С.Баярцогт: МАН-ын байрыг хураах санал намуудаас л гарсан
УИХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа. Тэрээр Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байгаа юм.
-Ажлын хэсэг төслөө боловсруулж дууссан уу. Ямар шатандаа явна вэ?
-Манай ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 8-нд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах юм. Бүх намын төлөөлөл орсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан л даа. 19 гишүүнтэй.
Улс төрийн намын хуулийг анх 1990 онд батлаад, 2005 онд шинэчилсэн найруулга хийж байсан юм. Ийм хуулиар өнөөдөр улс төрийн намуудын бүх харилцаа зохицуулагдаж байгаа. Энэ удаад бид Улс төрийн намын тухай хуулийг хоёр салгах юм. Эхнийх нь намын тухай, нөгөөх нь намын санхүүжилтийн тухай.
-Улс төрийн намын тухай хуулийг хоёр салгаж байгаагийн учир юу вэ?
-Улс төрийн намын тухай хууль дээр голчлон ярих зүйлээ эхлээд хэлье. Намын үзэл баримтлалын асуудлыг тодорхой болгож гаргаж тавина. Хоёрт, намын гишүүнчлэлийн асуудлыг маш их ярьж байгаа шүү дээ. Хатуу гишүүнчлэлгүй байвал яасан юм бэ гэж ярьж байгаа, хүмүүс.
Гэхдээ дэлхий дээр гишүүнчлэлгүй нам гэж байдаггүй юм байна. Тодорхой хэмжээнд гишүүнчлэлтэй байна. Харин тэр нь манайх шиг хатуу бүртгэлтэй, хатуу зохион байгуулалттай байх уу. Эсвэл тодорхой хэмжээнд идэвхтэй гишүүдээ бүртгээд явдаг ийм зохион байгуулалт байвал ямар вэ гээд.
Улс төрийн намын тухай хууль
Тэгэхээр нэлээд орчин үедээ тохирсон хувилбарыг сонгож авах бодлого байгаа. Нөгөө нь намын санхүүжилтийн асуудал. Бид үүнийг салгаж үзэхээр болсон. Гэхдээ зөвхөн улс төрийн намын санхүүжилт гэхээс илүү улс төрийн санхүүжилт байдлаар ярьж байна. Үүнийгээ дотор нь гурван чиглэлээр ойлгож байгаа.
Нэгд, намын үйл ажиллагааны санхүүжилт. Хоёрт, намуудын дэвшүүлж байгаа үзэл баримтлалын санхүүжилт орох ёстой. Энэ нь голдуу улс төрийн сангаар дамждаг туршлага байдаг аж. Тэгэхээр үүнийг хуульчилж тодорхой болгох юм. Гурав дахь нь сонгуулийн санхүүжилт.
Одоо Сонгуулийн нэгдсэн хуулийн асуудал зэрэгцээд яригдаж байгаа учраас энэ гурван төрлийн санхүүжилтийг бүхэлд нь нэгтгээд Улс төрийн санхүүжилтийн тухай хууль болгон баталж ч магадгүй байна. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллах болно.
Дараагийнх нь намуудын өмч хөрөнгийн тухай асуудал бий. Бас намуудын дэргэдэх залуучуудын, эмэгтэйчүүд, ахмадын байгууллага нь ямар байх вэ гэдгийг зохицуулна.
Улс төрийн байгууллагын хэлбэрээр байх уу, эсвэл намаасаа ангид төрийн бус байгууллага хэлбэрээр байх уу гэдгийг нарийвчилна, Мөн намын дотоод ардчилал, зохион байгуулалтын асуудал чухал. Бүх намын тоглоомын дүрэм нэг байх ёстой гэсэн зүйлүүдийг хөндөж ярьж байна.
-Энэ бүх зүйлээр ойлголцолд хүрч чадаж байна уу. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын удирдлага энэ сэдвээр ширээний ард сууж ярилцсан шүү дээ?
-Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гуравдугаар сарын 6,12, долдугаар сарын 1-нд гээд гурван удаа хуралдсан. Дээр нь зөвхөн ажлын хэсэг буюу парламентад суудалтай намуудын хүрээнд хуралдах нь зохисгүй гэж үзсэн.
Тэгээд таны хэлсэн парламентад суудалтай болон суудалгүй бүх намд мэдээлэл хүргэх үүднээс бүх намын удирдлагыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энд улс төрийн 21 намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн 41 хүн оролцсон том хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэг дээр 20 гаруй хүн үг хэлж, саналаа илэрхийлсэн.
