2013.08.15

Б.Гарамгайбаатар: Манайхан уул уурхайг хэт шүтсэний гай одоо гарч байна

-Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа бол чаддагт нь өгөх хэрэгтэй-

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын эдийн за­саг таагүй байна. Ямар шалт­гаанаас болоод манайд ийм хямрал нүүрлэчихэв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд та энэ асуудлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Монголын эдийн засаг сайн биш байгаа нь хэнд ч тодорхой байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон нь хамгийн ихээр нөлөөллөө. Мөн Засгийн газраас авч хэ­рэг­жүүлж байгаа ажил тэр бүр амжилттай биш байна. Ту­хайл­бал, Оюу толгой, Таван толгойн үйлдвэрлэл ямар ша­танд буй эсэх, төмөр замын бод­­лого хэрхэн хэрэгжиж бай­на вэ гэдгийг бодоод үз. Ба­рилгын материалын үйлдвэрүүд, Хөтөл, IV, V цахилгаан станцын ажлын явцыг харахад бүх зүйл нүднээ ил байна. Оюу толгойн далд уурхайн бү­­тээн байгуулалт уржигдар албан ёсоор зогслоо.

Энэ бү­хэн сайн үзүүлэлт биш. Гад­наас орж ирэх валютын гол эх үүсвэр хаагдаж байна. Оюу толгойн асууд­лаар хэлэл­цээ­рийн ши­рээнд суусан Засгийн газрын сайд нараас бүрдсэн аж­лын хэсэг муу ажилласныг энэ үйл явдал харууллаа.

Тэд Оюу толгойтой хамтарч ажил­­­­лах, гарцыг олох гэж байгуулагдсан болохоос биш хаал­­гах гээгүй биз дээ. Таван тол­­­­гой, V цахилгаан станцын газ­­рын маргаан өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тө­мөр замын далангийн ажил 30 гаруйхан хувьтай явж буй. Энэ бүхэн эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харуулахгүй байна.

-Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт 43 хувиар буурсан  үзүүлэлт гарсныг статистикийнхан баталсан. Гадаадын хөрөнгө оруу­лалтын 70 орчим хувь нь Оюу толгойн шууд хөрөнгө оруулалтаас орж ирдэг байсан. Тус компанийн далд уурхайн бүтээн байгуулалт зогсчихоор хөрөнгө оруу­лалт хумигдах нь ээ?

Оюу толгойн бүтээн байгуулалт зогсоход Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тэр чигээрээ хүндэрч буй нь бид нэг л зүйлээс хараат байдалд байгааг илтгэж байна.

-Монгол Улс уул уурхайг шүтэж амьдарсны гай өнөөдөр гарч байна. Энэ асуудал өмнөх Засгийн газар, УИХ-тай ч холбоотой. Анхнаасаа нэг талыг хэт шүтсэн бодлого хэрэгжүүлж эхэлсний уршиг гарч байна.

Оюу толгойн бүтээн байгуулалт зогсоход Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тэр чигээрээ хүндэрч буй нь бид нэг л зүйлээс хараат байдалд байгааг илтгэж байна. Үүнийг засч залруулах ажлыг яаралтай хийх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл сайжруулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас гадна бусад салбарыг хөгжүүлэлгүйгээр орхигдуулсан нь ийм байдалд хүргэлээ.

-Энэ байдлыг засахын тулд бид нэн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Бид хамгийн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай байдлыг хангасан хуулийг УИХ-аар яаралтай оруулах ёстой. Хөрөнгө оруулалтын тогтвортой хуулийг гаргаж, олон нийт болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад зарлаж, уг хуулиа удаан хугацаагаар хэрэгжүүлнэ гэдгээ ч сайн тайлбарлах ёстой.

-Эдийн засгийн таагүй байдалтай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-УИХ-ын намрын чуул­ганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж, батлуулна. Үүний дараа Үнэт цаасны тухай хууль гарсантай холбогдуулан Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана. Бид компанийн сайн засаглал гэж ярьдаг ч манайд компанийн засаглал сонгодог утгаараа хэрэгждэггүй. Энэ байдал эдийн засагт ч харагдаж байна. Учир нь, гадаад эх үүсвэр байхгүй болчихоор дотоодын аж ахуйн нэгжүүд төсөвт мөнгө хуримтлуулах чадамж бий болохгүй байна шүү дээ.

