Монголын засгийн газар дэлхийн зах зээлд бонд гаргалаа
Одоогоос таван сарын өмнө Хөгжлийн банк байгуулагдаж байв. Тэгвэл тус банк 600 сая ам.долларын дунд хугацааны Евро бондын хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, "Deutsche" банк, HSBS банктай хамтран хэрэгжүүлж эхэлснээ өнгөрсөн баасан гаригт олон улсад зарлалаа. Олон улсын зах зээлд ийм хэмжээний бонд гаргаж байсан туршлага манай улсад байхгүй юм. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд чухал үйл явдал болж байна. Монгол Улс бол найдвартай түнш болж байгаагийн илэрхийлэл хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд бидний хүсэн хүлээсэн их бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад энэ хөтөлбөр жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Хөгжлийн банкны гаргаж буй энэхүү бонд нь Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд гаргаж буй үнэт цаасны анхны арилжаа юм байна. Хэдийгээр олон улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл , байдал тааламжгүй үе таарсан ч Монгол Улсын Хөгжлийн банк маш сайн нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө эхлүүлж, эхний ээлжийн бондоо ижил төстэй зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж чадсан нь онцлог юм гэдгийг тус банкныхан дурдаж байв. Бондын жилийн хүү нь долоо орчим хувь байх аж. Хөгжлийн банкны хэрэгжүүлж эхэлж байгаа дунд хугацааны Евро бондын энэхүү хөтөлбөр нь "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого", " Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор", "Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр"-үүдийг санхүүжүүлэх гарааны мөнгө болох юм байна. Эхний удаа 20 сая ам.долларын бонд гаргажээ. Бондыг энэ сард болон 2012 онд хэд хэдэн үе шаттайгаар, Сингапурын хөрөнгийн биржээр арилжаалахаар төлөвлөсөн байна.
Олон улсын ING хөрөнгө оруулалтын банк нь Нидерланд улсад төвтэй бөгөөд сүүлийн гурван жилийн турш Монголд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол Германы "Deutsche" банк нь 141 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын банк юм байна. Дал гаруй улсад хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг ажээ. Лондонд төвтэй HSBC банк нь дэлхийн 80 гаруй улсад салбартай олон улсын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч банк юм.