Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийх шаардлага харагдахгүй байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж байх шиг байна. Та энэ асуудалд ямар дүгнэлт өгч байна?
-Өмнө нь хийсэн долоон удаагийн өөрчлөлт сайжруулсан гэхээс илүү дордуулсан гэж хэлэх хүн олон байгаа болов уу. Нэг талаар гүйцэтгэх засаглал харьцангуй тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн ч төрийн хариуцлага, хяналтын тогтолцоо суларч, төрийн ажил цалгардах нэг хүчин зүйл боллоо гэж иргэд хэлж байна.
Уг нь Үндсэн хууль үйлчилж ирсэн 20 гаруй жилийн хугацаанд амьдралаас гарч ирсэн өөрчлөх шаардлагатай асуудлууд бол бий. Гэхдээ одоо сайжруулсан өөрчлөлт хийчихнэ гэх баталгааг олж харахгүй байна.
Харин ч улам дордуулж, нам сонгодог тогтолцоо руу орж, төрийн эрх мэдэл ард түмний гараас бүрмөсөн мултарч, намаар дамжиж хүслээ хэрэгжүүлдэг улс төр, эдийн засаглалын бүлэглэлүүдэд шилжих магадлалтай. Өнөөдөр л гэхэд төр барилцах эрх мэдлээ ард түмний саналаар шилжүүлж аваагүй 28 гишүүн УИХ-д сууж байна.
Өөрөөр хэлбэл, 1992 онд Үндсэн хуулиар олгогдсон ард түмэн төр барих эрх мэдлийнхээ гуравны нэгийг аль хэдийнэ намуудад алдаж, ардчилсан зарчим хазайчихаад байна. Тэр ч утгаараа энэ мэт Үндсэн хуулийн зөрчлийг арилгаж, дордуулсан долоон өөрчлөлтөө буцаах хэрэгтэй байх шиг байна шүү.
-Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн хуралдааны үеэр төрийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах бус намын шийдвэрт зохицуулан ажиллаж байна. Ийм үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах муу үр дагавартай гэж байсан. Тодруулахгүй юу?
-Бодит байдалд намуудын зөвшилцөл, шийдвэр гэдэг нь Үндсэн хууль болон бусад хуулиас давж үйлчилдэг болчихсон байна. Үүний тод жишээ түрүүн хэлсэн Үндсэн хуулиа зөрчсөн Сонгуулийн хуульд байгаа нам сонгодог заалт. Санал өгөх хуудсанд намуудын нэрийн ард төлөөлөх хүмүүсийн нэр байдаггүй.
Үндсэн хууль үйлчилж ирсэн 20 гаруй жилийн хугацаанд амьдралаас гарч ирсэн өөрчлөх шаардлагатай асуудлууд бий.
Зөвхөн намын нэр бичигдсэн учраас сонгогчид арга буюу түүнийг нь дугуйлсан. Намын нэрийн ард төлөөлөх хүмүүсийн нэр байж түүнээс сонгосон бол яая гэхэв. Тийм зүйл ч байсангүй. Үндсэн хуулийн манаач гэгдэж өөрийгөө дөвийлгөсөн Цэцийн гишүүд нь мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, нүдээ аниад өнгөрлөө шүү дээ.
Хуулийн өмнө бөхийдөг бус намын өмнө бөхийдөг ийм л төрийн түшмэдийн дунд л бидний амьдрал өрнөж байгаа нь нууц биш юм. Уг нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д намууд хуулийг сахиж, дээдлэн биелүүлнэ гээд заачихсан.
Бодит амьдрал дээр энэ заалтыг намууд мөрддөггүй. УИХ-д л гэхэд намын бүлгийн шийдвэр гэдэг нэрийн дор ард түмний төлөөлөл УИХ-ын гишүүдээр хүсээгүй зүйлийг нь хийлгүүлдэг зарчим өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Ийм нөхцөлд Үндсэн хуулийг улам дордуулсан өөрчлөлтүүд хийчихэж болзошгүй.
