УИХ намрын чуулганыхаа төгсгөлд Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан билээ. Улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн томоохон төслүүдийг уг банкнаас санхүүжүүлэх учиртай. Хөгжлийн банк байгуулснаар төр
УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Хөгжлийн банкны тухай хуулийн төслийнЭдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Түүнтэй шинээр байгуулахаар болсон банкны талаар ярилцлаа.
-Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж төрийн мэдлийн банк байгуулахаар боллоо. Гэхдээ Хөгжлийн банк чухам яаж, ямар замаар хөгжилд хөтлөх тухай тодорхой зүйл нь юу байна вэ?
-Солонгос, Япон, Малайз болон Герман зэрэг орнууд Хөгжлийн банк байгуулсан нь улс орных нь хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс Монгол Улс ч энэ туршлагыг судалж илүү дэвшилттэйгээр "Хөгжлийн банк" байгуулах эрх зүйн орчинг бүрдүүллээ. Энэ банк УИХ-аас баталсан улсын хөгжилд тэргүүлэх болон стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын төвшинд хийгдсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн тооцоог үндэслэн санхүүжүүлэх юм. Тиймээс санхүүжилт нь хүлээгдэж байгаа Төмөр замын сүлжээ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар хоттой холбогдсон "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр" зэрэг хөтөлбөрүүд энэ оны хоёрдугаар хагаст багтаж хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож байна. Хөгжлийн банкаар нэгд, экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үндэсний том үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, бусад бодлогоор дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, улс орны хөгжилд чухал шаардлагатай дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, тухайлбал дээр дурьдсан төсөл, хөтөлбөрөөс гадна цахилгаан станц, мөн олон улсын болоод улсын чанартай авто зам, нийслэлийн зам, гүүрний томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм. Бас нэг зарчим нь энэ банк арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй, үйл ажиллагаа нь давхардахгүй, харин хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.
-Өнгөрсөн хугацаанд ийм төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлж болоод байсан. Тиймээс заавал Хөгжлийн банк байгуулахшаардлага бий гэж үү?
-Олон шалтгаан бий. Энэ оны төсвийг УИХ 9.9 хувийн алдагдалтай баталсан. Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай ч төсөв, санхүүгийн үзүүлэлт нь тааруу байдаг. Мөн улсын төсвийн зарлага нь ДНБ-ний 52.1 хувьд хүрсэн. Энэ бол эдийн засаг дэх төрийн оролцоо огцом нэмэгдэж байгааг харуулж байна. Эдгээр харилцааг зохистой төвшинд хадгалах, зэрэгцүүлээд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх шаардлагаар Хөгжлийн банкийг байгуулж байна. Хөгжлийн банканд Засгийн газар зээлийн баталгаа гаргаж энэ банк дотоодын болон олон улсын санхүү болон хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах, худалдан авах, зээл авах, бусад санхүүгийн хэрэгслээр санхүүжилт босгоно. Мөн сүүлийн үед манай улсын төсөв, эдийн засаг ашигт малтмалын салбараас хэт их хамааралтай болж ирлээ. Иймээс энэ салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг энэ банкаар дамжуулан санхүүжүүлж стратегийн болон тэргүүлэх салбарынхаа хөгжлийг хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх юм. Ингэснээр манай төсөв, санхүүгийн үзүүлэлт зохистой байж, хувийн хэвшилд суурилсан эдийн засаг хөгжих, Maнай эдийн засаг баялгийн халалтад нэрвэгдэхгүй байх боломж бүрдэнэ. Нөгөө талаас өнөөгийн байдлаар манай төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн хангалтгүй байгаа. Энэ тохиолдолд их хэмжээний санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжих эсэх, хэрэгжилтийн үр дүн, эрсдэл энэ бүхнийг төрийн түшээдийн олонхын саналаар биш банкаар шүүлгэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Энэ шалгуур, шүүлтүүр бүхнийг хөгжлийн банк, энэ банкны сайн мэргэ-жилтнүүд хийх болно. Гол нь өнөөгийн арилжааны банкнуудын өгч чаддаггүй, нөхцөл сайтай том зээлийг энэ банк олгоно.Түүнчлэн манай улсын эдийн засаг хурдацтай өсөх нь ойлгомжтой болж байна. Энэ өсөлтийг бий болгох, хүлээн авахад шаардагдах чанартай дэд бүтцийг бий болгох нь тулгамдсан асуудлын нэг. Эдгээр асуудалд Хөгжлийн банк хариулт өгөх ёстой. Ингэж чадвал Хөгжлийн банк Монголын хөгжлийн гол хурдасгуур болох учиртай.
