2018.10.05

М.Билэгт: Уламжлалт мал аж ахуйгаа босгоход онцгой анхаараач хэмээн хүсэж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн  М.Билэгт санал хэллээ.

2019 оны төсвийн алдагдал 1.9 их наяд байна. Үүнийг нөхөх боломж мал аж ахуйн салбарт байна. ХХААХҮ сайд өнөөдөр 84 сая толгой мал намаржиж байна гэж хэлсэн. Гэтэл жилдээ дотоодын хэрэгцээндээ 10 гаруй сая мал борлуулсан. Гэхдээ экспортолж байгаа махны бараг 90 хувь нь адууны мах байдаг. Тиймээс төр үүн дээр онцгой анхаараад 20 сая бог малыг борлуулах ажлыг хийгээд өгөөч л гэж хэлээд байгаа юм. Гэхдээ малчдаас өндөр үнээр ав гээгүй, энэ хэмжээгээр мал гаргах боломжийг төр бүрдүүлж өгөөч гэж хэлээд байгаа юм.

Мал хэдий өсөөд байгаа ч малчдад хүнд байна. Малчид нь цөөрч, нас нь хөгширч байна. Тиймээс энэ уламжлалт аж ахуйгаа босгоход анхаараач ээ.