Ж.Сүхбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 999 болгосон ч болно
2011.10.04

Ж.Сүхбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 999 болгосон ч болно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Намрын чуулганы нээлтээ хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ удаагийн УИХ-ын хамгийн сүүлийн намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд өмнөө тавьсан олон зорилтуудаа хэрэгжүүлээд явж байгаа. Зарим нэг шийдэгдээгүй том асуудлууд энэ чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Сонгуулийн хууль л гэхэд Монголын улс төрийн тогтвортой байдал цаашид яаж хангагдах вэ, төрт ёсны аюулгүй байдал хэрхэн дархлаажих вэ гэдгийг шийдэх түлхүүр асуудал болоод байгаа. Мөн төсвийн шинэчлэлтттэй холбоотой Төсвийн хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хүлээгдэж байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх цаг бидэнд бага байгаа. Энэ нь биднээс асуудлыг цаг хугацаа алдалгүй, шахуу, хариуцлагатай ажиллахыг шаардаж байна. УИХ дахь намын бүлгүүд хамтран ажиллаж энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Манай байнгын хорооны зүгээс хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан асуудлуудаа бүгдийг нь хэлэлцүүлэхээр зориж байна. Тэр дундаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн, батлуулахын төлөө хичээж ажиллана.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Энэ асуудлаар хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Нэмэлт засвар оруулах нийгэм, улс төр, төрийн ажлыг сайжруулах хяналт хариуцлагын системийн гэсэн гурван шаардлага байна. 2008 оны парламент сонгогдохоос өмнө хоёр намын бүлэг зөвшилцлийн ажлыг хэсэг УИХ дээр байгуулж, баримт бичигт гарын үсэг зурж байсан. Ингэхдээ Сонгуулийн хууль, Үндсэн хууль дээр шинэчлэлт хийхээр тохиролцсон. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр ч удаа өргөн барьсан. Эндээс харахад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ 2008 оноос эхлэн ярьж эхэлсэн. Үүний эхний алхам 2000 онд болж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ажил багагүй хэл ам, маргаан дагуулсан. Тиймээс 2009-2010 онд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргаж, хэрхэн яаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ямар зүйлд нь өөрчлөлт оруулж болохгүй вэ гэдэг хязгаарыг хийж өгсөн.

-Энэ хууль батлагдсаны дараа УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт эсэх асуудлаар ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсгийн ажил ямар шатанд явж байгаа вэ?


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ ажлын хэсгийн ахлагчаар намайг томилж ажлуулсан. 40 гаруй бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг байгуулсан. Эдгээрийн  20 орчим нь УИХ-ын гишүүн.  Бид нийгмийн хэрэгцээ шаардлагыг тандах үүднээс орон нутгийн 40 орчим мянган хүнээс судалгаа авсан. Үүний 50 гаруй хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. Эдгээрээс гадна олон зуун санал ирсэн. Энэ бүхнийг харгалзан үзээд нийгмийн хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн. Улстөрчид, эрдэмтэн судлаачдын хувьд 20 жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж ярьж ирсэн. Мөн орон нутагт өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа энэ үед төрийн удирдах ёсны оновчтой тогтолцоо байна уу, үгүй юу. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрынхаа өмнө хариуцлага хүлээж чадаж байна уу, хот тосгоны засаг захиргааны нэгжүүд ямар харилцаатай байх юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай байна. Үүний дагуу бид төслөө бэлтгэж, бэлэн болголоо. Энэ төслийг бэлтгэх амаргүй байлаа.

-Хот тосгон, баг, хороо гэдгийг өөр өөрийн чиг үүрэгтэй болгохоор тусгасан гэл үү?

-Хот тосгон гэдгийг засаг захиргааны нэгж болгохгүйгээр тусдаа өөрийн чиг үүрэгтэй, удирдлагатай, төсөв аж ахуйтай суурин газар байлгахаар зохицуулсан. Үүн дээр нь одоогийн байгаа орон нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулж, аймаг, нийслэлийн Засаг даргыг төр засаг нь илүү мэдэж буюу Ерөнхий сайд нь томилдог тогтолцоонд оруулья. Сум, баг гэдэг илүү иргэндээ ойрхон байдаг өөрөө удирдах ёсны орон зай юм байна. Тиймээс тэнд сонгуульт албан тушаалыг бий болгоё. Сумын Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгодог байя. Ингэж иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг болгоё гэсэн юм.

-УИХ гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хашидаг заалт ихээр шүүмжлэлд өртдөг. Энэ хуулийн төсөлд дээрх асуудал яаж тусгагдсан бэ?

-УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний бүрэлдэхүүний 3/1-ээс илүүгүй хэсгийг бүрдүүлж болно гэж тусгасан. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагууд буюу аймаг, нийслэл, баг, хороо Үндсэн хуульд заасан эрх хэмжээгээ зөрчиж байвал өөрсдөө Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргаж, эрх ашгаа хамгаалдаг болгох талаар тусгаж өгсөн.

-Энэ хуулийн төсөлд парламентийн гишүүдийн тоог 99 болгох асуудал орсон байсан. 99 гэсэн тооны учрыг тайлбарлах уу?