-Энэ банкийг ямар эхүүсвэрээр санхүүжүүлж, байгуулах бол?
Энэ банкны хувь нийлүүлэгч нь 100 хувь Засгийн газар байна. Хөрөнгө,орлогын эх үүсвэрийн тодорхой хэсгийг улсын төсвөөс хуваарилна. Мөн төсвийн тогтвортой байдлын хуулиар баталсан "тогтворжуулалтын сан"-гийн ДНБ-ний 10 хувиас давсан хэсгийг энэ банканд төвлөрүүлнэ. Нөгөө талаас энэ банкнаас УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиолдолд Засгийн газар баталгаа гаргах юм. Баялаг ихтэй орны Засгийн газрын баталгаа нь Хөгжлийн банкны хамгийн том орлогын үүсвэр болох юм. Тодруулбал төмөр замын сүлжээ, шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг хөтөлбөрүүдийн санхүүжилтэд гэхэд 10-20 тэрбум доллар шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар энэ бүхэн Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 50 орчим сая долларт хүргэх бүрэн боломж бий. Тодруулбал, одоо ашиглаж байгаа төрийн оролцоотой стратегийн ордуудын активын тодорхой хэсгийг ашиглах. Энэ талаар Хүний хөгжил сангийн тухай хуулийн холбогдох заалтыг Засгийн газар яаралтай хугацаанд хэрэгжүүлэхэд л энэ боломж бүрдэнэ.Тэгвэл хуульд зааснаар Хөгжлийн банкны зээлийн баталгаа гаргах дээд хэмжээ нь өөрийн хөрөнгөөс 50 дахин илүү байж болох учраас 2.5 тэрбум долларын баталгаа гаргах боломжтой гэсэн үг.
-Төр банк байгууллаа гээд эргээд үйл ажиллагаанд нь оролцохгүй гэсэн баталгаа байна уу. Харин ч эргээд энэ нь төрөөс хараат, хариуцлагатай бус болбол яах вэ. Энэ бүхнийг яаж зохицуулж өгсөн бол?
-Аливаа байгууллагын хараат бус байдал нь улс төр, төр засгаас хараат бус, ил тод байх нөхцөлийг хуулиар зохицуулахаас шалтгаалдаг. Энэ банкийг байгуулахдаа бие даасан хууль баталж байгаа нь ч үүнтэй холбоотой. Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний гурав нь хараат бус байна. Бүр тодруулбал, МҮХАҮТ, Монголын банкны холбоо, Монгол банкнаас байна. Ер нь хамгийн сайн хяналт бол тухайн харил-цаанд оролцогчдын тэгш оролцоог хуулиар хангаж өгөх явдал.
Энэ үүднээс Монголын мөнгөний зах зээлийн үйл ажиллагаанд оролцогчид. тодруулбал хувийн хэвшил, арилжааны банкнууд, Монгол банк зэрэг байгууллагуудын төлөөллийг энэ банкны ТУЗ-д оруулсан. Хоёрдугаарт,УИХ-аар энэ банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлах, мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн Үндэсний аудитын газрын аудитын тайлан, санал дүгнэлтийг УИХ-д жил бүр танилцуулж байхаар хуульчиллаа.УИХ-аар хэлэлцэнэ гэдэг нь олон нийтээр хянуулж байна гэсэн үг. Мөн Хөгжлийн банкны удирдлага тайлангийнхаа үнэн зөвийг өөрөө хариуцах, тайлангаа олон нийтэд нээлттэй байх үүргийг хүлээж байгаа. Хариуцлага алдсан албан тушаалтантай тооцох хариуцлага ч оновчтой болсон.
