Н.Алтаншагай: Хөгжлийн банкийг улс төрийн нөлөөллөөс хол байлгаж, ОУ-ын жишгийн дагуу засаглалын менежмент дээр тулж ажиллах шаардлагатай
Монголбанкны хяналт дор үйл ажиллагаа нь явдаг Хөгжлийн банкийг тойрсон дуулиан өнөөдрийг чимээлсээр... Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг ч зээлийн үйлчилгээ үзүүлээгүй байна.
Хөгжлийн банкны өнөөгийн байдал
Монгол Улсын хөгжлийн банк 2011 оны тавдугаар сарын 12-нд үүсгэн байгуулагдаж 14 жилийн ойтойгоо нүүр тулж буй. Гэвч энэ хугацаанд оносон нь бага тогмтол алдагдалтай явсаар иржээ. Учир нь өнгөрсөн хугацаанд барилга, өндөгний үйлдвэр, үнээний фирм зэрэг төслүүдэд 33 томоохон зээл гаргасны 30 нь алдагдалтай, найдваргүй зээлийн ангилалд шилжиж, 140 гаруй ажилтных нь 47 нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байдаг. Үлдсэн 3 төсөл нь хүүгээ төлөөд явж байна.
Мөн өнөөдрийн байдлаар 144 ажилтан албан хаагчтай байгаагаас 32 нь хуульч, сэтгүүлч буюу сул орон тоотой үйл ажиллагаагаа эрхэлж байна. Сүүлийн 3 жил зээлийн үйл ажиллагаа явуулаагүй, алдагдсан боломжуудаа, алдагдсан хөрөнгөө буцаан авахаар хуулийн баг гарган ажиллуулж байна.
Өнгөрсөн 2023, 2024 онуудад дуулиан дагуулсан асуудал үүсэх үеэр тухайн хэрэгтэй холбоотой 80 хүн шүүхийн шийдвэрээр шалгагдсаны 47 нь тус банкны албан хаагч, удирдах бүрэлдэхүүнд байсан хүмүүс байв. Өөрөөр хэлбэл 58 хувь нь хулгайд оролцсон гэсэн үг.
Мөн 2012-2016 онд Чингис Самурай бонд үүсгээд Хөгжлийн банк зам талбай, гудамж байгуулах төсөлд ажлуудад санхүүжилт олгосон ч эргэн төлөлт байхгүй, хүүгийн алдагдалтай байгаа юм.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Улс төрийн оролцоотой томилгоо, шийдвэрүүдээ болиочээ. Иргэнд, хөгжилд ямар ч ээл алга. Өндөг, үнээний фирмд зээл өгчихсөн. Мега төслүүд рүү орох байсан хөрөнгө оруулалтыг хувийн харилцаагаар хувийн компанид зээлдүүлсэн байна. Энэ нь улс төрчдийн гар үүн дотор маш их бэхэжсэн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл санхүүгийн схем, луйвар хийгдсэн бодит үр дүн байна. Энэ үнэхээр олон улсын банкны системээрээ явж чадахгүй бол ийм банк байгаад ямар ч хэрэггүй" хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилнэ
Хөгжлийн банкны зүгээс эдийн засгийн үр ашиггүй төсөл, хөтөлбөр, арилжааны банкуудаас олгосон чанаргүй зээлийг дахин санхүүжүүлсэн нь банкны санхүүгийн үзүүлэлтүүд хүндрэх нөхцөлийг үүсгэсэн хэмээн үзжээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг анх 2011 онд баталсан бөгөөд 2017 онд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн шинэчилсэн хувилбар бий болсон. Үүний 5.1 дэх заалтаар "Тэргүүлэх салбар"-т багтах төсөл, хөтөлбөрийг хамруулан санхүүжүүлэх эрхийг банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад өгсөн байдаг.
Үүнийг өөрчилж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ.
Арилжааны банк ашгийн төлөө явдаг бол Хөгжлийн банканд мөнгөн ашиг эдийн засгийн үр нөлөө нь илүү учир энэ чиглэлээр хуульдаа өөрчлөлт оруулж байгаагаа хуулийн төслийн ажлын хэсгээс мэдэгдсэн.
Төсөл болгоныхоо зорилго, зорилтод нийцсэн санхүүгийн цогц бүтээгдэхүүн, санхүүгийн арга хэрэгслийг ашиглах ба төслийг 100 хувь хүртэл санхүүжүүлэхгүй 85 хувийг санхүүжүүлж, төсөл санаачлагчийг хариуцлагатай байлгах үүднээс 15 хүртэл хувийг нь өөрөөр нь гаргуулахаар тусгажээ. Санхүүжилтийн шийдвэр гаргалтыг ТУЗ дээр хийлгүй, дүрэм журамдаа нийцүүлээд өөрсдөө гаргахаар зохицуулжээ.
Монголбанкны хамар доор нь ийм том цоорхой үүсээд өнөөдрийг хүрчихсэн байгаад шүүмжлэлтэй хандаж "Ийм банкийг төр хариуцаж, өөр дээрээ ачаа үүрч, санхүүгийн буруу схем рүү явах шаардлагагүй" хэмээн Н.Алтаншагай гишүүн нэмж тодотголоо. Уг хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд, ажлын хэсгүүд маш нягт, чамбай хандахгүй бол магадгүй 10-20 жилийн дараа дахин ингээд сууж байх эрсдэлтэйг анхааруулж байна. Тэрбээр "ОУ-ын жишиг рүү засаглалын менежмент дээрээ түлхүү анхаараад, улс төрийн нөлөөллөөс хол байлгаач ээ" гэдгийг дахин санууллаа.

Сэтгүүлч