-Улсын төсвийн орлого эхний хагас жилийн байдлаар 400 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан байсан. Монголын эдийн засаг цаашид тогтворгүй байгаад байвал алдагдлыг хэрхэн нөхөх бол?

-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн, гэхдээ засч залруулах боломж бий. Үүний эхний гаргалгааг Засгийн газар гаргах ёстой. Гэтэл гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа доголдоод байна. Өөрөөр хэлбэл, тухайн холбогдох яам, Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах шинж чанараа алдчихаад байна. Засгийн газар дээр бүх асуудал нэг шугамд орж, ярьж тайлбарлаж, ажилладаг байх ёстой байдал алдагдчихсан.

Харин УИХ хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн төсөвт тодотгол хийх хэрэгтэй боллоо. Энэ хоёр шийдвэрийг УИХ-аас нэн түрүүнд гаргах нь юу юунаас илүү чухал байна.

-Энэ асуудалтай хол­богдуулан УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэсэн яриа байгаа. Чуулган хуралдуулах нь зөв үү?

-УИХ-ын ээлжит бус чуул­ганы талаар намууд, гишүүд ярьж эхэлсэн. Чуулган хурал­дуулах эсэхийг УИХ-ын даргын зөв­лөл шийд­дэг. Даргын зөв­лөл хурлаа зарлаагүй учраас чуулган хуралдах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дахин хуралдахаар болсон гэсэн. Би хувьдаа ээлжит бус чуулган зарлахад болохгүй зүйлгүй гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр үүнийг урьдчилан бэлтгэл ажлыг хангаж байж хийх ёстой. Түүнээс биш ээлжит бус чуулганыг маргааш хийхээр боллоо гэж зарлаад шууд хуралдаж болохгүй.

-Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монголын эдийн засаг оны сүүлээр сэргэнэ гэж яриад байгаа. Монголын эдийн засагт нүүрлээд байгаа энэ таагүй байдлаас гарах гарц нь юу юм бол?
Бид нүүрсийг олон улсын зах зээлд худалдана гэж байгаа ч хэрхэн гаргах нь тодорхойгүй байх жишээтэй.

-Монголын эдийн засгийн нөхцөл байдал шалдаа буусан гэдэгтээ би санал нийлэхгүй. Бидэнд боломж бий. Тусгаар тогтносон улс учир энэ хүндрэлийг даван туулах чадамж байж таарна. Ингэхийн тулд ярьж төлөвлөөд байсан ажлаа хийхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэм­­жих хэрэгтэй. Хөнгөн үйлд­вэр, ноос, ноолуур, хө­дөө аж ахуйн экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хур­дан хугацаанд ашиглалтад оруу­лах ёстой. Манайд энэ чиглэлийн үйлдвэр байхгүй болчихоод байна. Бид нүүрсийг олон улсын зах зээлд худалдана гэж байгаа ч хэрхэн гаргах нь тодорхойгүй байх жишээтэй.

Нөгөөтэйгүүр төсөв тасарсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт өгч эхэлсэн байна. Тэр дарамтуудыг чөлөөлөх ёстой. Хүмүүс чөлөөтэй ажиллаж байж эх үүсвэр бүрдүүлэхээс биш ажлыг нь хааж, татвар нууж байна гэх мэтээр дарамтлаад байвал ажил урагшлахгүй.

Гадаадынхныг хэт их ярихгүйгээр ажиллах боломж бидэнд байгаа ч аж ахуйн нэгжүүдээ босгоод ирэх нөхцөл боломжийг өөрсдөө л хаагаад байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, аж ахуйн нэгжүүдэд ажил өгөөд байгаа мэт боловч гар дээр нь тавьсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, бичиг цаасны ажил нь цэгцрэхгүй байна. Уг нь энэ асуудал тухайн мэргэжлийн яамдын хийх ажил. Аж ахуйн нэгжүүд ажил хийж, эх үүсвэр авмаар байгаа ч яам, тамгын газарт очоод гацдаг. Энэ нь салбарын яамдын ажил муу байгааг илтгэж байгаа. 

