2018.11.22

Д.Оюунхорол: Монголын төр ингэж доройтож байсан цаг үеийг мэдэхгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Үнэхээр харамсалтай байна. Монголын төр ингэж доройтож байсан. Ингэж учраа олохгүй дампуурч байсан цаг үеийг мэдэхгүй юм. Ардчилсан сонгуулиар төрөө байгуулсан. Монголын ард түмний төлөөллийн зарчмаар энэ танхимд байгаа 75 хүн сууж байна. Үе үеийн парламент сайн муу нэртэй байж үзсэн.

Гэтэл энэ парламент үйл ажиллагаа явуулхыг үндсэн хуулийн бус аргаар зогсоох ийм аюулын өмнө зогсож байна. парламентын засагтай улсын хувьд бидний хамгийн чухал хийх ёстой ажлуудын нэг бол улсын нэгдсэн төсвөө батлах. 2019 оны төсвийг Засгийн газар маш муу боловсруулж оруулж ирсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлаа муу хийсэн.

Гэтэл энэ хүн төсвийн тухай хуулийг хэлэлцэж байхад өнөөдөр хуульд тавигдсан хоригийг хэлэлцэхэд хүртэл орж ирэхгүй байна. Сүүлдээ Ерөнхий сайдтайгаа бүх сайд нар нь нийлээд чуулганы хуралдаа суухгүй бойкотлож байгаа нь харамсалтай байна. Монголын ард түмнийг хэтэрхий басан доромжилж байна. Хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг ялган дэнсэлж чаддаг ард түмэн.”