-Үүн дээр хүмүүс янз бүрийн зүйл ярьж байна лээ. Энэ асуудлыг гэнэт нэг хүн бодож байгаад хийгээгүй. Хоёр танхимтай парламенттай больё гэсэн асуудлыг иргэд, эрдэмтэн, улстөрч нийлсэн цөөнгүй тооны хүмүүсээс санал, санаачлага гаргасан. Хоёр танхимтай парламент гэдэг одоогийн байгаа 76 гишүүнтэй парламентаасаа бүрэлдэхүүн, бүтцийн хувьд илүү өргөтгөсөн хувилбар.

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол шаардлагыг юу гэж үзэж байна вэ?

-Парламентын хяналт, хариуцлага, ардчилал талаас нь хоёр танхимтай парламентийг нэг хэсэг хүн тайлбарладаг. Нөгөө хэсэг нь манай парламент өөртөө зориулж төсөв батлаж, дур зоргоороо аашилдаг гэдэг. Бүр нөгөө талд энэ эрх мэдлийг хязгаарлахын тулд тоог нь цөөлье гэсэн санал гаргадаг. Тэд улс төрийн товчоо шиг есөн хүнтэй болгоё. Эсвэл зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай болгоё гэдэг. Гэтэл одоо Монгол Улс хоёр сая гаруй хүн амтай болж, нийгмийн бүтэц давхаргад өөрчлөлт оржээ. Гэтэл парламент гэдэг нийгмийн төлөөллийн, зөвшилцлийн байгууллага. Энэ байгууллагт нийгмийн давхарга бүрийн сонирхолын бүлэг өөрийн төлөөллөө оруулахыг зорьж байна. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол нийгмийн зөвшилцлийг хангадаг, харилцан буулт хийдэг, олон түмний төлөөллийг агуулдаг парламентын байгууллага. Шулуухан хэлэхэд, парламентад хоёр намаар шууд дамжин тогтож байгаа одоогийн систем нийгмийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Ингэж явахаар ялалт байгуулсан нам нь нөгөөдөө тулгах замаар асуудлыг шийдэж, дарангуйлал, авлигажилт гээд олон сөрөг үр дагавар гаргаж байна. Тиймээс парламентаа өргөтгөе гэж байгаа юм. Энийг ярихаар зарим хүн намайг энэ УИХ-аас гарвал таарна гэж байна лээ.

-Зарим хүмүүс нэмэх биш, цөөлөх талаар ярьж байсан?

-Ардчилсан нийгмийн стандарт гэж бий. Энэ стандартаар цөөн хүнд эрх мэдэл өгвөл олигархижиж, тэднийг хянах боломж хумигддаг гэж үздэг. Одоо манайхан 76-гаа 50,30, 9 болгоё гэж байна. Үүнийг энгийн ухамсарын төвшинд бодохоор болох зүйл мэт харагддаг. Энэ тоог цөөлөх тусам дарга шинж нь улам нэмэгддэг. Өнөөдөр 76 хүн үнэтэй янз бүр болоод байна. Тэгтэл энэ тоог 50 болговол үнэ цэнэ нь улам нэмэгдэнэ. Аль ч улс орны парламент 90-100 хүнтэй байж байж хяналт, хариуцлага нь балансждаг гэж үздэг. Энэ бүхнийг үзсэн зарим хүн нэртэйгээр нь 999 болгочих гэж байсан. 999 болгож болно. Тэгвэл энэ парламентийг хэн ч тоодоггүй болно. Тоо нь өсөхийн хэрээр дарга шинж нь багасч, төлөөлөгч шинж нь давамгайлна. Манайх шиг хүн амтай улсад 76 гишүүнтэй парламент байгаа өөр улс дэлхийн аль ч өнцөг буланд байхгүй. Жишээ татахад, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 22 гишүүнтэй. 11 гишүүн нь байхад бид ирц хүрч байна гэж үзээд хурлаа явуулдаг. Эдгээр хуралд оролцсон гишүүний зургаагийн саналаар төрийн бодлого тодорхойлогддог. Аль ч улсын парламентын гишүүдтэй энэ асуудлыг ярихад гайхдаг.

-Энэ төслөө Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барьсан уу?

-Өргөн барьсан.

-Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэж байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгч албан ёсоор өөрийн санал бодлоо хэлэх ёстой. Албан тасалгаанд, хурлын зааланд алга ташуулдаг байж болно. Ажил хийдэг хүн бол алхам алхамаар урагшлах ёстой. Энэ ажлыг нийгмийн хэрэгцээ шаардлагаар хийж байна. Би энэ ажлыг урагшуулах ёстой. Цаг хугацаа бага байна. Цаг нь болоогүй гэдэг надад үндэслэл биш. Өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй, хориглон гацааж байгаа хүн маргааш, ирэх жил энэ асуудал босч ирэхэд хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хэлж байгаа байр сууриа олон түмэнд илэрхийлж, сонгуулийн дараа хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн шинэчлэлийг ямар шалтгаанаар дэмжихгүй байгаа юм бэ, 50-ыг гаргамаар байгаа юм бол түүнийгээ хэл. Одоогийн 76-г чанаржуулна гэж байна. Хэчнээн тэлчлээд энэ бүрэлдэхүүн ниймгийн төлөөллөө хангаж чадахгүй байна.  Энэ алхам ирэх жил, эсвэл тэрний дараа жил хийгдэнэ гэдгийг би баттай хэлье. Алга ташуулж болно, энэ урлагийн тайз биш шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.