Атомгүй үндэстэн амьтнаас өөрцгүй
Цөмийн энергигүйгээр хүн төрөлхтөн оршихгүй болжээ...
Атомын цахилгаан станцаас татгалзахын тулд дараах 6 асуултын хариуг мэд.
1. Цөмийн хор аюулыг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард түмэн бол Япон. Тэд Атомын цахилгаан станцаар тэргүүлэгч орны нэг. Цөмийн хор хөнөөлийг мэддэг мөртлөө яагаад татгалзахгүй байна?
2. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан Америк атомын цахилгаан станцын тоогоор тэргүүлж байна. Яагаад?
3. Хятад, Орос, Солонгос, Канад гээд олон орныг нэрлэж болно. Соци маягийн тогтолцоотой, ардчилсан, бүр улаан коммунист орон, либерал үзэлтэй европын орнууд бүгд л цөмийн станцтай. Яагаад Монголд болохгүй гэж?
4. Монгол яагаад үйлдвэрлэгч биш байна?
5. Физик, тэр дундаа цөмийн физикт нээлт хийсэн эрдэмтэн бүхэн Нобелийн шагнал хүртлээ. Яагаад тэд энэ шагналын эзэн болдог юм?
6. “Хортой” хэмээн бид айдаг “Шар нунтаг”-ийг бусад улс орон өндөр үнээр авъя гээд булаацалдаад байна. Яагаад? Зургаан яагаадын хариуг олчихвол Атомын цахилгаан станцын тухай овоо юм мэдээд авах байх. Би тэгсэн...
Нүүрс түлэх нь нүгэл
Зөвхөн эрчим хүч дээр хүн төрөлхтний амьдрал тогтож байна. Дулааны цахилгаан станцууд нь дэлхийн нийт дулаан, цахилгааны бараг 60%-ийг хангаж байгаа ч тэр хэмжээгээрээ “дэлхийн дулаарал”-ыг үүсгэж, цаг уурын өөрчлөлтөнд муугаар нөлөөлж байгаа нь тодорхойлогдсон.
Тиймд НҮБ-аас хүлэмжийн хийг ялгаруулахыг хориглосон Монреалийн ба Киотогийн гэрээ программуудыг дэлхийн бүх улс орон дагаж хэрэгжүүлэхийг хатуу шаардаж байгаа.
Нүүрс
Олон улсын атомын энергийн агентлаг ОУАЭА (IАEA)-аас дулааны цахилгаан станцыг зогсоох, шинээр барьж байгуулахаас татгалзахыг, аргагүй шалтгаантай бол “нүүрсхүчлийн хий СО2-ыг барих ба хадгалах-CCS” технологийг заавал хэрэгжүүлэхийг бүх орнуудаас шаардаж 2050 он гэхэд хүлэмжийн хийг 50%-аар багасгахыг уриалсан.
Энэ бол 2050 он гэхэд дулааны станцаа зогсоогоорой л гэсэн үг. Яагаад гэвэл үхэлд хүргэж байгаа 5 гол өвчний 4 нь нүүрснээс болж байгаа нь тогтоогдсон. Тиймээс нүүрс түлэх нь нүгэл гэж үзэх боллоо.
Одоор барих V станц бол НҮБ-ын бодлогын эсрэг үйлдэл. Энэ бол нэг удаа байж болох ч цаашид хийх боломжгүй. Гэтэл манай хэрэглээ жилээс жилд өссөөр. 2013 онд 870 MВт хүрч хүчин чадлаасаа хэтэрсэн тул ОХУ-аас өндөр үнээр импортолж өвлийг өнгөрөөсөн.
Гэтэл 10 жилийн дараа 4000 МВт хүрэх төлөвтэй. Зөвхөн Оюутолгойд 350-400 MВт эрчим хүч хэрэгтэй. Метроноос эхлээд эрчим хүчний эх үүсвэрээр ажиллах маш олон бүтээн байгуулалт явагдаж байгаа боловч эрчим хүчээ шийдээгүй байна.
