2013.08.29

Өглөө сэрээд санаанд орсноо эрх баригчид хийж байна гэв

Ардчилсан нам Монгол Улсыг бодлогогүйгээр жолоодож байна хэмээн сөрөг хүчин үзэж байна.

Манай улс 2004 онд урт хугацааны бодлогыг боловсруулсан ч түүнээс хойшхи УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр нь түүнтэй уялдаагүй.

Тиймээс 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, түүнийгээ сонгуулийн мөрийн хөтөлбөр болгосон аж.

Ирээдүйн богино ба дунд 4-8 жил хугацааны хөгжлийн хэтийн төлвийн талаар бодит таамаглал дэвшүүлсэн байх учиртай гэнэ

Гэвч сонгуулийн үр дүн МАН-д дээрх бодлогын баримт бичгүүдээ хөрсөнд нь буулгах бололцоо олгосонгүй хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байна. Харин олонхи болж, төрийн эрхийг барьж буй Ардчилсан намд Монгол Улсын урт болон дунд богино хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө алга хэмээн шүүмжиллээ. С.Бямбацогт гишүүн “Өглөө сэрээд бодсон зүйлээ Ардчилсан намынхан хийж байна” хэмээн эрх баригчдыг шүүмжилсэн юм.

Тиймээс МАН-аас “Бодлоготой хөгжье” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уралдаан зарлаж буйгаа танилцуулав. Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд 4-8 жил хугацааны хөгжлийн хэтийн төлвийн талаар бодит таамаглал дэвшүүлсэн байх учиртай гэнэ.

Ингэхдээ ирээдүйд учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд шагналын нийт дүрмийн сан нь 20 сая төгрөг юм байна.