Ж.Сүхбаатар:УИХ Үндсэн хуультай харшлах шийдвэр гаргаагүй
2011.01.11

Ж.Сүхбаатар:УИХ Үндсэн хуультай харшлах шийдвэр гаргаагүй

Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг боомилсон хуулиа эргэж харахаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн энэ сарын 11-нээс өмнө санал боловсруулж, танилцуулах үүрэг хүлээжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ж.СҮХБААТАРААС тодрууллаа.

-УИХ-ын Дэгийн тухай хуулийн заалтуудыг өөрчлөхталаар ажлын хэсэг сая хуралдлаа. Ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Одоогоор ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэх боломжгүй байна. Ажлын хэсгээс гарсан саналаа эхлээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд танилцуулах ёстой. Түүний дараа л ажлын хэсэг ийм шийдвэрт хүрлээ гэдгийг мэдээлж болно. Одоогоор санал дүгнэлтээ нэгтгээгүй байна. Хугацаа шахуу байгаа. Тэгэхээр өнөөдөр /өчигдөр/ ажлын цаг дуусахаас өмнө гаргасан хувилбараа УИХ-ын удирдлагад танилцуулна.

-Ажлын хэсэг Дэгийн тухай хуулийн заалт дээр санал зөрөлдсөн асуудал гарсан уу?

-Санал зөрөлдөх юу байх вэ. УИХ Үндсэн хууль болон бусад хуульд харшлахаар шийдвэр гаргасан гэж үзэхгүй байгаа. Ажлын хэсгийнхэн ч санал зөрөлдөх гэхээсээ илүү энэ асуудал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

-Байнгын хорооны хурлыг нээлттэй болгох саналыг олон нийт шаардаж байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Сэтгүүлч өөрөө биечлэн байлцаагүй, чихээр сонсоогүй бол мэдээлэл хаалттай боллоо гэж үзэж болох уу. Байнгын хорооноос гарах мэдээлэл нээлттэй, хэн ч олоод мэдчихэж болохоор байна. Цаашдаа Байнгын хорооны хуралдааныг хэсэгчилсэн байдлаар бус нэгдсэн том камераар, дэлхийн жишигт хүрсэн зарчмаар нээлттэй үзүүлдэг болъё гэж байгаа. Иргэд мэдээллийг заавал сэтгүүлчээр дамжуулж биш шууд авах боломжийг бүрдүүлнэ.Тэгэхээр ажлын хэсэг мэдээлэл олж авах эрх, хүртээмжийг хориглосон гэж үзэхгүй байгаа. Дэлхийн олон оронд бидний сая зохицуулснаар явж байна шүү дээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ыг өмнөхөөсөө ухарсан хэрэг гэж үзэж байгаа шүү дээ?

-20 жил нэг янзаар явж ирсэн парламентын үйл ажиллагаанд ахиц гаргамаар байна шүү дээ. Ахиц гаргаж, ажлаа сайжруулж, зүтгэе гэсэн оролдлого гарч байна. Ухарч байна гэдэг хэсэг хүний л бодол гэлээ.

 

Харин УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс, ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан талаар мэдээллээ. Ажлын хэсэг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар бус, сэтгүүлчид биечлэн байлцаж мэдээлэл авах ёстой гэсэн саналыг харгалзан хуулийн заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ. Мөн сэтгүүлчдийн мэдлэг дадлага, ур чадварт УИХ үнэлгээ өгч эрх олгохоор байсныг ч өөрчлөн найруулжээ. Цаашид УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн түгээхтэй холбоотой харилцааг тодотгон нарийвчилж зохицуулах асуудалд УИХ, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын аль аль нь анхаарч хуулийн төсөл боловсруулах шаардлагатай байгааг төсөл санаачлагчид онцлон тэмдэглэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.