Ж.Хуягбаатар: Химийн 112 дугаар элементийг “Монголиум” гэж нэрлүүлэх гээд чадаагүй
Германы олон улсын институт буюу “ТАЗСА”-ийн хэт хүнд элементийн судалгааны хүрээлэнгийн цөмийн физикч, доктор Ж.Хуягбаатартай ярилцлаа.
Германы төдийгүй олон улсын шинжлэх ухааны салбарын толгой эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэгд ажиллаж, шинэ химийн элемент гаргаж авах туршилт судалгаа хийж суудаг монгол эрдэмтэн маань 10 гаруй жилийн дараа эх орондоо ирж, цөөн хэдэн хоног амраад буцах зуур ийнхүү ярилцах завшаан тохиосон юм.
-Эх орондоо ирэлгүй их удсан бололтой. Нутгаа санаж байв уу, та ер нь аль нутгийн хүн бэ?
-Нутгаа их санаж байлаа. Тэгээд энэ жил эхнэртэйгээ нутагтаа ирж амарлаа. Би Эрдэнэтэд төрсөн. Их сайхан цэвэрхэн хот шүү дээ. Аав маань Эрдэнэтийн Урчуудын эвлэлд ажилладаг Дорлигийн Жадамба гэж уран бүтээлч, зураач хүн бий. Нутагтаа очилгүй удсан болохоор онгоцноос буугаад ах дүүсээрээ тосуулж, төрсөн гэрээ зорьсон.
Алсын газраас санаж үгүйлэх аавын гэр, төрсөн бууцтай байх ямар сайхныг мэдэрлээ. Нийслэл хот маань ч их өөрчлөгдсөн байна. Миний бага нас хотод өнгөрсөн болохоор нийслэлийн гудмаар алхаж явахад хүүхэд насандаа оччихсон юм шиг л таатай сайхан байсан.
-Таны ажилладаг Германы институт химийн шинэ шинэ элементүүдийг нээсээр байгаа. Шинжлэх ухааны сор болсон салбарт монгол хүн ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна. Та тэнд ажиллах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би нэгдүгээр сургуулийг төгсөөд МУИС-ийн цөмийн физикийн ангид элсэн суралцсан. Багаасаа физик болоод шинжлэх ухааны салбарт их сонирхолтой хүүхэд байсан юм. МУИС-д нэг жил суралцахдаа олон улсын физикийн олимпиадад түрүүлээд ОХУ-ын Санкт-Петербург хотын цөмийн физикийн сургуульд тэтгэлгээр суралцах болсон.
Суралцаж байх хугацаандаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд дадлага хийж, судалгаа шинжилгээний ажилд нь оролцдог байсан болохоор орос багш нар маань надад магистр, докторын зэрэг хамгаалах боломж олгосон. 2009 онд би “Хүнд болон хүндэвтэр төрлийн ионууд, хэт хүнд химийн элементийг шинээр гаргаж авах” гэсэн сэдвээр Москвад докторын зэрэг хамгаалсан юм.
Түүнээс өмнө Германы эрдэмтэдтэй хамтран ажилладаг байсан. Нэг удаа герман багш маань намайг “ТАЗСА’’-ийн эрдэм шинжилгээний хүрээлэндээ урьсан юм. Тэгээд тэнд хэсэг хугацаанд ажилласан. Миний доктор хамгаалсан сэдэв болоод миний хүсэж байсан орчин нөхцөл, боломжууд намайг тэнд үлдээсэн юм. Одоо би Германы төрийн албан хаагч гэж явдаг.
-Тэнд таны хийдэг ажил болон судалгаа шинжилгээнийхээ тухай ярихгүй юу?
-Сүүлийн найм, есөн жил судалж байгаа судалгааны ажил гэвэл химийн хүнд элементийг хэрхэн гаргаж авах болон цөмийн физикийн хүнд ионуудтай холбоотой судалгаа юм. Байгаль дээр байдаг хамгийн хүнд элемент бол уран.
Миний оролцоо гэвэл 111, 112, 114, 116 дугаар элементүүдийг нээхэд гар бие оролцсон.
Гэтэл түүнээс хүнд төрлийн, сая, тэрбум, миллиард жил наслах чадвартай элементүүд байх боломжтой. Д.Менделеевийнхээр 108 байсан химийн үелэх систем өдгөө 118 болчихсон байгаа. Өнгөрсөн зуунаас эхлээд шинэ зууны эхэн үе болоход шинжлэх ухаан дахин 10 шинэ элемент нээчихлээ.