-Таны бодлоор ямар нэг эрсдэл байна уу. Ялангуяа яаж хянах вэ гэдэг нь тодорхой биш харагдах юм?
-Огт эрсдэлгүй санхүүжилт,зээл ховор.Хөгжлийн банк зураг, төсөл, техник эдийн засгийн үндэслэл нь олон улсын төвшинд хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр хуульчлагдсан. Энэ бол эрсдэлийг бууруулах нэг зохицуулалт. Нөгөө талаас хөгжлийн банкнаас санхүүжүүлэх Засгийн газраас баталгаа гаргасан төслийн зээлийг даатгалд хамруулахаар хуулийн зохицуулалттай болсон. Энэ нь зээлийн өртгийг бага зэрэг өсгөх боловч, нөгөө талаас эрсдэлийг багасгах түлхүүр нь» юм. Энэ саналыг З.Энхболд гишүүн гаргасан. Мөн манай улсын санхүү, мөнгө, зах зээл, үнэт цаасны зах зээлтэй холбоотой хяналт нь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд байх ёстой гэж хуулиар зохицуулсан. Ийм боломж нь хэвээрээ хадгалагдсан. Эдгээр хяналтыг хэрэгжүүлэхдээ хараат бус ТУЗ-ын гишүүдээс гадна Хөгжлийн банк жил бүр бизнес төлөвлөгөөгөө батлахдаа Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авдаг байхаар хуульчлагдсан.
-Хөгжлийн банкийг хэн удирдах вэ гэдэг хамгийн сонирхолтой асуудал. Банкны удирдлагын талаар хуульд ямар зохицуулалт бий вэ?
-Энэ асуудал хэлэлцүүлгийн явцад нэлээд их яригдсан. Хоёр үндсэн санал гарсан. Одоо Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хоёр хамтран Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг сонгох тендер зарласан байгаа. Гэхдээ үүнийгээ зогсоосон гэсэн.
-Яагаад?
Нэгдүгээрт, Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг, аливаа орны төрийн өмчийн банкны менежментийн багт өгөх нь тийм сайн зүйл биш.Энэ банкны удирдлагад аль болохоор дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хувийн хэвшлийн салбарт ажилладаг шалгарсан менежерүүдийг эхний жилүүдэд ажиллуулах нь зүйтэй юм. Дэлхийн хэмжээний санхүүжилтийн банк, хөрөнгө оруулалтын сан тэр сангийн удирдлага хэн гэгч байна вэ гэдгээс хамаарч ямар ашигтай байх нь тодорхойлогддог бичигдээгүй хууль ч бий. Нөгөө талаас гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй.
Хувь нь Монгол Улсын иргэд байна гэж хуульчиллаа. Өнгөрсөн 20 жилд манай залуус хөгжилтэй орнуудад өндөр боловсрол эзэмшин олон орны банк, санхүү, үнэт цаасны салбарт ажиллаж байна. Эдгээр залуусаа энэ банкандаа ажиллуулахыг ажлын хэсэг хүссэн юм. Монголын хамгийн үнэтэй баялаг нь Монгол хүн. Иймээс аль ч салбарт үндэсний боловсон хүчнээ бэлтгэх, ажиллуулах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд төр,засаг илүү анхаарч, бодитой ажиллах шаардлагатай байна. Жишээ нь Сингапур улс анх Улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх агентлаг гэж байгуулаад тэр нь яваандаа Тимасек хөрөнгө оруулалтын сан болон Хөгжлийн корпораци болж хөгжсөн. Тимасек хөрөнгө оруулалтын сан өнөөдөр олон улсад цэр хүндтэй байгууллага болсон. Тэр үедээ Сингапурын төр засаг барууны оронд тухайлбал Англид бэлтгэгдсэн иргэдээсээ эдгээр байгууллагынхаа гүйцэтгэх удирдлагыг томилж байсан байдаг. Энэ бол зөв бодлого.