Эдийн засаг хямраагүй, үүнийг би баримттай хэлнэ
Хэрэв та өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлыг санаж байгаа бол Монгол Улсын эдийн засаг хямарсан талаар амтай болгон шуугьсан. Бүр Ерөнхийлөгчийн санаачилгаар ҮАБЗ-ийн үе үеийн гишүүд цуглаж, улс орны эдийн засгийн байдлын талаар авч хэлэлцсэн юм. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр ам нээлээ. Тэрээр“Ерөнхий сайдын 30 минут”-д оролцох үеэрээ “Эдийн засаг хямарсан гэж олон хүн ярьж байна лээ. Гэхдээ тэдний ярьж байгаа зүйл тооцоо судалгаагүй, үндэслэл муутай байсан. Тиймээс албан ёсны статистик тоо, баримтад бүгдээрээ анхаарлаа хандуулахыг хүсье. Би таван үзүүлэлтийг л товчхон хэлье. Ерөнхийдөө энэ таван үзүүлэлтийн цаана эдийн засаг ямар байгаа нь харагдана. Нэгдүгээрт, энэ оны эхний зургаан сарын байдлаар эдийн засаг 11.3 хувиар өссөн дүнтэй байна. 2012 оны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг 12.4 хувийн өсөлттэй гарч байсан. Энэ бол бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийг илэрхийлсэн тоо.
Харьцуулж үзвэл эхний зургаан сарын байдлаар эдийн засаг гайгүй өсөлттэй явж байна гэсэн үг. Хоёрт, инфляц өнгөрсөн оны төгсгөлд буюу бүтэн жилийнхээ дүнгээр 14 хувиар өссөн байсан. Одоо бол 8.3 хувьтай явж байна. Оны эхнээс тооцвол инфляц 4.9 хувьтай байсан. Харин өнгөрсөн оны мөн үед 10.4 хувьтай байлаа. Товчхондоо үнийн өсөлтийг хазаарлах засгийн бодлого амжилттай хэрэгжиж байна. Юмны үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин бага байна. Гуравт, ажлын байр нэмэгдсэн. “Монгол хүн Монголдоо сайхан амьдаръя” хөтөлбөрийн хүрээнд энэ жил л гэхэд 37.000 ажлын байр шинээр нэмэгдсэн. Энэ бол миний зохиосон тоо биш статистикийн тоо юм. Дээр нь, барилга, хөдөө аж ахуйн салбарт эерэг үзүүлэлтүүд гарсан.
Гадаадын хөрөнгө оруулалт буусан шалтгаан бол “Оюутолгой” төсөлд оруулах ёстой хөрөнгө оруулалтууд дууссан. Одоо гүний уурхайд хөрөнгө оруулах асуудлыг ярихгүй л юм бол өөр асуудал байхгүй.
Цаана нь, хоёр үзүүлэлт сөрөг байна. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалт багассан. Энэ үнэн. Хоёрт нь, валютын үнэ хөдөлсөн. Энэ бас үнэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гол таван үзүүлэлтийн гурав нь эерэг, хоёр нь сөрөг байна гэсэн үг. Бид одоо сөрөг хоёр үзүүлэлтүүдээ эерэг болгохоор ажиллаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буусан шалтгаан бол “Оюутолгой” төсөлд оруулах ёстой хөрөнгө оруулалтууд дууссан. Одоо гүний уурхайд хөрөнгө оруулах асуудлыг ярихгүй л юм бол өөр асуудал байхгүй. Шинэ нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлага алга. Хоёрдугаарт, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муу болсон гэдэг яриа сүүлийн хоёр жил үргэлжлэн ярьж байна. Энийг сайжруулах талаас нь Засгийн газар ажиллаж байна. Гуравдугаарт, Урт нэртэй хуулийн хүрээнд алтны дундаж компаниудын хөрөнгө оруулалтыг зогсоосон. Эдгээр болон бусад асуудлыг УИХ-аар оруулж шийдүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газар үндсэн гурван зорилтоо биелүүлэхээр шургуу ажиллаж байна.
