2025.06.20
Н.Алтаншагай: 2000 он гараад Улаанбаатар хотод ирэхэд байсан нөхцөл байдал яг л хэвээрээ, өвөлдөө гэр хороолол лааны гэрэл шиг л байдаг
УИХ-ын /2025.06.20/-ы өдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай үг хэлж, ажлын хэсгээс дараах асуултыг асуулаа.
Нэгдүгээрт, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хооронд "Эрчим хүч-3" төсөлд томоохон зээл авах гэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээрээ Улаанбаатар хотод үр өгөөж нь ирэх үү?
Хоёрдугаарт, гэр хорооллын нөхцөл байдал маш хүнд байна. Эрчим хүчний уналттай, өргөтгөл шинэчлэл бага хийсэн. Ялангуяа Улаанбаатар хот тойрсон, тэлсэн энэ суурьшлын бүсийн гэр хорооллын эрчим хүчний уналт маш их байгаа. 2000 он гараад Улаанбаатар хотод ирэхэд байсан нөхцөл байдал яг л хэвээрээ. 25 жилийн дараа өвөлдөө лааны гэрэл шиг байгаа. Гэр хорооллын гэрэл. Плиткэн дээрээ, халуун тогоон дээрээ хоол унд хийж болдоггүй. Учир нь түүхийрчихдэг. Өнөөдөр байгаа бодит нөхцөл байдал энэ. Шинээр суурьшлын бүсэд үүссэн гэр хорооллын иргэд цахилгаан эрчим хүчээ авахдаа айлын шон дээрээс айлын тогны утсан дээрээс залгаж авч байгаа. Яг аалзны тор шиг. Үүн дээр тодорхой шийдлүүд гаргаж, нэг талд нь шийдэхгүй бол маш их эрсдэл үүсдэг. Үүнийг дагаад хүүхдүүд тогонд цохиулах ил задгай утас ихтэй болчихсон. Хашаа хооронд, гудам хооронд татчихсан шугам нь машин явсаар байгаад шалбарчихсан. Ийм эрсдэлтэй байдал үүсчихсэн байдаг. Үүн дээр дорвитойхон шинэчлэлт хийж яг том зээл авч байгаа, эрчим хүчний энэ реформ хийгдэж байгаа энэ үед бодит үр нөлөөлөл үзэж, гэр хорооллын маань иргэд энэ өвлийн хүйтэнд, зарим нь хувийн орон сууцуудаа цахилгаанаар халаадаг болсон байгаа. Эрчим хүчний дутагдалтай гээд өвөл гэр хороололд маш хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн өвөл гэр хороололд хязгаарлалтуудыг хийлээ шүү дээ. Үүнээс ангижирч чадах уу гэдгийг асууя.
Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа

Сэтгүүлч