Хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар санал солилцов
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 05 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулсан юм.
УИХ-ын дарга Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл дээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүдтэй өнөөдөр уулзан ажлын явцтай танилцаж, санал солилцов. Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүйгээр зарим зохицуулалтыг тодотгон сайжруулах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар энэ үеэр танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи зарчмын зарим өөрчлөлтийн талаар санал нэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.