Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад 42 хувиар буурсан
Долдугаар сарын эцсийн байдлаар инфляц жилийн 8.3, ДНБ эхний хагас жилийн байдлаар 11.6 хувь байгаа, ажилгүйдлийн түвшин буурч буй нь эдийн засгийг хэвийн байгаа мэт харагдуулж байна.
Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар буурч, гадаад худалдааны алдагдал өнгөрсөн сарын эцсийн байдлаар 1.3 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн орлогын гүйцэтгэл 58 хувьтай байхаас 43 хувьтай, Монголын хөрөнгийн бирж дэх идэвхтэй 20 компанийн хувьцааны үнэ оны эхнээс 19 хувиар буурсан зэрэг муу үзүүлэлт гарлаа.
Энэ оны эхний долоон сарын байдлаар банкны системийн актив 4.1 их наяд төгрөгөөр өслөө
Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар банкны системийн актив 4.1 их наяд төгрөгөөр өсөж, сүүлийн хоёр жилд олж чадахгүй мөнгийг Монгол банк долоохон сарын хугацаанд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн моргейжийн зээл нэрийдлээр банкуудад нийлүүлчихлээ.
Үр дүнд нь ам.долларын ханш оны эхнээс 15 хувиар чангарч, чанаргүй зээлийн хэмжээ таван хувьд хүрсэн, Төв банк үнэт цаасаар дамжуулан нэг их наяд төгрөгийг татаж авснаар тус тус илэрч байна. Товчхондоо, орлого тасалдсан, мөнгөний бодлого “асуудал” үүсгэж байгаа нь эдийн засаг уруудахын дохио юм.