Жирийн өрх 100%, аж ахуйн нэгж дөрөв дахин нэмэгдсэн үнэ төлнө
1кВт\ц цахилгааныг 101 төгрөгөөр үйлдвэрлээд 86 төгрөгөөр худалддаг. 1Гкал\ц дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12,600 төгрөгөөр зардаг. (хуучин үнэ) Зөрүү нь “улсаас” гэдэг нэртэйгээр таны халааснаас гарч байгаа.
Дулааны цахилгаан станц
Дулааны цахилгаан станц ажиллуулахад зайлшгүй гарах СО2-ыг бууруулах CCS технологи хэрэглэвэл эрчим хүчний үнэ 1кВт тутамд 87 төгрөгөөр нэмэгдэнэ. Жирийн өрх 100%, аж ахуйн нэгж 4 дахин нэмэгдсэн үнэ төлнө. Энэ мөнгө бас л таны халааснаас гарна. Ямар ч байгууллага алдагдлаа нөхөж ажиллана. Тэр нь хоёр замтай.
Нэг нь бүтээгдэхүүнээ ашигтай зарах, эсвэл төрөөс авах. Алин ч байлаа гэсэн таны халааснаас гарна. Дулааны цахилгаан станц ажиллуулахад зайлшгүй хэрэглэх “утаа залгигч” буюу СО2 бууруулах CCS технологи гэдэг нь станцтай дүүцэхүйц нүсэр бүтэцтэй юм.
Тэр СО2,-CCS технологийг хуучин станц дээр хэрэглэх боломжгүй. Нүүрсээ үнэгүй авдаг мөртлөө уурхайнуудад их хэмжээний өртэй байгааг анхаарах цаг болсон. Хэрэв нүүрсээ худалдаж авдаг бол бүр балрах нээ...
1 сая кг нүүрсээр гаргах эрчим хүчийг 1 кг уранаар гаргана
Монгол улс дотоодын хэрэгцээнд 3,5 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2013 онд 9 сая 635 мянга болж өссөн. 5 жилийн дараа 20 сая тонн нүүрс хэрэглэнэ. Дулааны цахилгаан станц 1 сая кг нүүрсээр гаргах эрчим хүчийг Атомын цахилгаан станц ганцхан кг уранаар гаргана. Усыг нь уучихаад шидчихдэг хуванцар сав 5 төгрөг.
Харин сая төгрөгийн төлөө төрийн албан хаагч 2 сар хөдөлмөрлөдөг. Зөвхөн УБ хот 2018 он гэхэд 20 сая тонн буюу 50 тонны даацтай 4000 вагон нүүрс хэрэглэх юм. Атомын цахилгаан станцтай бол ганц портер ураан хэрэгтэй.Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байгаа нэг гол шалтгаан энэ.
Атомын цахилгаан станц хамгийн хямд цахилгаан гаргахаас гадна ашиглалтын зардал нь Дулааны цахилгаан станцаас 3-4 дахин бага, олон дэд бүтэцгүй, 11 дахин бага талбай эзэлдэг, хүлэмжийн хий ялгаруулахгүй байгальд ээлтэй гээд олон давуу тал бий.
Уран
“Сүүлийн 50 жилд дэлхийн хүн ам 2.5 дахин өсөж, 1хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ 5 дахин өслөө. Нийт эрчим хүчний хэрэглээ 12 дахин нэмэгджээ. Иймээс атомын цахилгаан станц эрс нэмэгдэж байна. Жишээ нь:
БНХАУ-д цөмийн эрчим хүчний реактор 26 барьж байгаа ба 74 барихаар төлөвлөж, Энэтхэг 7-г барьж, 56-ааг төлөвлөж, ОХУ 10-ыг барьж, 14-ийг төлөвлөж, АНУ-д 2-ыг барьж, 13-ыг төлөвлөж, Япон 2-ыг барьж 3-ыг төлөвлөж, БНСУ 5-ыг барьж, 6-г төлөвлөж байна.
Ийм жишээг Англи, Франц, Канад зэрэг орны хувьд ч дурдаж болно. Хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтанд оруулах, тус бүр 2000 МВт чадалтай 2 цөмийн станцыхаа нэгийг ОХУ, нөгөөг нь Японы тусламжтайгаар барьж байна.
