2018.10.18

М.Билэгт: Малчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх хугацааг хойшлуулахыг дэмжихгүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Одоо тэтгэвэрт гарч шимтгэлээ төлөх гэж байгаа иргэд үнэн хэрэгтээ төрийн бодлогоос болж хохирсон юм. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс болж олон үйлдвэрт ажиллаж байсан хэдэн зуун мянган иргэн ажилгүй болж гудамжинд хаягдсан юм. Тэд өнөөдөр тэтгэвэртээ гарах гэж нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх гэж байгаа юм. Тухайн үед цалингийн доод хэмжээ маш бага байсан. Тиймээс энэ хугацааг хойшлуулах гэж байгаа төслийг дэмжихгүй.”

Түүний асуултанд Сангийн сайд хариуллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Нийгмийн даатгалын сангийн тогтолцоо бол 1995 онд үүссэн. Тэрнээс өмнө ийм тогтолцоо байгаагүй. Тиймээс 1995 оноос өмнөхийг нь төр хариуцдаг. Түүнээс хойшхийг нийгмийн даатгалын сангаар явуулж байгаа. Өмнө нь 2012 онд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хууль гарсан. Маш их алдагдал энэ санд бий болсон. Бид алдсан зүйлээ зөв болгож бодлогоо гаргаад явах ёстой. Өнөөдөр арга хэмжээг хайргүй дургүйдээ ингэж байгаа бус ирээдүйн эдийн засгийн зөв чиглэлд Монгол Улсын иргэн, Сангийн сайдын хувьд арга хэмжээгээ авах болно.”