Ирэх оны төсвийн хуульд нухацтай хандаж, санал хураалтыг хойшлуулах санал гарав
2018.10.25

Ирэх оны төсвийн хуульд нухацтай хандаж, санал хураалтыг хойшлуулах санал гарав

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. 

Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёолол тус бүрээр санал хураах ёстой. Харин зарим саналууд огт орж ирээгүй байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал хэлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: ДЭМЖИГДЭЭГҮЙ САНАЛЫГ НЭГДСЭН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ

Л.Болд: Бид байнгын хороон дээр маш тодорхой саналууд гаргасан. Тэр саналууд төсвийн байнгын хороон дээр хураагдаад, дэмжигдээгүй. Дэмжсэнийг нь ажлын хэсэг оруулаад тусгагдсан. Харин тусгагдаагүй саналуудаар бид одоо санал хураах ёстой. Холбогдох байнгын хороон дээр болон Төсвийн байнгын хороон дээр унасан саналууд огт байхгүй болчихлоо. Тэр саналуудыг оруулж ирэх хэрэгтэй байна.

Б.Чойжилсүрэн: Зарим байнгын хороод дээр бууруулах саналаа цуг гаргахгүйгээр зөвхөн нэмэгдүүлэх саналаа гаргасан санал нь дэгийн тухай хууль зөрчиж байгаа учраас хураагдаагүй. Бууруулах санал, нэмэгдүүлэх санал хамт гаргасан цөөн хэдэн саналуудыг хураасан.

Л.Болд: Тайлбарыг хүлээж авах бололцоогүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.15 дээр УИХ-ын гишүүдийн байнгын хороон дээр цөөнх болсон саналуудыг чуулганаар санал хураах ёстой. Зарчмын зөрүүтэй саналын тал нь орж ирээд, тал нь орж ирээгүй байхад санал хураалт хийх бололцоо алга.

УИХ-ын Тамгын газар: Өчигдөр хуралдсан ТБХ-ны хуралдаан дээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.12 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй учраас Төсвийн байнгын хорооны хуралдаанд санал хураах боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн. Тэр санал нь шаардлагагүй буюу тэвчиж болох хөрөнгө оруулалт, үргүй зардлыг тооцон 15 тэрбум төгрөгөөр хасч, гэр хороололд амины орон сууц барихад зориулж, урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээл олгоход 15 тэрбум төгрөгийг нэмж тусгах гэсэн байна. Аль төсөл арга хэмжээнээс бууруулахыг тодорхой заагаагүй учраас дэгийн хуульд нийцэхгүй гэж үзсэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА: "АЖИЛСАГ МОНГОЛ" ХӨТӨЛБӨРИЙН НЭРШЛИЙГ БОЛИУЛААД АГУУЛГЫГ НЬ АВЧ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ

Д.Тэрбишдагва: УИХ-ын гишүүдийн хоёр ч байнгын хороогоор дэмжигдсэн саналуудыг хасчихсан. Дэмжигдээгүй саналыг ч хассан байна. Дэгийн хуулийг ойлгож байгаа ч гэсэн Төсвийн тухай хуулийг эргэж харахгүй бол зөрчил болоод байна. 37 тэрбум төгрөгөөр төсвийн хүрээний мэдэгдэл дээр хөрөнгө оруулалтыг нэмж байна гэж байгаа бол Монгол Улсын хэмжээнд 2030 он хүртэл 30-аад мянган залуучуудаа гадна, дотны боловсролтой болгоод, мэргэжилтэй ажилтантай болоод, тэд эргээд ЖДҮ-ийн эздүүд болно. Макро эдийн засгийн хэмжээнд харах хэрэгтэй гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд, Ерөнхий сайд бүгд ойлгож байгаа. “Ажилсаг монгол” хөтөлбөр гээд өгүүлбэр оруулахад олон хүмүүс дургүйлхэж байна. Нэршлийг нь болиулаад, агуулгыг нь авч үлдэх хэрэгтэй. 460-аад тэрбумаар орлого нэмэгдэж байхад эх орныхоо хөгжлийн бодлогод 10-хан тэрбум төгрөгийг эхний ээлжинд өгөх хэрэгтэй. Засгийн газраас дэмжвэл гадны улсууд дэмжлэг үзүүлж, залуучуудын боловсрол, мэргэжлийг дээшлүүлнэ гэж ярьж байна.