Арабын Эмират 1400 МВт чадалтай 4 реактор 2020 онд ашиглалтанд оруулах тухай 40 тэрбум долларын өртөгтэй гэрээ БНСУ-тай байгуулаад ажилдаа орлоо. Йордани 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар дэд бүтцээ байгуулж байна.
Турк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний 8 реактор барихаас 4-ийг Оростой, 4-ийг Франц-Японтой хамтраад барихаар гэрээ хийчихлээ. Казахстан ОХУ-ын тусламжаар, Пакистан БНХАУ-ын тусламжаар тус бүр 300 МВт буюу дунд чадлын реактор барьж байна.
ЦЭХ-ийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж буй Малайз, Индонез, Египет, Бангладеш, Тайланд, Филиппин, Шри-Ланка, Венесуэл, Кени зэрэг олон орон байна. Турк улсад шинээр 30 реактор, Хятадад 74 реактор, Англид 10 реактор, Өмнөд африкт 10 г.м. шинээр баригдах төлөвтэй байна.
40 улс орон шинээр атомын цахилгаан станц байгуулахаар захиалаад байгаагийн 10 нь урьд өмнө нэг ч цөмийн реакторгүй байсан орнууд. Ихэнх нь Ази, Африкын хөгжиж буй орнууд (Энэтхэг, Хятад, Турк, Вьетнам, Бангладеш г.м.)
Атомын цахилгаан станцуудын захиалгуудыг авч, хийхээр дэлхийд нэртэй Арева (Франц), РосАтом (ОХУ), Женерал электрик (АНУ), Тошива (Япон) зэрэг том компаниуд ба сүүлийн жилд цоройн гарч байгаа Солонгос, Хятадын шинэ компаниуд өрсөлдөж байна. Монголоос бусад нь Атомын станцтай болох нь. (Атом биш цөмийн гэж нэрлэвэл илүү оновчтой байх)
Манайх салаа замын уулзвар дээр таг
Ер нь цөмийн станц ашиглахад 2 янзын зам байдаг юм шиг байна. Нэг нь Хойд Солонгос, Хятад шиг ард түмэнд хэлэх шаардлагагүй. Нөгөө нь Америк, Япон шиг үнэн учрыг ойлгуулан хэлэх. Ард түмнээс нуух боломж, эсвэл шууд хүчээр шийдэх боломж манайд байхгүй. Тийм болохоор үнэнээ л хэлэх хэрэгтэй.
Мэдээж хэрэг ярьснаар бүх хүн ойлгочихгүй. Маш их эсэргүүцэлтэй тулгарна. Гадаад улс гүрний ашиг сонирхол, манай төрд байгаа зарим албан тушаалтны ашиг сонирхол, өрсөлдөгч өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станцаас ч эсэргүүцэл гарахыг үгүйсгэхгүй. Гэвч ярихаас өөр аргагүй.
Цөмийн энергийн газар л монголыг сүйтгэх гээд бусад нь аврах гээд байгаа юм биш.
Яг одоо бол төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хүртэл бүгд л эсрэг байгаа мэт харагдана. Ойлгуулж хэлэх, танин мэдэхүйн зүйл огт байхгүй юм чинь жирийн иргэдийн хувьд эсэргүүцэх нь зөв. Харин төр барьж байгаа хүмүүсийн зөвхөн өнөөдрөө бодсон “зусарч” үзэл улсын ирээдүйд “утаан хөшиг” болж байгаа нь харамсалтай.
Сонгууль дууссан. Одоо ажлаа хий гэж тэдэнд хэлмээр байна. Санал авах гэж ард түмнээс асууя гэдгээ болих хэрэгтэй. Улс орны хэтийн бодлогыг шинжлэх ухааны нарийн тооцоогоор эрдэмтэд гаргаж ирэхээс биш ард түмэн гаргадаггүй. Тийм учир Монголын ирээдүйд санаа зовж байгаа бол эрдэмтдийн үгийг сонсож, үйл хэргийг зөвөөр үнэлэх учиртай.
