Эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй байна
Эдийн засаг бууралттай сайнгүй байгааг мэдээллээ. Ийм үед УИХ, Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.
Эдийн засгийн өсөлт, инфляци, ажлын байр, гадны хөрөнгө оруулалт, валютын ханшны хэлбэлзэл зэргээс эдийн засаг тогтворгүй байгааг албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй, инфляци 8.3-тай, шинээр 37 мянга гаруй ажлын байр бий болсон нь эдийн засаг сайн байгааг баталж байгаа ч гадны хөрөнгө оруулалт багасч, валютын хэлбэлзэл үүссэн нь хүндхэн нөхцөл байдалд хүргэж байна хэмээн засгийн газрын тэргүүн тайлбарлалаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй байх зохицуулалтын нефтийн компаниудтай тохиролцон бодлого боловсруулсан. Валютын ханшийн хэлбэлзлээс болж бензиний үнэ өөрчлөгдөхгүй” хэмээн хэллээ.
Харин УИХ-ын даргын зүгээс монгол улсын эдийн засгийн өсөлт 11 хувьтай явж байхад уналттай хэмээн ярьж байгаа нь цэвэр улс төржсөн хэрэг хэмээн дурьдаад зарим улсад эдийн засаг 0,1 хувьтай байгааг сайн гэж үздэгийг хэллээ.
Эдийн засгийн энэ нөхцөл байдал нь гадны хөрөнгө оруулалт хумигдсантай, экспортын бүтээгдэхүүн багассан нь нөлөөлсөн гэжээ. Тиймээс гадны хөрөнгө оруулалттай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээн зарим эх сурвалжууд үзэж байна.
УИХ-ын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Засгийн газар анхааралтай судалж үзвэл олон гаргалгаа хийх боломж бий. Мэдээж өнөөдөр арга хэмжээ аваад маргааш эдийн засаг сайжирна гэсэн ойлголт байхгүй” хэмээн хэллээ.