Цаашдаа ч олон шинэ элемент нээгдэх болно. Гагцхүү байгалиас хайгаад олдохгүй байгаа элементүүдийг гаргаж авах ажил нь асар хүнд, нарийн судалгаа шаардсан, зарим тохиолдолд аз мэдэх асуудал байдаг. юм.
-Танай институт шинэ элемент нээхэд таны оролцоо хэр их вэ?
-Энэ талаар нарийвчлан ярихад хэцүү л дээ. Миний оролцоо гэвэл 111, 112, 114, 116 дугаар элементүүдийг нээхэд гар бие оролцсон юм.
Германы эрдэмтэн Рентгений нэрээр 111 дүгээр элементийг Рентгени гэж нэрлэсний дараа 112 дугаар элемент батлагдаад олон улсын зөвлөлөөс нэр өгч болно гэсэн зөвшөөрөл ирэхэд, тус элементийг нээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэд өөр өөрсдийн гэсэн нэг нэр бодож хэлэлцүүлсэн юм. Ер нь үргэлж тэгдэг л дээ.
Тэгэхэд би тав зургаан эрдэмтдийн дунд суучихсан 112 дугаар элементийг Монголиум гэж нэрлэе гэсэн санал оруулсан юм. Харамсалтай нь дэмжигдээгүй л дээ. Уг нь миний оруулсан хувь нэмэр бусад эрдэмтдийн нэгэн адил байсан юм л даа. Гэхдээ одоо би 119,120 дугаар элементүүдийг нээхийг маш их хүсч байна.
Өнгөрсөн гурав дөрвөн жилийн хугацаанд нэлээд олон туршилт хийсэн. Миний туршилтууд эерэг үр дүн үзүүлсэн. Гэхдээ нээсэн эсэхээ сайн мэдэхгүй байгаа тул батлуулах нь чухал. Батлуулахын тулд олон улсын хими, физикийн эрдэмтдэд зориулсан баримт тайлан бичиж анхаарлыг нь татах ёстой. Одоогоор тийм ажлаа хийж байгаа.
Хэрэв миний туршилтууд шинэ элементүүдийг нээчихсэн бол би хүссэн нэрээрээ тухайн элементээ нэрлэх болно. Тухайлбал, Монголиум ч юм уу.
-Шинэ элемент нээснээрээ хүн төрөлхтөнд ямар ашигтай юм бэ?
-Яг тийм ашиг тустай гэхэд хэцүү. Энэ бол ирээдүй хойчийн асуудал юм. Сүүлийн үеийн шинжлэх ухаан аливаа нээлтийг ямар ашиг тустай гэдэг талаас нь хүлээж авахаа больсон. Ямар нэгэн ашигтай тустай л байж таарна.
Рентгенийг нээж байхад үхлийн аюултай өвчнийг нарийн оношлоход тун хэрэгтэй элемент гэж хэн ч мэдээгүй.
Үлэмж хэрэгтэй нээлт үү, үгүй юу гэдэг нь явцын судалгаагаар илэрхий болчихдог. Тухайлбал 111 дүгээр элемент буюу Рентгени гэхэд л тархины хорт хавдрыг оношлоход асар их тустай байна.
Рентгени нь өөрөө хүнд элемент учир аливаа хорт хавдрыг түүгээр бөмбөгдөхөд яг хаана нь үрэвсэл байна гэдэг нь тун илэрхий болдог байх жишээтэй.
Рентгенийг нээж байхад үхлийн аюултай өвчнийг нарийн оношлоход тун хэрэгтэй элемент байна гэж хэн ч мэдээгүй. Тэгэхээр аливаа шинэ элемент болоод нээлтийг яг тийм зүйл юм гэж тодорхойлох боломжгүй юм.
-Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил ямар байна гэж боддог вэ?
-Яг үнэнийг хэлэхэд бид шинжлэх ухааныг ашиглаж чадахгүй байна. Ураны ямар их орд нөөцтэй билээ. Гэтэл түүнийг түүхийгээр нь гадагш нь гаргасаар л байна. Ядаж уранаа боловсруулчихдаг цөмийн цахилгаан станцтай бол олон асуудлыг шийдэж болох юм шиг санагддаг.
Манайхан цөмийн цахилгаан станц барина гэхээр айдас хүйдэст автаад байдаг юм шиг байгаа юм. Өөрөө дэлбэрсэн цахилгаан станц гэж байхгүй шүү дээ.