Сэргээгдэх эрчим хүч, Дулааны цахилгаан станц бүгд өөрсдийнхөө давуу талыг сурталчлан ярьсаар байгаа. Буруу ч биш. Цаашид ч ярина. Цөмийн энергийн газар л монголыг сүйтгэх гээд бусад нь аврах гээд байгаа юм биш. Монгол орны сайн сайхны төлөө адилхан л ажиллаж, ирээдүйд нь санаа зовж байгаа.
Агаар мандалд хүнд нөлөөлөх хүчин зүйл байна
Дэлхийн агаар мандлын нөлөөлөл жилээс жилд өөрчлөгдөж байна. Орчин үеийн хүүхэд орчин үедээ таарсан сэтгэхүйтэй төрж байгаа нь анзаарагдаж байна. Технологийн эрин үеийн хүүхдүүд технологийг илүү хурдтай мэдрэх, сурах, ашиглах чадвартай байна.
Хөгшчүүл “яа яа үе мөч өвдөөд тэнгэр муудах нээ” гээд сууж байдаг шүү дээ. Тэгээд л тэнгэр мууддаг. Байгалиас хүнд дохио өгч байна. Агаар мандалд хүнд нөлөөлөх хүчин зүйл байна. Харагдахгүй, баригдахгүй, сонсогдохгүй, амтлагдахгүй энерги байгаагийн баталгаа.
Тиймээс технологийн эрин өөрийнхөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэж ойлгогдохоор байна. Урьд өмнө нь гарч байгаагүй цоо шинэ өвчлөл бий болж байна. Энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай. Эмчлэхийн тулд анагаах ухаанд цоо шинэ эмчилгээ хэрэгтэй. Энэ эмчилгээ мэдээж хэрэг дэвшилтэт технологи шаардана.
Арслан зоригтой, чонон хийморьтой их талын Монгол айхын учир юу вэ?
Анхны Атомын цахилгаан станц 1954 оноос ажиллаж эхэлсэн бол өдгөө 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор, хөдөлгөөнт 400 гаруй, судалгааны 200, нийт 1000 гаруй реактор ажиллаж эрчим хүчээр хангадаг. Түүний нэг болох Фукушима анхдагч цөмийн реакторуудын нэг. Тэр үед Монгол улс ямар техник хэрэглэж байв.
Атомын цахилгаан станц
Чехийн “Шкода” машин 1960 онд Монголд иржээ. Бид ерөнхийдөө салга амбан, газ 51-тэй байсан үе. Үүнийг замын хөдөлгөөний дүрэм батална. Тэр үеийн замын хөдөлгөөний дүрэм: “4 замын уулзвар дээр 4 талаас зэрэг ирвэл жолооч нар нь бууж ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хэн нь эхэлж явахаа шийднэ” Монголд техник ийм дүрэмтэй байхад дэлхийд Атомын цахилгаан станц ажиллаж байж.
Саяхан 1990 он гартал бид Зил-130, 69, аавын цээжтэй, 120 км газарт хонож очдог, 40л түлш хэрэглэдэг байв. Өнөөдөр бид тийм газарт бараг ганцхан цаг явж, 4л бензин хэрэглэх техникийн дэвшилд хүрлээ.
Арслан зоригтой, чонон хийморьтой их талын Монгол айхын учир юу вэ? Арал дээр дайвалзаж байгаа хүмүүстэй өөрсдийгөө зүйрлээд суугаа нь дэндүү ичмээр. Атлант, Номхон далай хоорондох эх газрыг эрхшээж явсан Их Монголын үр сад мөн үү, бид.
Айсан хүн 10 үхэхийн үлгэр
Монголд цацрагийн үүсгүүр хэрэглэдэг 270 аж ахуйн нэгж байна. Зөвхөн анагаах ухаанд 10,000 төрлийн изотоп хэрэглэж байна. Тэрнээсээ айгаагүй мөртлөө хий хоосон ярианаас юунд айна. 90-200 м/с хүрдэг хүчтэй хар шуурга болдог Америк, байнгын чичиргээтэй арлын орнууд айхгүй байхад, 2,5 баллын чичиргээтэй, дээд тал нь 24 м/с хүрдэг салхитай бид айсан хүн 10 үхэхийн үлгэр үзүүлж явна уу.
