2018.10.23

Ж.Энхбаяр: Бага насны хүүхдүүд, ахмад настнууд, жирэмсэн эхчүүдээ хотоос яаралтай гаргах хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.23/ БОХХААБХ-ны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 13-р зууны үеийн сууцыг 21-р зууны хотод тааруулах гээд мухар зүйл рүү олон жил явлаа. Ямар ч үр дүн гарахгүй байна. Дулааны алдагдалтай, хот суурин газар зохимжгүй. Шаталт үүсч л байгаа бол утаа гарч л таараа. Ямар ч гоё зуух тавиад, ямар ч түлш хийгээд нэмэргүй.

Агаарын сэлгэлт, урсгалын талаар мэдээлэл өгөх хүн байна уу? 10-аад жилийн өмнө нэг Герман хүн хэлэхдээ хөндийн салхи уулнаасаа гол хөндий рүү буудаг. Та нар салхи үүсэх гол аман дээр байшин, барилгын ажил их хийж байна. Улмаар хотын агаар сэлгэлт гэдэг зүйл байхгүй болно. Агаарын урсгалыг хаагаад байна гэж байсан. 

Улаанбаатарын ус муу байна. Хөрс бохирдсон. Агаар бас бохир.

Бага насны хүүхдүүдээ, ахмад настнуудаа, жирэмсэн эхчүүдээ яаралтай хотоос гаргаарай.

Ураг бүрэлдэхэд маш хортой түвшинд очсон. Эрүүл мэндээ урьдчилан сэргийлээрэй.

Ирэх жил сайн чанарын түлшээр хангах юм байна. Багасах байх гэхдээ шийдэж чадахгүй. Салхины урсгалыг тооцсон, зурагласан зүйл байхгүй. Утаа тогтоод байна.

Эрс арга хэмжээ авах боломж байдаггүй юм уу? Шилжилт хөдөлгөөний зогсоож, хотоос нүүлгэх юм уу урамшууллын асуудалд мөнгөө зарцуулах хэрэгтэй. Хотын төрийн байгууллагууд болон их дээд сургуулиудыг Улаанбаатараас гаргаач. Нэмж ирж байгааг зогсоохгүйгээр мянга мянгаар нэмэгдэж байгаа гэрийн асуудлыг яриад хайран байна.

Ажлын хэсэг: Шинжлэх ухааны академи болон судлаачдын маш олон судалгаа байдаг. Улаанбаатар хотын бүс нутагт өвлийн ид хүйтэн цагт агаараас өгч байгаа дулаан агаарын бохирдлыг нэвтэлж, агаарын хөдөлгөөн хийх бололцоо байхгүй. Хэд хэдэн төрлийн саналууд ирдэг.  Хан-Уулыг нэвтэлж туннел гаргах, Чингэлтэй уулыг нэвтлэх зэрэг саналууд бий. Гэхдээ шинжлэх ухааны судалгааны үндэстэйгээр аль аль нь боломжгүй гэсэн судалгаанууд бий.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан.

Энэ асуудлаа танилцуулаад Засгийн газраас 2020 оны 1 сарын 1-нийг хүртэл арга хэмжээгээ хэрэгжүүл гэж хэлсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос нүүсэн иргэний тоо 7000 байна. Шилжин ирсэн 4696 байна. Төрийн томилолт аваад шилжиж ирж байгаа субъектууд, ямар нэгэн эх үүсвэрээр орон сууцанд орж байгаа иргэд, удаан хугацаагаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэдээс бусад иргэдийг Улаанбаатар хотод шилжих хөдөлгөөнийг зогссон. Энэ бол мэдээж 100 хувийн авах арга хэмжээ биш. Богино хугацаанд авч хэрэгжүүлэх хэмжээ. Өвлийн хугацаа эхлэхээр их, дээд сургууль, ЕБС-ийн хичээлийн шинэ жил эхлэхээр наашаа бүртгэлгүй ирж байгаа хүний тоо ихэсдэг. Сургууль нь энд байгаа учраас бүртгэлгүй шилжих эрх нь нээгдэж байна.