2013.08.30

Б.Гарамгайбаатар: Эдийн засаг хүнд байгаа нь үнэн ч тартагтаа тулчихсан юм байхгүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

   -Улс орны эдийн засаг хүнд байгаа тухай нэг хэсэгтээ л яригдсан. Харин одоо байдал ямар байна вэ?

  -Эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр хүн болгон, янз бүрээр ярьж байна. Ерөнхий сайд гэхэд статистикийн дүгнэлтэд тулгуурлаж яриа өгч харагдсан. Улстөрчид, эдийн засагчид ч тэр, өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна лээ. Өнөөдөр эдийн засгийн байдал, нөхцөл боломж нь сайнгүй байгаа нь үнэн. Гэхдээ бүр тартагтаа тулчихсан юм байхгүй шүү дээ.

   -Гадаадын хөрөнгө оруулалт өнөө жил 40 хувиар буурсан гэсэн. Энэ нь эдийн засагт хэр нөлөөлсөн бэ?

  -Гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь үндсэндээ хөрөнгө оруулалт зогссон гэсэн үг шүү дээ. Хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг муудсан уу гэвэл үгүй гэж хэлнэ.

   Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль цаг үеэсээ хоцорсон. Дээр нь стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалтын тодорхой хязгаарлалт хийснээс үүдэлтэй юм. Эдгээр хууль тогтоомжууд өмнөх Засгийн газрын үед гарсан. Тухайн үед уг хууль тогтоомжийг сурталчлах, таниулах ажиллагаа үнэхээр муу хийгдсэн нь харагдаж байгаа юм. Одоо бид “яах вэ” гэдэг цаг үетэй нүүр тулчихаад байна.

  -Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцсэн. Хөрөнгө оруулалт болон улс орны эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?

  -Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнөөдөр Засгийн газар УИХ-д өргөн барьж, ээлжит бус чуулган зарлаж, хөрөнгө оруулалтын тухай хэлэлцсэн ч одоо түүхий хууль гаргаж болохгүй. Нэлээд сайн хэлэлцэж, үндэстэй зөв хууль гаргах хэрэгтэй байна. Гол нь хөрөнгө оруулагчдад Монголд урт хугацаанд хөрөнгө оруулахад ямар үр дүнтэй гэдгийг сайтар ойлгуулах хууль гарч, хэрхэн хэрэгжүүлэх журмыг холбогдох яамд нь гаргаж, мөрдөх нь хамгаас чухал. Тэгж байж л гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэрнээс өнөөдөр хууль гарлаа гэхэд маргаашаас хөрөнгө орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Үүнийг амьдрал өөрөө нотлоод өгөх байх.

   Өнөөдөр бид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн байгаа. Тиймээс энэ асуудал тийм ч хурдан хугацаанд шийдэгдэхгүй. Цаашид хөрөнгө оруулалт болоод Монгол Улсын эдийн засгийн нөхцөл боломжийг сайжруулахын тулд өөрсдөдөө найдахаас өөр аргагүй.

   -Яаж тэр вэ?

Үндэсний үйлдвэрлэгчдийг бид өнөөдөр бүрэн утгаар нь дэмжихийн тулд хууль эрхзүйн орчинг бий болгох ёстой.

   -Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг бид өнөөдөр бүрэн утгаар нь дэмжиж байна уу гэвэл, үгүй. Ингэхийн тулд хууль эрхзүйн орчинг бий болгох ёстой.

  Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргасан. Өнгөрсөн хугацаанд монгол орны эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, өнөөдөр ямар байгаа, ирээдүйд ямар болох, ямар арга хэмжээ авах хэрэгтэйг судалсан. Энэ ажлаа эцсийн байдлаар дүгнээд Засгийн газарт санал авахаар өгсөн.

   Үнэндээ, өнөөдөр Монголын эдийн засаг хүндэрч, хүмүүс бужигнах нөхцөл бүрдсэн явдал Засгийн газартай яах аргагүй холбоотой.

   -Яагаад?

  -Гадаадын хөрөнгө оруулалт, Оюутолгойтой холбоотой асуудлууд онцгой үүрэг гүйцэтгээд байгаа байхгүй юу. Оюутолгойтой байгуулсан гэрээний маргааныг бид өнөөдрийг хүртэл цэгцэлж чадаагүй. УИХ, Засгийн газарт чиглэлээ өгчихсөн. Засгийн газар дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсгийнхэн Оюутолгой ямар нэгэн хэл амгүйгээр үйл ажиллагаа явуулах, гэрээний тодорхой нөхцөлүүд дээр хоёр тал харилцан ойлголцох замыг олох ёстой байсан. Гэтэл тэр арга замыг олж чадаагүйгээс өнөөдөр зогсолт хийсэн гэж ойлгогдож байгаа.

Засгийн газар хийх ёстой ажлуудаа хангалттай хийж чадсангүй. Засгийн газрын томилсон сайд нар мөн адил авсан үүргээ биелүүлээгүй гэж би боддог. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай өөрчилж, стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулиудаа эргэж харах зайлшгүй шаардлага байна.

   -Та УИХ үндсэн үүргээсээ хазайж, эрх мэдлээ алдсан мэтээр шүүмжилж байсан. Яагаад та ингэж үзэх болсон бэ?