Япон төвтэй гар утас, Америк төвтэй интернэт хэрэглэж байна. Солонгос, Япончууд хуучирлаа гээд хаясан машиныг бид шинэ тэрэг хэмээн худалдан авч байна. Солонгос явуулна гэхээр 20, 30 мянгаараа очерлоод хоёр гурав хоног. Юуны учир. Амьдрах л гэж. Өнгөтэй өөдтэй явъя л гэж. Одоогийн энэ орчин бол өртөг өндөртэй үйлдвэрлэл, үнэ ихтэй бараа л танд өгнө.
Тиймээс л гадаад руу зүтгээд байгаа хэрэг. Яагаад гэвэл бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Хэрэв бид шинэ юм хийвэл технологи л ярина. 130 машин хийхэд авах хүн байхгүй. Тиймээс орчин үеийн техник хийж байж зарна. Шинэ дэвшилтэт бүхэн цөмийн технологитой холбогдож байна.
Хийж үзэж байж, магадгүй алдаж байж л сурна...
Уурхай гэдэг үгийг мэддэггүй шахуу байхдаа Монголчууд Эрдэнэт хэмээх том үйлдвэрийг шууд л барьж эхэлсэн. Олон жил Монголын “саалийн үнээ” байсан. Одоо ч байна. Гэтэл XXI зууны эрдэмтдийг чадахгүй гэж байгаа нь итгэлийн гал нь унтарсных уу?
Цөмийн болон цацрагийн ямар нэг эрсдэлтэй зүйл тохиолдлоо гэхэд хамгийн түрүүнд цөмийн энергийн газар, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрын хэдэн мэргэжилтнүүд торгуулийн сумангийн цэрэг шиг явна. Өөр хэн ч явахгүй. Жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал хийгээд ямар ч аюулд, өчүүхэн ч нэмэр болохгүй. Харин ч хүмүүсийг сэтгэл санааны дарамтанд оруулна.
Хөгжихийн тулд биш амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэх цаг ирнэ
Хэн нэгэн очоод Ураныг хэмжээд тогтоочихож болдог юм бол мэргэжлийн байгууллагаар яах юм. Эрдэмтэд хамаг цаг заваа шинжлэх ухаанд зориулахын хэрэг байна уу? Ураныг дагаад 300 төрлийн минерал байдаг бөгөөд задралын урвалаас хамаарч 40 төрөл болдог. Гамма, бетта, альфа гэж цацрагийн 3 янзаар ангилдаг.
Үүнээс гадна уурхай ажиллаж эхлэхээс өмнө бараг 10 жил зарцуулдаг. Зарим нь түүнээс ч олон жил. Энэ олон жилд судалгаа л хийдэг. Хөрс,ургамал, агаар, ус г,м, усыг гэхэд л гүний, булаг шанд, худаг, хурдац, тогтоц, урсац гэх мэтээр нарийвчлан судалдаг.
Эрдэнэт хот
Хэдэн төрлийн амьтан байна, түүнээс шувуу хэд, нүүдлийн, гүйдлийн, нутагшсан, үржлийн, газрын хэвлийн, ой модны г,м бүхнийг олон жилийн давтамжаар, өвөл, хавар, зун, намар, өнтэй, гантай жил гээд маш олон төрлийн судалгааг, олон аргачлалаар хийдэг.
Уурхай ажиллах явцад нөгөө судалгаа хэвийн байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд байнга хянаж шалгадаг. Ямар нэг зүйл өөрчлөгдсөн бол юу юу нь яаж өөрчлөгдөж гэдгийг нарийвчлан тулгаад дүгнэлт гаргадаг. Үүнийг л шинжлэх ухаан гээд байгаа юм.
Амьдрал бол шулуун зам биш. Аз жаргал алган дээр байдаг бол агуу их эрдэмтэд амьдралаа юу гэж шинжлэх ухаанд зориулах юм. Одоо зөвхөн хөгжих тухайд цөмийн энерги ярьж байна. Удахгүй амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэнэ.
