Ц.Даваасүрэн: Хөгжлийн банк байгуулснаар төсвөөс гадуур санхүүжих эх үүсвэр бий болсон
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар парламентад Бие даагч гишүүдийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа. Тэд даваа гараг бүр хуралдаж, УИХ-ын Байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэж байхаар болжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэж, энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудлын талаар ямар байр суурьтай байгаагаа мэдээлэв.
Бие даагчдын зөвлөлөөс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анхаарч ажиллана гэлээ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай дэд ажлын хэсгийн хуралд эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд зохистой үйлчилгээг авч чадаж байна уу, иргэдийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээ худалдаж авдаг Эрүүл мэндийн даатгалын газар иргэдээ төлөөлж чадаж байна уу гэсэн асуудлыг хөндөх аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх учир эл хуулийн цоорхойгоос болж хохирч буй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж дуугарахаар болжээ.
Тухайлбал, Компанийн тухай хуульд хяналтын хувьцаа буюу олонхи хувьцааг эзэмшиж байгаа нь цөөн тооны хувьцаа эзэмшдэг хүмүүст санал тавьж хувьцааг нь худалдаж авна. Худалдаж аваагүй тохиолдолд тэдний хувьцаа эзэмшигчийн саналын эрх шууд хүчин төгөлдөр бус болдог тухай зохицуулалт бий гэнэ.
Үүнийг ашиглаж одоогийн байдлаар 16 компани цөөн тооны хувьцаа эзэмшдэг хүмүүсийн хувьцааг хууль бусаар шилжүүлж авсан тохиолдол гарчээ. Тиймээс эл хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь чухал гэдэгт бие даагчид санал нэгдсэн байна.
Ингээд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн асуусан зарим асуултад ийн хариуллаа.
-Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2016 оны төсвийн төсөөллийн хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. Бие даагчдын зөвлөл үүнд ямар байр суурь баримталж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын хэмжээ төсвөөс зах зээлд үзүүлж буй санхүүжилт, мөнгөний нийлүүлэлтийг бууруулахгүй байх, эдийн засаг, бизнесийн салбараа идэвхтэй байлгах гэсэн чиглэл баримталж төсвийн хүрээний мэдэгдлийг батлуулах байр суурьтай байна.
Хэлэлцүүлгийн явцаас ажиглахад, улсын хөрөнгө оруулалтын хэмжээ үл ялиг буурсан хандлагатай байгаа. Үүнийг 2013 оныхтой харьцуулж аль болох бууруулахгүй батлуулах нь чухал.
-УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд "Чингис" бондын асуудлаар мэдээлэл өгсөн. Бондтой холбоотой асуудалд ямар дүгнэлт хийсэн бэ?
-Бие даагчдын зөвлөлөөс нэг хүнийг Бондын бодлогын зөвлөлд оруулсан. Төсвийн байнгын хорооны дарга гэдгээрээ би зөвлөлд багтаж ажиллаж байна. Бид бондын хөрөнгийг үр ашигтай төсөлд зарцуулах ёстой гэж үзэж байгаа.
Ер нь, энэ бонд Монгол орны санхүүгийн чадавхи, гадаад орнуудын манай улсын талаархи хандлага ямар байгааг илэрхийлсэн зүйл боллоо. 2000 оны эхэн үед 20 сая ам.доллар дэлхийн зах зээлээс босгох гэж их зовдог байсан.
Харин одоо бол Монгол Улс хоёр тэрбум ам.доллар дэлхийн зах зээлээс босгох нь асуудалгүй болсон байна. Энэ нь нэг талаараа сайн зүйл. Гэхдээ өр, зээл учраас өрийн удирдлагыг сайжруулах чиглэлд анхаарах ёстой. Бид эргээд хуучин тогтолцоо руугаа орчихсон.
1990-ээд оны үед өр зээлийн асуудлыг Худалдаа үйлдвэрлэлийн яаманд шилжүүлж алдаа гаргасан. Үүнээс болж өр зээлдээ тавих хяналт суларч, өрийн удирдлага нь суларсан. Гэтэл бид одоо энэ алдаагаа давтаж эхэллээ.
-Яаж давтаж байна гэж?
-Эдийн засгийн хөгжлийн яам зээлийн бодлогыг Сангийн яамнаас шилжүүлж авсан. Ингэснээр өрийн удирдлагыг сулруулж байна. Үүнд анхаарч, өрийн тооцоо судалгаатай байх, удирдлагын ялангуяа, урт болон дунд хугацаанд хянах чиглэл баталж ажиллах нь чухал гэсэн чиглэл өгсөн.
"Чингис" бонд гээд төсвөөс гадуур байгаа зүйлүүд Хөгжлийн банкаар дамжиж байгаа.
-Сөрөг хүчний зүгээс Монгол Улс гурван төсөвтэй боллоо гэж шүүмжилж байгаа. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?
-"Чингис" бонд гээд төсвөөс гадуур байгаа зүйлүүд Хөгжлийн банкаар дамжиж байгаа. Энэ банкийг МАН, АН хоёр хамтарч засаг барьж байхдаа байгуулсан. Гэтэл өнөөдөр МАН-ынхан огт өөр зүйл ярьж байгааг гайхаж бас инээд ч хүрэх шиг.
Бие даагчдын хувьд бодлогоо урт хугацаатай, нарийн тооцож гаргаж байх ёстой гэж үзэж байна. Тэгэхгүйгээр жилийн дараа эрх мэдэлгүй болонгуутаа "Энэ нь буруу байжээ" гэж ард түмнээ эргэлзүүлсэн, төөрөлдүүлсэн зүйл ярих нь утгагүй.
Хөгжлийн банкийг байгуулснаас болж төсвөөс гадуур санхүүжих эх үүсвэртэй болсон. Энэ нь сайн зүйл биш. Гэхдээ түр хугацаанд бусад улс орон хөгжлийнхөө эхэн үед хөгжлийн дэд бүтцээ санхүүжүүлэхэд чиглэсэн банк байгуулдаг жишигтэй.
Тийм учраас Японы, Солонгосын Хөгжлийн банкийг төсөөлж энэ банкийг байгуулсан юм шүү дээ. Харин байгуулсныхаа дараа үйл ажиллагааг нь зөв болгохын төлөө биш, үр дүнгээ үзээгүй байж буруутгадаг нь буруу.