   -УИХ өнөөдөр өөрийнхөө эрх мэдлийг тодорхой хүрээнд алдсан. Монгол Улс парламентын засаглалтай. Тэгсэн хэрнээ өнөөдөр Засгийн газарт бүрэн атгагдсан, эрх мэдлээ алдсан байдалтай ажилладаг. Энэ нь УИХ үндсэн үүргээсээ хазайж, өөрийнхөө ажлаа хийж чаддаггүйгээс ийм байдал үүссэнийг харуулж байгаа юм. Засгийн газрын хийж байгаа буруу алхмуудыг өөгшүүлээд байна гэж би хувьдаа үздэг. Тиймээс намрын чуулганаар УИХ-ыг жинхнээсээ УИХ шиг л болгох ёстой. Дээр нь УИХ өөрийнхөө хууль тогтоомжуудыг чанга мөрддөг байх нь чухал.

Тэр хэмжээгээр Засгийн газраа удирдаж ажиллах ёстой. Цаашид байдал энэ хэвээр үргэлжилбэл парламентын засаглалтай Бүгд найрамдах улс биш болно гэж би харж байгаа. Энэ бүгдийг засч залруулахад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль онцгой нөлөөтэй. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хавсарч хийж болох уу, үгүй юу гэдэг асуудлаар Ерөнхийлөгч хууль өргөн барьсан шүү дээ. Энэ хуулийг намрын чуулганы эхэнд авч үзэх ёстой. Ингэснээр бид олон юмыг зүг чигт нь оруулж чадна.

   -Чуулган гэснээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор МАН ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан. Ээлжит бус чуулган хэзээ хуралдахаар болсон бэ?
Салбар хариуцсан яамдууд нь бодлогоо барихгүй, аж ахуйн ажилтай хэт зууралдаад байна.

   -Ээлжит бус чуулган ирэх есдүгээр сарын 2-нд, 16-нд хуралдах тухай яригдаад байгаа. Албан ёсны мэдээлэл нь одоогоор бидэнд ирээгүй. Яагаад гэвэл, УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ шийдвэрийг гаргах ёстой. Одоогоор есдүгээр сарын 16-ны үеэр ээлжит бус чуулган хуралдаж магадгүй гэсэн яриа бий.

   -Бүтээн байгуулалтын ажилд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

  -Бүтээн байгуулалтын ажлууд янз бүр байгаа. Тухайлбал, Барилга хот, байгуулалтын яамны ажил гологдохооргүй хэмжээнд явагдаж байна. Мэдээж доголдсон юмнууд байгаа л байх. Хүн болгон бүтээн байгуулалтад шүүмжлэлтэй хандаж буй учраас би энэ талаас нь яримааргүй байна.

   Гол нь өнөөдөр Засгийн газрын бүтэц өөрөө буруу байгаа байхгүй юу. Яамд олонтой. Салбар хариуцсан яамдууд нь бодлогоо барихгүй, аж ахуйн ажилтай хэт зууралдаад байна. Яамд УИХ-аас давсан бодлого, давсан том толгой гаргадаг. Үндсэн гол бүтэц, бодлого нь алдагдсан. Засгийн газрын бүтцийг өөрчлөөд, хэрэгжүүлэгч агентлагуудыг бий болгохгүй бол бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй. Энэ асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлага байна.

   Бондын мөнгөөр эсвэл улсын төсвөөр хийгдэж буй ажлууд нэг харахаар хийгдээд байгаа юм шиг боловч үр дүн, чанарын асуудлууд харагддаг.

   Бид тодорхой хүндрэлтэй цаг үе туулж байгаа гэдэг нь үнэн. Энэ бол гадна дотно бүх орчинд нөлөөлж байгаа. Гэхдээ бид нар ул суурьтай юм гаргахгүйгээр яаран сандран тэр бүгдийг шууруулах юм бол тэрнээс их алдаа хийхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид нэлээд сайн бодох ёстой.

   -Ханшийн хэлбэлзлийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

   -Ханш бол зах зээлийнхээ жамаар хэлбэлзэж байгаа. Үүнд зарим нэг алдаа харагддаг. Бид Монгол банкин дээр очихдоо энэ талаар санал солилцсон. Өнөөдөр нэг юмыг бодох ёстой.

Жишээ нь, Тогтвортой байдлын хууль гээд шинэ хуулийг бид 2012 онд анх удаагаа мөрдсөн. Энэ хуулиар УИХ-аар батлагдсан төсвийн хуулиуд хатуу мөрдөгдөх байсан. Хуулиа мөрдөөд ажилласан бол бид өнөөдөр ямар байх байсан бол гэж бодогддог. Өнөөдөр нэг их наяд гаран төгрөгийн орлого тасарч байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр, Засгийн газар муу ажиллаж байгаагийн илрэл юм.

   Дээр нь энэ төсвийн тогтвортой байдлын хуулиас гадна Монгол Улс өөрөө төсвөөс гадуур хоёр гурван хөрөнгө оруулалтыг нэмж хийсэн. Энэ нь бүр доошоо орох байсан эдийн засгийн нөхцөл боломжийг тодорхой түвшинд барьсан. Монголбанкны Засгийн газартай байгуулсан гэрээний биелэлтийг харахад, Монголбанк хийх ёстой ажлаа хийсэн байдаг. Харин тогтворжуулах гэрээг хэрэгжүүлэх яамдууд үүргээ биелүүлээгүй.

Их хэмжээний мөнгөний нийлүүлэлт явагдсан. Энэ нийлүүлэлтээс болоод зах дээр ирсэн валютыг үнэ тогтворжуулах гэрээнд орсон аж ахуйн нэгжүүд авсан. Үүнээс болоод валютын хомсдол зохиомлоор бий болсон. Хүмүүс валют худалдаж авах гэж шуурсан. Харин ченжүүд дунд нь тоглосон л байхгүй юу.