2025.05.21

О.Алтангэрэл: Хуулийн төсөлд 10-20 жилийн өмнө орлогоо нотолж чадаагүй хүний хөрөнгийг ч хураах боломжийг бүрдүүллээ

Өнөөдөр /2025,05,21/-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа.

Энэ хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах тайлбарыг өглөө.

Тэрээр, Монгол Улсын ЗГ-ын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн юм. Ингээд 1 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-д хүргүүлсэн. Энэ ганцхан хөрөнгө хураах хууль биш. Авлигын эсрэг багц хуулийн төсөл. Авлигын хуульд өөрчлөлт орох бусад хуулиудад тухайлбал, Цагдаагийн албаны тухай, ЭХХШТХ гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Тэгээд тов өгөөгүй хэлэлцүүлж чадалгүй, олон сарыг үдсэн. Өнгөрсөн даваа гарагт ЗГ, Их хурлаас хуулийн төслөө татаж аваад зохих өөрчлөлтүүдийг хийгээд, өнөөдрийн Засгийн хуралдаанаар оруулаад, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.

Хуулийн төслөөр нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нөхөн төлүүлэх, хурааж авах, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчлөөд, нэн тэргүүнд шалгах ёстой субъектүүдийг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн. 2002 оноос хойш, хуулийнхаа үйлчлэлийг хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдчихсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авчихсан мөртөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс бий. Ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч, хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, тэгэхдээ иргэний шүүхийн журмаар хураая, бүх процессуудаа хийе. Үүнийг иргэний журмаар хураая гэсэн ийм өөрчлөлт л оруулж байна.

Ер нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан зүйлүүд дээр ял шийтгэлийн асуудал ярих эрүүгийн хуулиуд боломжгүй  болчхоод байгаа. Ийм ч учраас олон жил хөрөнгө завшчихсан, хууль бусаар хөрөнгөжчихсөн хүмүүс санаа сэтгэл амар ингээд яваад ирсэн. Үүнийг л өөрчлөх гэж энэ хууль байгаа. 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж авсан хөрөнгө орлогыг заавал хураах тухай зохицуулалт орсон юм.Өнөөдөр үйлчилж байгаа энэ хууль тогтоомжооэгэхээр энэ хуулийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд, өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ. УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ гэсэн ийм бодолтой байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа