Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр болж 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
1990 оноос хойш 2012 оны дунд үе гэхэд манай улсад дэлхийн 112 орны 12118 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.доллар орчим гадаад хөрөнгө оруулалт хийгджээ.
Дийлэнх хэсэг нь буюу 74 хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн нь эдийн засгийн өрөөсгөл бүтцийг бий болгоход нөлөөлсөн.
2012 оноос хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд энэ оны эхний хагас жилд өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна. Үүнд дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн зохицуулалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.
Түүнчлэн 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буурахад нөлөөлсөн. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гадаад шууд хөрөнгө оруулалт
Эл хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлох, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчныг тогтворжуулах зарим хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах ач холбогдолтой юм.
Товчхон
-Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай асуудлыг хэлэлцээд дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
-“100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” энэ оны 10 дугаар сарын 1-16-нд, “Хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын тэмцээн” есдүгээр сарын 19-24-нд манай улсад болно. Эдгээр тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 150 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
-Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг
устгах Протоколд” нэгдэн орох, цаашид уг протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох талаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран ирэх сарын 15-нд Улаанбаатарт зохион байгуулах “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.
-Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2013 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Оны эхний хагас жилийн байдлаар УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3996 шийдвэрийн 5930 заалт 70 гаруй хувийн биелэлттэй байна