Эрдэнэтийг барьж байхад Намын төв хорооноос тогтоол гаргаад шууд л нүүлгэж байсан. Ардчилсан нийгэм иргэдээсээ асууж байна. Тэр үед малчид нь “Орос ах” хэмээн хүндэтгэн цай сүүгээ бариад очдог, Оросууд нь баярлаад олддоггүй ховор бараа бэлэг сэлт өгдөг байж.
Тиймээс үйлдвэр хурдтай, сайхан босож, Эрдэнэт хэмээх том хоттой болсон. Ёс зүй алдагдаад одоо тийм биш болж. Төр ч мөн адилхан, хэрэгтэй үед сайхан царай гаргаж мөнгө авчихаад зүсээ хувиргаж, залилан хийж амьдардаг хүн шиг байдлаасаа салах ёстой.
Би малчин хүн малаа маллаад, наймаачин худалдаагаа хийж амьдраад байна надад юу ч хэрэггүй гэж зарим хүн бодож болох. Үнэндээ бол тийм биш. Зөвхөн нэг хүний төлөө эмч, цагдаа, багш, эдийн засагч, хилийн цэрэг гээд мэргэжлийн маш олон байгууллага, хүн ажилладаг.
Тэднийг төсвөөс цалинжуулдаг. Хулгай, дээрмээс хамгаалдаг цагдаатай, хил манадаг цэрэгтэй, хүүхэд чинь үнэ төлбөргүй хичээл ном заадаг багштай, халуурахад үзээд өгдөг эмчтэй тул та тайван амьдардгийг хүн бүр ойлгох учиртай.
Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгааны хэрэглээний 10 гаруй хувийг эзэлж байна. Гаргаж байгаа цахилгааны үнэ нь дулааны цахилгаан станцаас бараг хоёр дахин их үнэтэй байгаагаас гадна туйлын жигд бус ажиллагаатай. Манай Тайшир, Дөргөн, Хунгийн гол дээр барьсан усан цахилгаан станц тийм ч найдвартай биш байна. Хатанбулаг сумын Нарны цахилгаан станц ч хэл ам таталсаар...
Энд ганцхан жишээ хэлье
Сая ашиглалтанд орсон “Салхит” төсөл 900 тн-ын бетонон суурийг цутгахад есөн давхар барилгын карказ босгохуйц зуурмаг, 30 тн арматурын төмөр оржээ. Уг төмрийг Латвиас авчирчээ. Шонгийн орой дээр 57 тн жинтэй их бие, 23 тн-ын бул байрлуулж, 40.3м урттай 6.2 тн жинтэй гурван далбаа угсарна. Ийм 31 шон босгосон.
Энэ нүсэр ажлын дараа 50 МВт-ын ЭХ гаргана. Хэдийгээр 50 гэж байгаа боловч цэврээр бол 25-30 МВт л гаргана. Зардал нь 175 тэрбум төгрөг. Гэтэл 25 МВт гаргах 50 сая долларын үнэтэй жижиг реактор байж л байна. Шүрэнгийн 300 МВт-ын УЦС-ын цогцолбор төсөлд урьдчилсан байдлаар 450 сая ам. Долларын зардал гарах бөгөөд 5 жил барих аж.
Гэвч тийм ч амархан барихгүй бололтой. Учир нь Орос “Байгаль нуурын усны цэвэр санг хадгална” гэдэг том санамж өгч байна. Энэ бол тийм ч амархан тохирчих асуудал биш. Том наймаа яригдана. Барилаа гэхэд Шүрэнгийн станц бидний амьдралын хэрэглээнд чухал нөлөөтэй болохын цагт “шонхор” ах ямар ацаг тавихыг таашгүй... бид цаашид яах вэ? Өмнөговь аймагт барьсан 3,6 МВт дулааны станцаас өөр юу ч бүтээгээгүй.
Атомын цахилгаан станцын дунд чадлын Смарт реакторын нэг блок нь 100Мвт гаргах чадалтай бөгөөд 500 сая долларын үнэтэй, ашиглалтын зардал бага.
