Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хийх тухай журам тухай хуулийн боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа
УИх-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсэгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн, МНН-ын дарга Д.Энхбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж (Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга) нарын багтжээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш хоёр удаа нэмэлт оруулсан билээ. Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын талаар янз бүрийн санал гарч байсан юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар түүнийг улам боловсронгуй болгох талаар сүүлийн үед улс төрийн намууд, улстөрчид, эрдэмтэн судлаачид нэлээд ярих боллоо. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа парламентад хамгийн олон суудал авсан МАХН, АН-ын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ч энэ талаар тодорхой заалт оруулсан байдаг.
Иймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл санаачлага гарган Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө энэхүү өөрчлөлтийг хэрхэн хийх тухай асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэж үзэж, ийм Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн УИХ-ын дээрхи гишүүдээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Монгол Улсын гавьяат хууль Б.Чимэдээр ахлуулан Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал Ж.Амарсанаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал С.Нарангэрэл, тус сургуулийн тэнхмийн эрхлэгч Д.Солонго, профессор-багш Ц.Сарантуяа, Хууль зүйн үндэсний төвийн сургалтын албаны эрхлэгч С.Сүхбаатар, УИХ-ын даргын зөвлөх Ж.Нарантуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга Л.Батжав, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх Ц.Цогтсайхан, зөвлөх Э.Эрдэнэсүрэн, референт-судлаач Ш.Хишигсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.