Д.Тэрбишдагва: Миний хамаатнаас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн байвал огцроход бэлэн байна
УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва
2013.07.30

Д.Тэрбишдагва: Миний хамаатнаас төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн байвал огцроход бэлэн байна

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Тухайлбал, ам.долларын үнийн өсөлт  болоод “Чингис” бондын өр ширэнд иргэдийн санаа их зовж байна. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Засгийн газрын Шадар сайдын хувьд өөрийн чинь асуусан эдийн засгийн нөхцөл байдлын талаар маш их санаа зовниж байна. Ам.долларын ханш тогтворгүй байх асуудал бол туйлын болгоомжтой хандах асуудал. Өнгөрсөн онтой харьцуулахад инфляци хэвийн байлаа.

Инфляцид нөлөөлдөг гол хүчин зүйл нь бензин шатахуун, гурил будаа, махны үнэ байдаг. Энэ талаар Засгийн газраас явуулсан гол арга хэмжээ бол мах болон бензиний үнийг тогтворжуулсан явдал юм. Энэ ажил нь инфляцийг тогтвортой байлгахад гол нөлөө үзүүлсэн гэж боддог. “Чингис” бондын хөрөнгийг босгосноос хойш нэлээд удчихлаа.

“Чингис” бондын мөнгийг хуваарилах асуудлаар Засгийн газрын тогтоол гараад тодорхой салбаруудад бүтээн байгуулалтын ажил хийж эхэлсэн боловч харамсалтай нь энэ үйл ажиллагаа удаан байгааг би шулуухан л хэлчихье. Мэдээж нэг кабинетад байгаа Шадар сайд нь Засгийн газраа шүүмжлэх нь зохимжгүй ч гэлээ салбар хариуцсан хүмүүсийг шахаж шаардаж ажиллуулах нь миний үүрэг.

Тиймээс “Чингис” бондын хөрөнгөөр ажил эхлүүлчихээд дорвитой зүйл хийхгүй байгаа хүмүүст ажил эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч байгаа. Бүтээн байгуулалт хариуцсан яамдууд болон  Монголбанк, Хөгжлийн банк, Эдийн засаг, хөгжлийн  яамтай тууштай хамтран ажиллаж үр дүн гаргах хэрэгтэй байна.

-Ам.долларын ханш өссөн нь “Хадгаламж” банкыг Төрийн банктай нэгтгэсэнтэй холбоотой гэж зарим судлаачид, эдийн засагчид тайлбарлаж байна?

-Ам.долларын ханш өсөхөд шалтгаалах олон хүчин зүйлүүд бий. Ер нь аль нэг банк хөдөлгөөнд орно гэдэг бол заавал улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр хийсвэрээр болон бодитойгоор нөлөөлдөг тал бий. “Хадгаламж” бол хувийн банк.

Хувийн банкыг ажиллуулах уу, нэгтгэх үү гэдэг нь Монголбанкны мэдэх хэрэг. Монголбанк “Хадгаламж” банкыг Төрийн банктай нэгтгэхийг зөв гэж үзэж цаашид хүндэрч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарласан.

-Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг салбарт нь зориулаад өгч байхад бүтээн байгуулалтын ажил удаашралтай явж байна. Хөрөнгө, мөнгөө зөв зохицуулж чадахгүй байна гэж та хэллээ. Одоо хүйтний улирал ирэх дөхөж байна. Энэ байдлаас харахад Засгийн газрын ажил саармагжаад, эрч нь сулраад байх шиг ээ?

-Зөв зүйтэй санал шүүмжлэлийг хүлээн авч, явуулж байгаа бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь Засгийн газар болоод улстөрчдийн үүрэг л дээ. Татвар төлөгчдийн мөнгө болоод “Чингис” бондоор олон ажил хийхээр төлөвлөсөн. Гэтэл хугацаандаа хийж чадахгүй байгаа нь аль аль талын л хариуцлагагүй байдал.

Засгийн газрын гишүүд наймдугаар сарын 1-нээс ажилдаа ороод жигдэрчих байх. Ерөнхий сайдыг ажилдаа орохоор энэ талаар нухацтай ярилцаж, бүтээн байгуулалтын ажлыг яаж үр дүнд хүргэх,түргэтгэх  хөрөнгө мөнгийг юунд зарцуулах асуудлаа дахин тодорхой ярих хэрэгтэй л гэж бодож байна.

-Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлын хажуугаар ирэх намраас улс төр бужигнаж магадгүй гэдэг яриа байна. Тухайлбал, Н.Алтанхуяг сайдыг огцруулах асуудал яригдаж магадгүй. Үүн дээр МАХН Засгийн газраас гарна гэдэг “Боекот“ хийж магадгүй  гэсэн яриа байна л даа?