Дээр нь УИХ-ын гишүүд оролцож бодлоо хуваалцсан. Өргөн хэмжээний энэхүү хэлэлцүүлгээр 2005 онд шинэчилсэн найруулга хийж өнөөг хүртэл мөрдөж байгаа Улс төрийн намын тухай хуулийн сайн болон сул талыг ярьсан.
Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд намуудад бий болсон хүндрэл, энийг арилгах арга зам юу байх вэ гээд намуудын саналыг нэгтгэх зорилгоор хоёр ч удаа албан тоот явуулсан.
Энэ бичгээ гуравдугаар сарын 11, тавдугаар сарын 19-нд гээд хоёр удаа явуулсан. Магадгүй сонгууль давхцсан болоод ч тэр үү нэлээд хойрго хандсан. Монголын ногоон нам, ИЗНН, МУНН гурваас л албан ёсны санал нь ажлын хэсэгт ирсэн байна. Бусад намынх ирээгүй байна.
Тийм учраас дахиад тодорхой бичиг улс төрийн намуудад явуулж, саналаа ирүүлэхийг хүснэ. Мөн парламентад суудалтай таван намын хувьд ажлын хэсэгт байгаа учраас тодорхой яриа хэлэлцээ, санал солилцох ажлууд явж байна. Гэсэн ч бүлэгт нь албан ёсоор хүсэлтээ тавина.
Улс төрийн нам гэдэг бол манай төрийн байгуулалтыг бий болгодог гол институц. Тэгэхээр Үндсэн хууль, сонгуулийн хуультайгаа уялдана. Ер нь бол Үндсэн хуулиас ургаж гарч байгаа органик гол хууль учраас өргөн хэмжээний зөвшилцөлд хүрч байж энэ хууль батлагдана.
Бодит амьдрал дээр иргэдийн хүсэл сонирхол, намууд, төрөө бид яаж байгуулах вэ гээд олон асуудалтай уялдсан том цогц хууль. Тийм учраас бид Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хоёртой уялдуулж зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Ер нь Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлага юу байна вэ. Судалгаа шинжилгээ хийсэн зүйл бий юү?
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд хуульдаа өөрчлөлт оруулаагүй ч манай хуулийн талаар маш олон судалгаа, дүгнэлт хийгдсэн. Дээр нь хэд хэдэн төслүүд ажилласан.
Би онцгойлон дурдаж хэлэхэд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд Улс төрийн намын тухай хуулийн талаар, намын гишүүнчлэл, санхүүжилтийн талаар шат дараатай үргэлжилсэн судалгааг олон улсын байгууллагатай хамтарч хийсэн. Тэр нь бидэнд маш их хэмжээний дэмжлэг болж байгаа.
Цаашид тодорхой асуудлаар гадаадын сайн туршлага, өөрсдийнхөө эрдэмтдээр харьцуулсан судалгаа хийх нь зүйтэй юм гэж үзсэн. Тэгж байж нийгэмд зөв ойлголт өгнө. Тэгэхгүй бол бүхэлдээ улс төрийн нам гишүүнгүй байх ёстой гэсэн ойлголт нийгэмд яваад байна.
Тэр нь огт гишүүнгүй гэсэн үг юм уу, эсвэл хавтгайруулж гишүүн элсүүлэхгүй гэсэн үг үү. Бүр намын удирдах албан тушаалтан, сонгуульт албан тушаалтнаар дамжуулж үйл ажиллагаа явуулах уу гэсэн олон хэлбэрээс Монголдоо зохистойг нь сонгох дээр ажлын хэсэг байр сууриа ойртуулж байгаа.
Энд нэг зүйл хэлэхэд, хуулийн төслийн хувьд бэлэн болоогүй байна. Гэхдээ 2005 оны хуульдаа үндэслэсэн төслүүд бий. Бас Ерөнхийлөгчийн Тамгын газар судалгааныхаа явцад хийсэн хэд хэдэн хувилбар байгаа. Тэр бүгдийг ажлын хэсэг өөрсдийн үндсэн баримт бичиг гэж үзэхгүй байгаа ч намуудын саналыг авсны дараа тодорхой хувилбарууд гарна.
-Санхүүжилт дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юү. Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх хувилбар дэмжигдэх магадлал өндөр байгаа гэсэн мэдээлэл байна?
-Бидний хувьд гаднын туршлагуудыг харж байна. Тэгэхэд бүх намыг улсын төсвөөс санхүүжүүлдэггүй юм байна.Харин сонгуульд оролцож авсан саналаар нь харьцуулж санхүүжүүлдэг хэлбэр бий. Ер нь бол намын санхүүжилт гурван хэсэгт хуваагдаад байгаа шүү дээ.