Манай Засгийн газрын нэг гонцлог нь нээлттэй ил тод байдал. Есдүгээр сард Засгийн газрын нэг жилийн ажлын тайланг гаргана. Түүнд юу нь болж байгаа, болохгүй байгаа бүхнийг ил гаргаж тавина. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, гадуур “эдийн засаг хямарсан учраас Засгийн газар татвараа нэмнэ” гэсэн цуурхал яваад байгаа. Татвар нэмэхгүй гэдгийг би Засгийн газрын тэргүүний хувиар хэлье. Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйлийг ярьж байгаа юу гэвэл ярьж байгаа. Тэр нь юу гэхээр Монгол Улсад Х-тайлан гэдэг зүйл хавтгайрсан. Тэр тохиолдолд яах вэ гэдэг зохицуулалтын асуудлыг л ярьж байгаа хэрэг. Түүнээс ямар нэгэн байдлаар татвар нэмэх юм бид хийхгүй. Бас шатахууны үнэ нэмнэ гэсэн яриа гарсан. Дахин хэлье, шатахууны үнэ нэмэгдэхгүй. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд бараг зодоон цохиондоо хүрч байж, нефтийн компаниудтай учраа олж, бодлогоо тохирсон. Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор ч бензиний үнэ өсөхгүй. Бид үүнийг бүтэн жилээр тоо-цоолж програмаа гаргасан. Үүний үр дүн ч одоо гарч байна.
“Оюутолгой”-н хувьд үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Анхны хөрөнгө оруулалтаа хийгээд дууссан. Анхныхаа ачилтийг хийсэн. Өнөөдөр ч гэсэн ачиж байна.
Нэг асуудал хойшилсон нь “Гүний уурхай руу нэмж хөрөнгө оруулалт хийх асуудал. Үүнтэй холбоотойгоор 1700 хүн ажилгүй болж байна гэсэн мэдээлэл бий.
Я.Санжмятав сайдыг “Оюутолгой”-той холбогдож үүний учрыг олох үүрэг өгсөн. Тэнд бол 63 хүний асуудал яригдаж байгаа юм билээ. Эдгээр, хүнийг дотор шингээж ажиллуулах талаар Хөдөлмөрийн сайд ярьж байгаа. Цаана нь яригдаж байгаа 1700 хүн бол туслан гүйцэтгэгч компанийн ажилчид. Үнэхээр энэ 1700 хүн ажилгүй болж байгаа бол Шинэчлэлийн Засгийн газар энэ хүмүүсийн дараагийн ажлын байрыг шийднэ. Үүнийг хийж чадахгүй бол Засгийн газар гэж байгаад юу гэхэв дээ. Бидэнд хангалттай их боломж бий. Мэдээж жижиг, сажиг хүндрэл бэрхшээл бий. Үүнийг том болгож харуулах гэсэн захиалгат суртал нэвтрүүлэг явж байгаа юу гэвэл явж байгаа.
Тавантолгойн хувьд би энэ зунжингаа нүүрсээ экспортлоод өрөө төлж дуусна. Гэлээ гээд зүгээр суугаагүй, Баруун Цанхийг ашиглалтад оруулсан. Эндээс доллар орж ирж байгаа. Дээр нь, нүүрсний экспортоо дэмжье гэсэн бодлого барьж байна. Тэр нь нэг компанийн барьсан замыг улсад аваад түүгээр нь бүх компаниуд бага үнээр нүүрсээ тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Нүүрсээ боловсруулах дунд хугацааны зорилтоо хэрэгжүүлж байна” гэв. Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн зургаан төсөл хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. Зарим төслийг хэрэгжүүлэгчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. Үүнээс гадна та сая “Энержи ресурс”-ын барьсан замыг төрийн мэдэлд авна гэлээ. Үүнийгхэрхэн шийдсэн юм бэ?
Ирэх есдүгээр сарын 5-нд Сайншандын автозамыг хүлээж авна.
-Шинэчлэлийн Засгийн газар асуудлыгхүчээр шийддэггүй гэдгийг та нар гадарлах байх. Засгийн газар ч компанийн өмчийг хүчээр авдаг газар биш. Энэ замыг төрийн мэдэлд аваад олон компани ашиглавал нүүрсний экспорт нэмэгдэнэ гэдэг нь тухайн компанийн тавьсан санал юм. Үүнийг одоо ч хэлж байгаа юм биш хоёр жилийн өмнөөс тавьж эхэлсэн. Үүнийг хүлээж аваад экспортоо нэмэгдүүлэхээр ажил хэрэг болгож байгаа юм. Мянганы сорилтын сангийн төслүүдийг бол сайн хэрэгжсэн гэж үзэж байгаа. Жишээ нь ирэх есдүгээр сарын 5-нд Сайншандын автозамыг хүлээж авна. Үүнээс гадна, эрүүл мэнд, мэргэжлийн сургалтын гээд маш олон салбарт төсөл амжилттай хэрэгжсэн. Үүний төлөө бид АНУ болон Америкын ард түмэнд талархал илэрхийлэх ёстой. Харин манайхны дотор талын хэрүүл бол манай л асуудал. Хэн нь яасныг хуулийн байгууллага тогтоох байх.
