав.

Түүнчлэн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй авч үлдэж чадсан, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид 2.0 хувиар тооцож байгаа, аюултай хог хаягдлын менежментэд нийт 2.3 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөсөн зэргийг тодорхой дурдав.Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уг гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн тул “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо. Тогтоолд, Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсугай гэжээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар олон жил ужгирсан уг асуудлыг дэмжсэнд гишүүдэд баяр хүргэж, Улсын Их Хурлын болон Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.