-Энэ сарын 16-нд ээлжит бус чуулган хуралдуулж Төсвийн тодотгол хийх тухай ярьж байна. Төсвийн хуулиар ийм нөхцөл бүрдсэн гэж үү?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуураар харвал тодотгол хийх үндэслэл харагдахгүй байна. Уг хуульд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас давсан тохиолдолд төсөвт тодотгол хийж байхаар хуульчилсан байдаг.
Гэтэл энэ оны эхний долоон сарын төсвийн гүйцэтгэлийг харахад төсвийн алдагдал 825 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байхад харин ч 680 тэрбум төгрөгөөр сайжирч 145 тэрбум төгрөг болсон байна. Ийм тохиолдолд төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл байхгүй.
Нөгөө талаар хямралыг давах арга зам бол төсвийн зарлагаа багасгаж бизнесийн идэвхжилээ бууруулж эдийн засгаа хөгжлийн хурдцаа саармагжуулах явдал гэж үзэхгүй байна. Харин ч төсвийн зарлага, санхүүжилтээ аль болох бизнесийн салбартаа хийж, идэвхижүүлэх замаар тэдний борлуулалтыг нэмж татвараа нэмэгдүүлэх бодлогыг явуулах нь үр дүнтэй.
Сүүлийн үед хямралыг давах дэлхий нийтийн хандлага ч тийм болж байна. Энгийн жишээ хэлье. Иргэд цалин, тэтгэврээрээ талх, гурил, хүнсний ногоо худалдан авч худалдааны бизнес эрхэлж буй хүмүүсийн борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Улсын хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барихад тийм үйл ажиллагаа явуулж буй бизнесийн компаниудын орлого нэмэгдэж, татвар төлөх боломж бүрдэнэ биз дээ. Төсвөөс санхүүжилтээ багасгая, нөгөө бараа нь борлогдохгүй, хийх ажил олдохгүй орлогогүй тохиолдолд ямар орлогоороо компаниуд татвараа төлхөв дээ.
Ер нь татварын орлогын төлөвлөгөө биелүүлэх зорилго тавьж хасна, танана гэвэл зах зээлд буруу сигнал өгч бизнесийн орчин муудаж татварын орлого бүрдэхгүй болно. Тиймээс миний хувьд төсөв тодотгох үндэслэл, шаардлагыг олж харахгүй байна. Харин аль болох зарлагаа санхүүжүүлж, бизнесээ идэвхижүүлэн орлогыг нь нэмэгдүүлэх замаар татвараа олж авахын төлөө л ажиллая гэх байна.
-Татварын орлого тасраад байвал яаж зарлагаа санхүүжүүлж бизнесээ дэмжих вэ?
-Засгийн газрын бэлэн мөнгөний төлөвлөлт, удирдлагаас л хамаарна. Орлогын урсгал тасалдлыг нөхөхөд зориулсан 800 гаруй тэрбум төгрөгийн бондын эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон байгаа. Мөн Монголбанк дах Засгийн газрын пассив энэ оны долоон сарын байдлаар 3.9 их наяд төгрөг байна.
Энэ бүхэн мөнгөний урсгал зохицуулалт хийхэд хангалттай мөнгө шүү. Төсвийн хүндрэлийг даван туулахад зориулсан Тогтворжилтийн санд л гэхэд 300 сая доллар хуримтлагдсан байна. Тэгэхээр тодотгоно, танана гэхээс өмнө байгаа бүх боломжоо ашиглах хэрэгтэй дээ.
-Сүүлийн үед мөнгөний ханш унаж, эдийн засаг доройтож байгааг хэн хүнгүй ярих боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хүртэл энэ сэдвээр хуралдаж байна. Эдийн засгийн сулрал юутай холбоотой вэ. Яаж даван туулах ёстой вэ?
