Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ өдрүүдэд Баянхонгор аймагт томилолтоор ажиллах үеэрээ Баянлиг суманд хэрэгжүүлж буй “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа.
2013.08.30

Засгийн газраас Баянлиг суманд хэрэгжүүлж буй “Шинэ сумын төв” төсөлтэй танилцлаа

Монгол хүн амьдарч буй газраа, аймаг сумандаа ая тухтай сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилтын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар “Шинэ сумын төв” төслийг гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг шийдвэрлээд байгаа. Эдгээр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, нөгөө нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм.

Тэнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёл, спортын төв, нутгийн хөгжлийн ордон, уурын зуух зэргийг нэг дор төвлөрүүлж цогцолбор байгуулж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ өдрүүдэд Баянхонгор аймагт томилолтоор ажиллах үеэрээ Баянлиг суманд хэрэгжүүлж буй “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Тэнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёл, спортын төв, нутгийн хөгжлийн ордон, уурын зуух зэргийг нэг дор төвлөрүүлж цогцолбор байгуулж байна.

Их Модун компани энэ цогцолборыг канад технологиор, канад зөвлөхүүдийн зөвлөгөө авч барьж байгаа бөгөөд барилга угсралтын ажил эхлээд 14 хонож буй ч угсралтын ажил 70 хувьтай байлаа. Ирэх 9 дүгээр сарын 20-ноос дотоод заслаа эхэлж, энэ ондоо багтаан цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Их модун компанийнхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа.

Баянлиг сумын эмнэлэгт 6 хүн ажилладаг, 10 ортой. “Шинэ сумын төв” төслийн эмнэлэг ашиглалтад орсноор сумын эмнэлэг 24 ортой болно.

Өнөөдөр 300 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа сумын сургууль 650 хүүхдийн багтаамжтай болж өргөжинө. Сурагчдын дотуур байрны хүрэлцээ мөн сайжирна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо ч өнөөдрийнхөөс 40 гаруйгаар нэмэгдэж, 160-д хүрнэ гэсэн мэдээллийг Баянлиг сумын Засаг дарга өгч байлаа.

Тус сумын сургуулийн халаалтыг нам даралтын 4 зуух ажиллаж халаадаг бөгөөд цогцолбор байгуулснаар ганц уурын зуух ажиллаж ”Шинэ сум”-ын бүх халаалтыг хийх ажээ.

Засгийн газрын зорилтын  хүрээнд Баянлиг суманд хэрэгжиж буй энэ төсөлд 10 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд аймгийн сумдыг ийм жишгээр хөгжүүлж болно гэсэн загвар болох, иргэд сумын төвд хэрхэн тухтай амьдрах боломжийг үзүүлнэ. Гэхдээ энэ хэрээр зардал нэмэгдэнэ. Энэ талаар иргэдтэйгээ ярилцаж зөв гарц олох учиртай. Амьдрах орчин сайжрахын хэрээр аймаг, нийслэл рүү чиглэсэн урсгал саарах эхлэл болно гэж Ерөнхий сайд хэлээд төслийг амжилттай хэрэгжүүлэхийг гүйцэтгэгч компани болон аймаг, сумын удирдлагуудад үүрэг болголоо.