Б.Чойжилсүрэн: Засгийн газар болон УИХ-аар хөтөлбөр болгож батлагдаагүй санал ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үед явсан учраас энэ удаа суулгах хууль эрх зүйн бололцоо байхгүй.

Д.Оюунхорол: Бид ажлын хэсэгт яриад зарчмын хувьд дэмжсэн. Залуусыг ажилтай, орлоготой болгохын тулд нарийн мэргэжилтэй болох нь хэрэгтэй. “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хувьд УИХ, Засгийн газраар батлагдсан хөтөлбөр байхгүй учраас тодорхойгүй хөтөлбөр дээр мөнгө тавих нь хууль зөрчинө гэж үзсэн. Д.Тэрбишдагва гишүүний саналыг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан буюу тодорхой арга хэмжээний зардалтай уялдуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бий гэж үзсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААН: САНАЛ ТУС БҮР ДЭЭР НУХАЦТАЙ ХАНДАЖ, АЖИЛЛАХ ХУГАЦАА ӨГӨӨЧ

Ч.Улаан: Ажлын хэсгийн оруулж ирсэн саналтай уялдуулаад, анхны хэлэлцүүлгийн үед яригдаж байсан асуудлууд хэрхэн шийдэгдсэн бэ гэдэгт дүгнэлт өгөх хэрэгтэй. Анх орж ирсэн бодлого, зохицуулалтын асуудлууд яаж тусгагдсан бэ? Үр ашгийн үзүүлэлтүүд аль чиг рүү явж байна? Төсвийн тэнцвэр, хөрөнгө оруулалтын хуваарилалтанд ямар өөрчлөлт орсон, гэх мэт үзүүлэлтийг ярих хэрэгтэй. Юу болоод өнгөрчихөв гэж амаа барихгүйн тулд бид нухацтай хандах ёстой. Төсвийн тухай хуулиар санал хураагаад дараагийн хэлэлцүүлэг дээр яаж өөрчлөгдсөнийг тусгаж харуулдаг. Гэтэл бидний бодлого алдагдсан байна. Засах гээд байсан үзүүлэлтийг засаагүй бол ямар ч ажил хэрэгч санал яриад нэмэргүй. Хэлэлцүүлэг нэгэнт эхэлсэн учраас яаран дуусгах гэж тэвдэлгүйгээр ирэх долоо хоногт санал хураалтаа явуулж дуусгах горимоор ажиллъя. Энэ хооронд санал бүр дээр тогтож ажиллах хугацаа өгөөч гэсэн санал гаргаж байна. Ирэх долоо хоногт хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ санал хураалт явуулъя.

Д.Оюунхорол: Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг, УИХ-ын ажлын хэсэг, МАН-аас байгуулагдсан ажлын хэсэг 4, 5 удаа хуралдаж, асуудалд нухацтай хандсан. Аймаг орон нутаг, гишүүдээс гарсан санал нэг бүрийг бичгээр авсан. Энэ санал дээр дүгнэлт хийгээд, саналын томъёоллуудыг нэгтгээд, саналаа хураасан. Энэ удаагийн төсөв өөдрөг төсөв орж ирсэн. Орж ирсэн төсөв дээр ажлын хэсэг хариуцлагатай хандаж, зарим нэг аймгуудын төсвийг тэнцвэржүүлэх, УИХ-ын гишүүдийн тавигдсан орхигдсон асуудлуудыг ярилцаад, Сангийн яам, Ажлын хэсэг хамтарч хуралдаж, асуудлуудаа шийдвэрлэсэн. Энэ саналууд дотор орхигдсон асууд бол УИХ-д Улаанбаатар хотоос сонгогдсон 28 гишүүний хотын хөрөнгө оруулалтын асуудлууд хаягдаж орхигдсон байсан. Энэ асуудал дээр хотоос сонгогдсон гишүүд хариуцлагатай хандсан.