-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж магадгүй гэсэн яриа байна. Засгийн газар төсвөө хэмнэх тал дээр ямар ажил хийх бололцоотой вэ. Түүнчлэн “Оюу-толгой”-гоос халагдсан 1700 хүнийг Засгийн газар ажлын байртай болгоно гэлээ. Тэр хүмүүсийн авч байсан цалинтай тэнцэхүйц хөлстэй ажлын байрыг санал болгож чадах уу?
-Бүх хүндрэлийг л бид хамтдаа даван туулна. Тэр хүмүүсийн талаар Засгийн газрын хуралдаанаар авч тэндээс л гарсан санаа. "Оюутолгой”-н хувьд “Ил уурхайнхаа хөрөнгө оруулалтыг хийгээд дуусчихсан. Одоо гүний уурхайгаа ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатай байна, ярилцъя” гэсэн. Бид “Тэгье” гэсэн. Одоо энэ асуудлыг ярьж эхэлнэ. Гүний уурхайд хөрөнгө оруулбал Монгол Улсад ашиггүй гэж ярьж байна гэнэ. Яалаа гэж тийм юм байхав дээ. Гүн рүүгээ олборловол бидний авдаг юм л нэмэгдэнэ шүү дээ. Тэд ч авдаг юмаа авна, бидэнд ч үлдэх юм нь үлдэнэ. Ирэх долоо хоногт “Эрдэнэс-Оюутолгой”-н хүмүүс Лондонг зорьж, яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.
-Иргэд “Жаст” группийн дампуурлыг бизнес улс төртэй холилдсоны илрэл гэж харж байна. Цаашдаа энэ хоёрыг салгахын тулд Шинэчлэлийн Засгийн газар юу хийх вэ?
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжихээ болино л гэнэ. Энэ зээл хэрэгжихээ болихгүй ээ.
-Шударгаар хөдөлмөрлөж, бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүсээ үзэн ядах, хардах хавчих үзэгдэл хавтгайрсан. Өглөө сонингийн тойм харахад л хэн нэг бизнесмэнийг баривчилсан талаар мэдээлсэн байх болж. Үүнийг би “Ардчиллынхан гарч ирээд бизнесменүүдийг барих юм гэнэ” гэсэн яриа гаргаад түүнийгээ нотлохын тулд зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж бодож байна. Буяндоржийгхэн баривчилсан юм бэ. Баривчлаагүй байхад л баривчилсан гэж бичээд байх юм. Шоронд ороогүй хүнийг орсон гэж бичдэг нь ямар учиртай юм. Үүний цаана нэг кампанит ажил яваад байна л даа. Нэг хэсэг валютын үнэ өслөө, одоо бензиний үнэ нэмэгдэнэ гэж байгаад бүтэхгүй болохоор нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжихээ болино л гэнэ.
Энэ зээл хэрэгжихээ болихгүй ээ. Бид үлдэж байгаа гурван жилдээ Монгол Улсыг “галзуу” хөгжүүлнэ. Тийм боломж нь харагдаж байгаа байхгүй юу. Ер нь бол гадуур тарааж байгаа цуурхалуудыг Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ойд “бэлэг” барьж байна гэж ойлгож байгаа.
-Танд илгээсэн захидлыг замаас нь авч хэвлэлд тараасан хүн болон БНСУ-аас шатахуун импортлоход дундаас нь авлига нэхсэн хүмүүсийг олж хариуцлага тооцно гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Захидлыг тараасан хүнийг тагнуулынхан олоогүй байгаа. Харин БНСУ-аас шатахуун импортлох асуудлыг ярьж байх үеэр дундаас нь авлига нэхсэн хүмүүсийг олсон. Би энд нэрийг нь зарлаад яахав. Тэднийг зохих газар нь шалгаж байгаа.