-Хардах нь сэтгүүлчдийн эрх. Миний бодлоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа шиг айхавтар хөдөлгөөнд оруулах зүйл гарахгүй гэж бодож байна. Улстөрчдийг хооронд нь хагаралдуулах ажиллагаа байнга л явагдаж байдаг.

Ингэж амьдардаг улстөрчид сүүлийн 20 жилд бий болчихсон юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрд аль болох өөрийн бүлэг, фракцийг тодруулж гаргаж ирэх, хүчтэй байлгах үүднээс заавал нэг бусармаг үйл ажиллагааг явуулдаг хэсэг бүлэг хүмүүсээс гадна байнгын гомдогсод байна.

УИХ-д  нэр дэвшээд ард түмнээсээ дэмжлэг авч чадаагүй, албан тушаалаасаа буусан, ажил хийж чаддаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хэрнээ мөнхийн бусниулагчид байдаг л даа. Улс төрд ийм зүйл байнга л явагддаг учраас ач холбогдол өгөх хэрэггүй.

-“Жаст” групп гадаадын “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар авсан нь улсад сөрөг нөлөөтэй зүйл болсон гэж ярьж байна. Та холбогдох хүмүүстэй нь уулзсан уу?

-Энэ бол Монголбанкны үүрэг. Тиймээс Монголбанк тодорхой санал, мэдээллийг Засгийн газарт өгөхөөс өмнө урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй.

-Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбатыг МАХН-аас гарч АН-д орно гэдэг яриа байна. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Үүнийг нэгдүгээрт, О.Чулуунбат сайдаас асуух хэрэгтэй байх. Хоёрдугаарт, О.Чулуунбат сайд бид хоёр энэ талаар ярилцахад “Тийм зүйл байхгүй”  гэсэн.

-Таныг туслахаа Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон гэдэг яриа оны өмнөөс эхлэн яригдсан. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч. Иргэн н.Цэндбаатар гэдэг хүн таныг АТГ-т хууль бус томилгоо хийсэн гэдгээр хандсан байна билээ?

-Иргэн н.Цэндбаатар гэж мөнхийн заргач, сэтгэл нь ханадаггүй эхнэртэйгээ нийлээд зарга хийгээд явдаг хүн шиг байгаа юм. Миний сонссоноор эхнэр нь өмгөөлөгч хүн гэсэн. Өмнө нь Амгаланбаяр даргыг онцгой байдлын дарга байх үед хэл ам таталж яваад ажлаасаа халагдаж,  заргалдаж явсан хүн юм билээ.

ОБЕГ-ын удирдлагатай  уулзаад том дарга болмоор байна гэсэн санал тавихад  нь ажлаасаа халагдсан, тэтгэврийн насандаа орчихсон учраас ажилд авах боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн. Надтай нэг удаа нүүр тулж уулзаж ярилцаж байгаагүй.  Үүний хариуд ямар л гүжир гүтгэлэг байна, түүнийгээ над руу шидэлж байгаа.

Улс төрд өөрийн бүлэг, фракцийг тодруулж гаргаж ирэх, хүчтэй байлгах үүднээс заавал нэг бусармаг үйл ажиллагааг явуулдаг хэсэг бүлэг хүмүүсээс гадна байнгын гомдогсод байна.

Миний зөвлөхөөр өмнө нь ажиллаж байсан Т.Дуламдорж УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвшсэн, хуульч мэргэжилтэй, төрийн анхан шатны байгууллагаас УИХ-ын Тамгын газар  хүртэл ажиллаж байсан  ажлын туршлагатай залуу хүн. Харин би Т.Дуламдорж даргыг онцгой нөхцөлд маш сайн ажиллаж байгаа гэж хэлэх байна.

Миний төрсөн ах олон жил цагдаагийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан хүн. Ах маань намайг Шадар сайд болохоос өмнө Нийслэлийн онцгой байдлын газрын нөөцийн албаны дарга байсан. Шударга үнэн байхын тулд би ахдаа хийж байгаа ажлаа өгсөн нь дээр гэж зөвлөсөн.

Харин ажлын туршлага, шударга үнэнч зан чанарыг нь үнэлж, тодорхой хугацаанд Т.Дуламдорж дарга өөрийн зөвлөхөөрөө ажиллуулж байгаа гэсэн. Ер нь миний хамаатан садан дотор өндөр боловсрол, ёс суртахуунтай, шударга үнэнч олон хүмүүс бий л дээ. Тэд миний хамаатан байснаараа хохирох ёстой гэж үү.

Миний хувьд ах дүүгээ хэлмэгдүүлж байгаа гэхэд хилсдэхгүй, тэглээ гээд тэд минь надад гомддоггүй. Д.Тэрбишдагвын хамаатнаас сайд, дарга, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн байвал би огцроход бэлэн. Өдий олон жил улс төрд зүтгэхдээ очсон газар бүртээ амжилт гаргаж байснаас биш унагаж байсан түүх байхгүй.