-Валютын ханшийг тогтворжуулахын тулд бид ямар ажил хийх ёстой вэ. Монголбанкнаас ойр ойрхон зах зээлд валют нийлүүлэх нь эргээд Монгол Улсыг валютын нөөцийн хомсдолд оруулах юм биш байгаа.

Монголбанк ханш тогтворжуулж байна гээд байс­хийгээд интервенц хийх нь аюултай

-Ханш зах зээлийнхээ жамаар л хэлбэлзэнэ. Ха­рин Монголбанк ханш тогтворжуулж байна гээд байс­хийгээд интервенц хийх нь аюултай. Учир нь, үүнийг нөхөх эх үүсвэр байхгүй. Удаан хугацаанд ийм байдлаар явж болохгүй.

Тэгвэл валютын нөөц хомсдоно. Тиймээс Засгийн газар хурдан хугацаанд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байна. Оюу толгой, Таван толгойн асуудлаа нэг талдаа гаргаж, Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, нийтэд цацах хэрэгтэй. Ингэхгүй бол бидэнд нөхцөл боломж улам л хомс болох нь.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил боллоо. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх засаглалын хийсэн ажилд та үнэлгээ өгвөл?

-Дунд зэрэг. Хийсэн ажлуудаас хамгийн дээд тал нь 30 гаруй хувьтай байна. Харин ч сайнаар төсөөлж хэлээд дунд зэрэг гэж байгаа юм. Бондын зарцуулалт ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй. “Чингис” бондыг цаг үеэ олж оруулж ирсэн нь зөв. Хэрэв оруулж ирээгүй бол үүнээс ч хүнд байдалд орох байсан.

Гэхдээ хүнд байдалд байлгахгүйн тулд Засгийн газар ажлаа хийх ёстой байв. Энэ ажлыг хийх гэж тэд сайд болсон биз дээ. Үүнд УИХ-ын буруу байхгүй. УИХ хууль тогтоомж, шийдвэрээ гаргаад өгсөн. Харин Засгийн газарт үүнийг хийж чадна, энэ салбарыг толгойлж, ард иргэд, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллана гээд сайд болсон хүмүүс нь байгаа биз дээ. Тэдний аппаратын ажиллагаанаас болоод нөхцөл байдал ийм боллоо.

-Ерөнхийлөгчийн сон­гууль болон зарим улс тө­рийн хүчний таагүй байд­лаас болж Засгийн газрыг хянах УИХ-ын хяналт ал­дагд­сан нь өнөөдрийн нөх­цөл байдалд хүргэлээ гэх нэгэн ч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сонгууль болоход улс төрийн амьдралд тодорхой хэмжээгээр саатал гардаг. Бусад оронд тийм биш байж магадгүй. Харин манайд Засгийн газрын бүрэлдэхүүнд улстөрчид их ордог балгийг дагуулж байгаа юм. Улс төрийн нөлөөлөл Засгийн газарт бага байдаг бол ажил явдаг зарчмаараа л явна. УИХ-аас гарсан хууль тогтоомж, шийдвэр, төлөвлөсөн төсвийг тэд захирч ажил хийх ёстой. Энэ зарчим хэрэгжихгүй байгаа нь Засгийн газрын бүтэц буруу байгааг харуулж буй юм.

-Бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ком­па­ниуд ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад өг гэж Ерөнхий сайд хэлдэг. Харин таны ярианаас Засгийн газар өөрөө ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэж болох нь ээ?

-Засгийн газар болон харьяа яамд өөрсдөө ажлаа хийж чадахгүйгээ бусдад тохож байгаа зүйл. Харин ч эсрэгээрээ Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөх ёстой. Аж ахуйн нэгжүүдийг буруутгах үндэс байхгүй. Тэд бүтээн байгуулалтын ажил хийж буй компаниуд. Ажил хийх нөхцөлийг нь хангаж өгч чадахгүй бол түүнийг хариуцаж буй Засгийн газар огцрох хэрэгтэй. Гэтэл Засгийн газар гүйцэтгэгч компаниудыг буруутгадаг. Ийм байж болохгүй л дээ.