С.Бямбацогт: Засгийн газар улс орноо бодлогогүй, дүрэмгүй жолоодож байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Нийгмийн ардчилал хүрээлэнгийн захирал С.Мөнхбат, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. С.Бямбацогт хэлэхдээ “Өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндэрлээ.
Сөрөг хүчин гэдэг нь ганцхан эрх баригчдын муу талыг зүгээр хараад суухын нэр биш, бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөх гэдгийг МАН эрх баригч хүчин АН, Засгийн газарт ухааруулж байна" хэмээн онцлов.
Мөн "МАН-ынхны ярьж боловсруулж буй хөгжлийн бодлогыг уг нь эрх баригчид л хамгийн түрүүнд ярьж боловсруулж, хэрэгжүүлж байх учиртай. Гэтэл одоогийн Засгийн газар улс орноо бодлогогүй бодлого, дүрэмгүй дүрмээр жолоодож байна.
Эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавараар эдийн засгийн байдал хүндэрлээ.
МАН хүчтэй сөрөг хүчний хувьд Монгол улсыг хөгжил дэвшилд хүргэх алсын хараатай нэгдсэн бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэгч, иргэдийн оролцооны ардчиллыг дэмжигч улс төрийн тулхтай хүчин гэдгээ намынхаа Их хурлаар дахин нотлохыг хичээж байна" гэж мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, удахгүй болох намын Их хурлаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгжил дэвшлийн талаарх байр сууриа тодорхойлох аж.
Үүнтэй холбогдуулан залуу эрдэмтэн судлаачдын дунд “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг энэ сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл нээлттэй зарлаж байгаагаа дуулгалаа.