Сонгуулийн үеийн, намын үйл ажиллагааны, үзэл баримтлалын санхүүжилт гээд. Олон улсын туршлагаар болон манайд ч гэсэн парламентад суудалтай намд төсвөөс санхүүжилт өгдөг. Өөрөөр хэлбэл, авсан суудлаар нь дамжуулж санхүүжүүлдэг аргачлалыг бид одоо ч хэрэглэдэг.
Үүнийг гүнзгийрүүлэх ёстой. Дараагийнх нь улс төрийн намууд өөрсдийн үзэл бодол, байр сууриа сурталчлахдаа Улс төрийн сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг юм байна. Герман зэрэг Европын орнуудын туршлагыг харж байхад парламентад бүлэгтэй болсон намуудад Улс төрийн сан байгуулахыг зөвшөөрч, тэр санг нь төсвөөс санхүүжүүлдэг.
Гурав дахь, нам өөрөө өмчтэй байх уу, үгүй юү гэдэг асуудал байна. Нам өөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах уу гэдгийг нэг тийш шийдэх хэрэгтэй. Ингэхдээ хэд хэдэн хувилбар яригдаж байна.
Намууд үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний байртай байх ёстой гэдэг. Нөгөө талаас намын байрыг төр хангах ёстой гээд эсрэг тэсрэг байр суурь явдаг. Үүнийг нэг тийш болгох ёстой. Яг өмч, санхүүжилт хоёр дээр шийдэх ёстой юм гэнэ.
Намуудын удирдлагын уулзалт дээр МАН-ын байрыг хураах санаачилга хүртэл гарсан. Ийм хууль гаргах гэж байгаа юм уу?
-Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр тэгж ярьсан. Гэхдээ энэ бол тодорхой намуудын л санал. Бид хууль хийхдээ нэг намын өмч хөрөнгө рүү халдах зорилгоор хийхгүй. Харин хуулийн зорилго бол цаашдаа намууд өмч, хөрөнгөтэй байх юм уу, аж ахуйн үйл ажиллагаа явуулах уу гэдгийг зохицуулах Өөрөөр хэлбэл, намуудыг яаж санхүүжүүлэх юм бэ гэдэг л асуудал.
Төрөөс санхүүжүүлэх үү, хувь хүний хандиваар уу, эсвэл төр, хувь хүний хандиваар уу гээд л. Энэ бүхнийг бүхэлд нь нэг тийш гаргах ёстой.
-Бусад оронд яадаг юм бол.
-Бүх хувилбар л байна. Төр нь дангаараа санхүүжүүлдэг улсууд байхад, төр санхүүжүүлж, хувь хүнээс бас хандив авдаг ч хувилбар байна. Бас компаниудаас хандив авахыг хориглосон улс ч байна. Ийм янз бүрийн хувилбар байна л даа. Бид өөрийн улсын онцлогт тохируулж зөв хувилбарыг нь аваад явах боломж байна л гэж хардаг.
-Энэ төслүүдийг хэзээ батлах вэ. Намрын чуулганаар амжих уу?
-Энэ хууль маань Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдах гээд байгаа юм. Гэхдээ бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хамаарахгүйгээр сонгуультай нэг дор гаргачихъя гээд байгаа.
Тэгэхээр сонгуулийн хууль сонгууль ойртох тусам сайн хууль болж чаддаггүй. Аль болох эрт батлах ёстой гэдэг шүү дээ. Тэгэхээр намрын чуулганы явцад аль алийг нь өргөн барьчих бололцоо гарах болов уу. Ажлын хэсэг ийм л зарчмаар ажиллаж байгаа.
-Улс төрийн намын тухай хууль дээр парламентад суудалгүй намуудын санал тусгалаа олох боломж хэр байгаа бол. Тэд бүх намын өмчийг хураах, төсвөөс санхүүжүүлэх, намуудад төрөөс байр гаргаж өгөх асуудлыг тавиад байгаа шүү дээ.
-Мэдээж намуудын саналыг сонсоно. Гэхдээ ажлын хэсэг улс төрийн төлөвшлийг бий болгох хууль хийнэ. Түүнээс хүн болгонд таалагдах гэж хууль хийхгүй.
Монголын төрийг бүрдүүлж байгаа институц ямар байх вэ гээд гол тулгуур юм нь богино хугацаанд аль нэг намд биш, Монголын төрийн урт хугацаатай уялдаж гарах ёстой. Хэлэлцүүлэг бол хүмүүсийн оролцоотой, ил тод, нээлттэй явна.