Ж.Сүхбаатар: Одоогийн 76 чинь тэлчлээд тэлчлээд монголын нийгмийн төлөөлөл болж чадахгүй
2011.10.04

Ж.Сүхбаатар: Одоогийн 76 чинь тэлчлээд тэлчлээд монголын нийгмийн төлөөлөл болж чадахгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Энэ чуулганаар хэлэлцэх асуудлууд тодорхой болсон. Харин танай байнгын хороогоор хэлэлцэх асуудал хэр олон байгаа бол. Төлөвлөсөн асуудлаа хэлэлцүүлж амжих уу?
-Чуулганаар Сонгуулийн тухай хууль хэлэлцэнэ. Энэ хуульд Монгол Улсын улс төрийн тогтвортой байдал яаж хангагдах, төрт ёсны аюулгүй байдал хэрхэн дархлаажих вэ гэдгийг ярьж байна. Мөн 2008 оноос хойш яригдаж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд нэлээн олон асуудал байна. Үүнийг шийдэхэд цаг хугацаа бага байна. Ямар ч байсан Төрийн байгуулалтын байнгын хороо төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцүүлж, тэр тусмаа Сонгуулийн тухай хуулийг ойрын хугацаанд батлуулахаар хичээж байна.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үнэхээр байгаа хэрэг үү?
-Үүнд хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа. Миний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гурван үндсэн шаардлага байгаа гэж үзсэн. Нэгдүгээрт, нийгмийн шаардлага, хоёрдугаарт улс төрийн шаардлага, гуравдугаарт төрийн ажлыг сайжруулах үүднээс хяналт хариуцлагын системийг сайжруулах захиргааны шаардлага бий болоод байгаа юм. Энэ хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар намайг томилсон. 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласан. Бид нийгмийн хэрэгцээ шаардлагыг тандаж 40 орчим мянган хүнээс судалгаа авсан. Ингэхэд 50 гаруй хувь нь энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн.
-Парламентын гишүүдийн тоо бага байна гэж үзээд 99 болгох санал гаргасан. Ингэснээр парламентад шинэчлэл хийж чадах уу?
-Би үүнд албан ёсоор тайлбар хийе. Үүнийг би ганцаараа гаргачихсан тоо биш. Мөн өөр хэн нэгний дэмий гаргасан тоо ч биш. Хоёр танхимтай болгох саналыг улс төрийн намууд болоод иргэд ч дэмжиж байгаа. Хоёр танхимтай болно гэдэг маань парламентыг өргөтгөж байгаа хэлбэр. Парламентын гишүүд өөрсдөдөө төсөв мөнгө батлуулдаг, дарга, сайд болж аашилдаг гэх мэтийн шүүмжлэл байдаг. Нөгөө хэсэг нь ийм олон дарга байхын оронд гишүүдийн тоог цөөлье гэдэг.
Гишүүд цөөхөн байх тусмаа олигарх бүлэглэл тогтдог юм.
Тэгэхээр гишүүдийн тоог 99 болгох бас л гурван хэрэгцээ шаардлага байгаа. Тухайлбал, 1992 оны хүн амтай өнөөгийн хүн амыг харьцуулбал хагас саяар өссөн, мөн тэр үеэс хойш нийгмийн асар олон бүлэг бий болоод байна. Улс төрийн хоёр гурван намаар улс төрийн ашиг сонирхол илэрхийлэгдэхээ байчихжээ. Тэгэхээр парламент бол нийгмийн төлөөллийн байгууллага юм. Шуудхан хэлэхэд хоёр намаар дамжсан энэ систем бол улс төрийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Одоогийн парламентад сууж байгаа хоёр намын нэг нь ялсан болж нөгөөхөө дарамталдаг, нийгмийн авилгажуулдаг сөрөг зүйлүүд нь байгаа учраас парламентыг өргөтгөх хэрэгтэй.