-Эдийн засаг, төсөв, санхүүгийн зарим үзүүлэлтүүд төлөвлөсөн хэмжээнд биш байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг хямралд орчихлоо гэж төсөөлж болохгүй. Харин хямрал нүүрлэж байна гэвэл тийм гэж хэлье. Иймд байгаа боломжууддаа түшиглээд цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж түүнийгээ тууштай баримтлан ажил хэрэг болгоод явбал хямралыг тойрох бололцоо манайд бий.
Манайд ганц, хоёр бус хэдэн 10, 100-гаар яригдах баялаг ордууд байж байна шүү дээ. Алтан дээр сандайлж суучихаад бүсээ чангална, өлсөнө гэхээр гадныхан биднийг цаагуураа тохуурхаж байгаа. Баялаг бол бидний маш том давуу тал. Дэлхий дээр харилцан үр ашигтай гэрээ хийгээд ордыг эргэлтэд оруулчих түншүүд мундахгүй.
Өнөөдөр л гэхэд төр барилцах эрх мэдлээ ард түмний саналаар шилжүүлж аваагүй 28 гишүүн УИХ-д сууж байна.
Богино хугацаанд үр дүнгээ өгч, эдийн засгийг идэвхижүүлэх ямар арга замууд байж болох вэ гэдэг талаар товчхон саналаа хэлье. Гадны хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо сайжруулаад гадна хөрөнгө оруулалтыг татах асуудал яригдаж байна. Энэ зөв. Тэгэхдээ үлдсэн гурав, дөрвөн сард үр дүн нь гарчих арга хэмжээ биш юм.
Тодорхой хугацаа авна. Валютын ханшийг тогтворжуулахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Энэ чиглэлд богино хугацаанд үр дүнгээ өгөх хоёр арга зам байх шиг байна. Экспортоо нэмэгдүүлэх, гаднаас зээл авах юм.
Экспортын 90 хувь нь урд хөршөөс хамааралтай байгаа тохиолдолд тэдэнтэй хэл амаа ололцож, харилцан үр ашигтай бизнесийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхайлах хэрэгтэй байна. Хойд хөрштэй ч гэсэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх шаардлагатай.
Гадаад зах зээл дээрээс 1-2 тэрбум долларын зээл авъя. Энэ хэмжээний өр манай нэг л ордын хэдхэн хувь шүү дээ. Тэгээд аль нэг орд дээрээ гадны менежмэнт оруулан ашиглаж, олсон орлогыг нь төсөвт татахгүй, тусгай дансанд төвлөрүүлээд зөвхөн гадаад зээлээ төлдөг ирээдүйд өрийн дарамт үүсгэхгүй тогтолцоог бий болгоод явъя.
Ийм байдлаар импортоо санхүүжүүлэх хэмжээний валютыг нөөц бүрдүүлж чадвал бизнесээ идэвхижүүлэхэд битгий гар тат, мөнгө хий, борлуулалтыг нь нэмэгдүүл, татвараа олж ав гэсэн бодлого бариад явахад үр дүн гарах байх аа.
-Валютын ханшийг цаашид яаж тогтвортой байлгах вэ?
-Түрүүн хэлсэн дээ. Гадаад валютын нөөцөө хангалттай хэмжээнд байлгаж чадвал ханшийг тогтвортой байлгах бололцоотой. Бидний авах арга хэмжээнээс л хамаарна. Тухайлбал, Төв банк, Засгийн газар хоёрын үйл ажиллагаа хэрхэн уялдахаас хамаарах тийм төлөв харагдаж байна.
Гадаад валютын нөөцөө хангалттай хэмжээнд байлгаж чадвал ханшийг тогтвортой байлгах бололцоотой.
Засгийн газрын зүгээс нэг анхааралтай хандах асуудал бол зарлагын санхүүжилт, түүн дотроо хөрөнгө оруулалтын санхүүжилтээ мөнгөний бодлоготой уялдуулах асуудал чухал байна.
Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын үлдэгдэл 240 тэрбум төгрөгийг тооцохгүй бол эхний долоон сард ердөө л 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийсэн байна. Энэ бол маш муу үзүүлэлт.
Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө орон нутгаа оруулбал хоёр их наяд гаруй байгаа. Төсвийн орлогоос хамаараад нэг их наядыг санхүүжүүлж чадахгүй байлаа ч мөн энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн сард санхүүжүүлэх болж байна.
Энэ мөнгийг одооноос санхүүжүүлэхгүй, зөвхөн оны төгсгөлд санхүүжүүлж эхэлбэл валютын ханшид сөргөөр нөлөөлж болзошгүй. Тодруулбал, энэ санхүүжилтийн ихэнх хэсэг нь валют худалдан авахад зарцуулагдана. Энэ валютын эрэлтийг гэнэт нэмэгдүүлээд нийлүүлэлтэд асуудал үүсвэл оны төгсгөлд ханш өсгөж болох талтай.
-Таны анхааралтай ажиглаж байр сууриа илэрхийлдэг салбар бол уул уурхай. Өнөөдөр “РиоТинто” Монголын Засгийн газарт шахалт үзүүлж байна гэх боллоо. Та нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Энэ том төсөл дээр хамтрагчийн хувьд хуулийг нь хүндэтгэж, харилцан үр ашигтай ажиллах зарчим баримтлаад явбал ямар ч асуудал үүсэхгүй. Бид энэ том төслөө явуулах бодлого барьж буй нь тодорхой.
Харин хэзээ ч хүлээж авахгүй зүйлийг янз бүрийн байдлаар тулгаад байвал төслийн хэрэгжилтэд сөрөг нөлөөлөлтэй. Тэдний зүгээс гадны хөрөнгө оруулалтыг бууруулах замаар эдийн засгийн хүнд байдалд оруулж байж бодлогоо тулгах гээд ч хол явахгүй биз дээ.
Ганц орд, нэг компанийг хараад суугаад байж болохгүй. Тэгээд ч ганц компаниас шалтгаалдаг улс орон байж болохгүй. Харин хуулийг нь дээдэлж,харилцан үр ашигтай ажиллая гэсэн бусад хөрөнгө оруулагчдад таатай боломж олгоод явъя. Эрдэнэт болоод л байна.
-“РиоТинто”-гийн шахалт даамжирч Ц.Сэдванчиг ажлаас халагдлаа?
-Хөдөө малын дэргэд өссөн бид чинь нэрлэх уултай, санагалзах нутагтай байдаг учраас хувийнхаа эрх ашигт хөтлөгдөөд газар, шороо, баялгаа харийнханд өгчих хүмүүс биш. Нутгийн дүүгийн гаргасан шийдвэрийг би зөв гэж бодож байгаа.
Олон түмэндээ хайрлагдаж, хүндлүүлэх нэрээ авч үлдсэн нь сайн байна. Харийнхантай хуйвалдаж буй нөхдүүд нэг л цагт илэрч, Монголдоо амьдрахад хэцүү болно шүү дээ. Тэр тусмаа үр удамд нь маш хүнд тусна.
-Та Сүхбаатарын талбайг нэрийг өөрчилсөнд шүүмжлэлтэй хандаж байсан. НИТХ-ын шийдвэр хүчингүй гэж хүртэл мэдэгдэж байсан. Ахиц гарсан уу?
-Ахиц гарахгүй байна. УИХ намрын чуулган эхлэхээр энэ асуудлыг хөндөх бодолтой байгаа. Улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө явж, түүнийгээ баталгаажуулж ирсэн өнгөрсөн 70 жилийн түүхийг бүдгэрүүлнэ гэдэг бол аюултай алхам.
Ардын хувьсгал байхгүй байсан бол юун ардчилсан хувьсгал. Зөвхөн Түвд л төсөөлөгдөж байна. Ер нь энэ цаг хугацааг нэг намтай холбож болохгүй. Тэр мөчлөг бол Монголын түүхийн нэг хэсэг юм. Хэнбугай ч засаж чадахгүй, хэзээ нэг цагт амьдрал өөрийн жамаараа үргэлжилж, алдаагаа шүүж, засаад явах нь тодорхой.