2025.05.29
Д.Үүрийнтуяа: ОУ-ын хэлэлцээрт Дундговь аймгийн Чойрт орших мөн нэртэй дэд станц гэсэн харьяаллын том алдаа гаргажээ
УИХ-ын чуулганы 2025/05/29 өдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа асуулт асууж, үг хэллээ.
Энэхүү хэлэлцээрт 2025 оны 02сарын 05ны өдөр сангийн сайд гарын үсэг зурсан байна.
Нэгдүгээрт, гэрээний ерөнхий нөхцөл хаана байна вэ? Зээлийн хэлэлцээрийн 1дүгээр зүйлийн 1.1т энэхүү хэлэлцээрийн хавсралтад тодорхойлсон ерөнхий нөхцөл нь энэ хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг байна гэж заасан.Тэгэхдээ ерөнхий нөхцлийн өөрчлөлт нь байгаад байдаг. Ерөнхий нөхцөл нь хавсралтаараа байхгүй байна.
Хоёрдугаарт, зээлдэгч энэхүү хэлэлцээрийн дуусгавар болох огноо дээр гарын үсэг зурснаас хойш 20 жил. Тэгтэл үндсэн төлбөрийн эргэн төлөх хугацаа 2030 оноос хойш 25 жил. Санхүүжилт хаагдах хугацаа 2029 оны 12 сарын 31.Цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь ямар учиртай юм бэ?
Гуравдугаарт, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах юм байна. Эрчим хүчний яамны дэргэд байгуулах гэж байгаа юм байна. Эрчис Монгол гээд компани байгуулагдсан. Энэ нь эрчим хүчний бүх төслүүдийг хариуцаж байгаа компани гэж ойлгосон.Тусдаа нэгж байгуулагдаад явах уу? Эрчис Монголтой хэрхэн уялдах гэж байгаа вэ?
Чойрын дэд станц гэж зээлдэгчийн Дундговь аймгийн Чойрт орших мөн нэртэй дэд станц байна гэсэн байна. Чойр ямар Дундговь аймгийн харьяанд оччихов.
Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга Л.Гантогтох нар хариуллаа.