-Парламентын гишүүдийг өргөтгөх нь нөгөөх л мөнгө төгрөг их зарцуулагдана. Тиймээс цөөлөөд 50 болгоё гэх санал ч гарч байсан шүү дээ?
-76 үнэ цэнэтэй гишүүнийг цөөлөөд 50 болговол тэр хүмүүс чинь жинхэнэ дарга болно. Хамгийн сүүлд тусгаар тогтносон Косова улс манайхаас хоёр дахин хүн амтай мөртлөө, 120 гишүүнтэй. Мөн Истони улс 101 гишүүнтэй. Яагаад тоо яриад байгаа вэ гэхээр судлаачид тогтоосон байна.
90-150 гишүүнтэй парламентад хяналт хариуцлага блансждаг гэж үздэг.

Харин олон болчихвол нөгөө олон гишүүд чинь дарга биш төлөөлөгчийн шинжтэй болно. Төлөөлөгч шинжтэй болбол хяналт хариуцлага нь сайжирна. Төрийн бодлогыг батлахад олон хүний санал шүүмжлэл тусч, баталсан хууль, бодлого нь илүү нарийн болох юм. Тоо нэмснээр сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж байгаа хэрэг. 99 боллоо гэхэд хэн дуртай нь орохгүй л дээ. Бас л чөлөөт өрсөлдөөнөөр шийдэгдэнэ. Ингэвэл тэр Батзандан, Лхагважав, Ганбаатар нарын иргэний нийгмийн төлөөлөл багтана гэсэн үг л дээ.
-Тэгвэл 99 гэдэг хэр бодит тоо вэ?
-Энэ бол тийм ч таргалчихсан тоо биш. Хүн амдаа тохирсон гэж үзэж байгаа. Одоогийн 76 бол ард түмний бага төлөөлөл юм. Нэг ёсондоо төрийн бодлогыг 20 хүн л шийдээд байна гэдэг шүүмжлэл нь үнэн. 99 гэдэг тоог зүгээр санаанаасаа зохиож гаргаагүй. Гадаадын улс орны парламент нь 150-иас  илүү  хүнтэй  байвал түшээд нь чуулганы танхимд үг хэлдэггүй журамтай. Зөвхөн бүлэгтээ л байр сууриа илэрхийлнэ. Харин чуулганд бүлэг нь бодлогоо ярьдаг. Тэгэхээр дээрх байдлаар зохицуулалт оруулчихвал хэн дуртай нь чуулганы танхимд үг хэлж даналзахгүй.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн шүү дээ?
-Ерөнхийлөгч албан тасалгаандаа алга ташуулдаг байж болно. Гэхдээ энэ бол урлагийн тайз биш. Харин ажил хийдэг хүмүүс бол алхам алхмаар урагшлах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Сүхбаатар, Дэмбэрэл нар шийдээгүй. Нийгмийн хэрэгцээ шаардлага үүнийг хүсээд байна. Харин би ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажлаа урагшлуулах ёстой гэдгийг л мэдэж байна. Үүнийг хориглон гацааж байгаа хүн хариуцлага хүлээх ёстой.
Өнөөдөр хориглосон бол дараагийн сонгуульд өөрчлөх ёстой гэдгийг нь ойлгох болно.
Одоогийн 76-г чанаржуулна гэж яриад байгаа. Гэвч тэлчлээд тэлчлээд одоогийн 76 чинь монголын нийгмийн төлөөллийг бүрэн хангаж чадахгүй яваа. Бүх л салбарынхан төлөөллөө оруулъя гэж байна. Оруулах л ёстой. Хоёр гуравхан нам хоорондоо яриад шийддэг зүйл биш. Ийм зүйл хийхийг ардчилал гэхгүй шүү дээ. Яах вэ үүнийг шүүмжилж байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Гэхдээ уучлаарай. Энэ шинэчлэлийг өнөөдөр хийдэггүй юм аа гэхэд дараагийн жил хийх л болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.