Тэр нь улсаас олон тэрбумын татаас авдаг. (2012 онд төвийн бүсийн 6, орон нутгийн 6, нийт 12 компанид 25.6 тэрбум төгрөгийн татаасыг олгосон байдаг) (Оюутолгой эрчим хүчнийхээ төлбөрт жилд 110 гаруй сая ам.доллар Хятадад төлж байгаа) 500 МВт эрчим хүч гаргах дулааны цахилгаан станц 1,3-2,6 их наяд төгрөгөөр босно.
Нэг жилд гарах зардал нь 225 тэрбум төгрөг. Хаягдал: Үнс 40%, дэгдэмхий үнс 2%, хар тугалга 50ppm, хүнцэл 10 ppm, үнсэн дэх элементэд тори, ради, ураны агуулга өндөр. Ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээ 991 гр\кВт\цаг...
Атомын цахилгаан станцын дунд чадлын Смарт реакторын нэг блок нь 100Мвт гаргах чадалтай бөгөөд 500 сая долларын үнэтэй, ашиглалтын зардал бага. Манайхаас нэг ч төгрөг гаргахгүйгээр бариад өгөх улс орон нэг биш байна. Ажиллах хугацаа нь 60 жил; барьж байгуулах хугацаа нь 2,5 жил г.м.
Чадал нь 100,300,600 МВт-ын Орос, Казахастан ВБЭР-300 загварын их бага реакторууд байна. Санхүүжилтийг РосАтом бүрэн хариуцна. 20 жил ашиглалт, засвар үйлчилгээг өөрсдөө хийнэ. Нэгэн зэрэг 9 оронд Атомын цахилгаан станц барих чадвартай РосАтомыг анзаарахгүй өнгөрч болохгүй.
Фүкүшимагийн осол физик мэддэггүй хүнд айдас, мэддэг хүнд зориг өгсөн
Урьд өмнө нь 7 баллын хүчтэй газар хөдлөлтөнд цөмийн реактор яаж тэсэхийг үнэндээ хэн ч мэдэхгүй байлаа. Харин Фүкүшимагийн осол нэг талаар туршилт болжээ. Мэдээж хэрэг физикээс хол хүмүүст айдастай үйл явдал болсон. Эрдэмтэд тэр дундаа цөмийн мэргэжилтнүүдэд зориг өглөө.
Долоон баллд яах ч үгүй байгаа юм чинь бид хөргөлтийн системээ найдвартай хийчихвэл цөмийн реактор тийм ч амархан эвдрэхгүй эд гэдгээ батлав. Тиймээс цөмийн реактор нэмэгдэж байна. Иран улс жил бүрийн 4 сарын 9-нд “Дэвшилтэт цөмийн технологийн өдөр”-ийг тэмдэглэж байна.
Турк Франц-Японтой хамтарч атомын цахилгаан станц барих тууз хайчлан том баяр тэмдэглэв. Манайх яахаараа гэмт хэрэг хийсэн хүн шиг байдаг юм. Хоёр том гүрний дунд оршиж байна. Хойшоо урагшаа хөлхөлдөх аянчин гийчин өдөр бүр нэмэгдэж байна.
Хориотой эм бэлдмэл, хар тамхи, хими, бактерлогийн зэвсэг гээд хил гаалиар орж гарах маш их зүйл байгаа. Түүнийг юугаар хянаж байна. Цөмийн технологи дээр суурилсан багаж л ашиглаж байна. Ирээдүй физик, химийн шинжлэх ухаан дээр тогтох хандлагатай.
Өргөн цар хүрээгээр харахад хүн төрөлхтөн цөмийн энергигүйгээр амьдрах боломжгүй болчихож. Хоцрогдсон Монгол судалгааны ч реакторгүй. Гэтэл атом мэдэхгүй үндэстэн амьтнаас өөрцгүй болох гээд байдаг. (Бараг атомгүй үндэстэн гэхэд хэтрүүлэг бишi)
XXI зуун бол аймшгийн эрин. Яагаад аймшигтай вэ гэвэл оюун санааны дайн болж байна. Энэ дайны зэвсэг нь дэвшилтэт технологи. Тэр технологи нь цөмийн энерги…