Хөгжил, бүтээн байгуулалт танилцуулав
2012.05.21

Хөгжил, бүтээн байгуулалт танилцуулав

Дөрвөн уулын дунд чихцэлдэн амьдардаг Улаанбаатар хотын сая гаруй иргэний нэн тулгамдсан асуудал бол орон сууц, дэд бүтэц. Иймээс энэхүү бэрхшээлийг арилгах зорилгоор Засгийн газраас "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулахад түлхүү анхаарч жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авах боломжийг олгосон билээ. Одоогоор 1000 гаруй хүн зээлийн болзлоо хангаснаас 100 гаруй нь зээлээ авчээ. Мөн 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдэж, Төрийн банкинд шилжсэн тул орон сууцтай болохоор материалаа бүрдүүлсэн иргэд энэ долоо хоногоос зээлээ авах боломжтой болж байгаа аж. ЗТБХБЯ-ныхан өнгөрсөн баасан гаригт нийслэлийн төв цэг болсон Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах үеэрээ энэ тухай мэдээллээ.

Монгол Улсын бодлогыг тодорхойлогч гол байгууллагуудын нэг болох тус яам нь харьяа таван газар болон түүний салбар газруудынхаа хийсэн, хэрэгжүүлсэн ажлыг энэ үеэр танилцуулахаас гадна иргэдэд хүссэн мэдээлэл, үйлчилгээг үзүүлж байсан юм. Өдөрлөгийг нээж ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж хэлсэн үгэндээ ЗТБХБЯ энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо тодорхойлж, бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлж чадсан. Ер нь ололт амжилт арвин жилүүд байлаа гэдгийг онцлоод “Шинэ зууны их бүтээн байгуулалтын нэг болох төмөр замын ажил эхэлснээр концесийн гэрээний дагуу ”Сайшанд-Тавантолгой” хүртэл 468, ”Тавантолгой-Гашуунсухайт” хүртэл 267 нийт 750 км шинэ төмөр замын барилгын ажлыг бид 2-2.5 жилийн дотор барьж байгуулна. Энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 1800-2000 орчим ажиллах хүч, төмөр зам ашиглалтад орсноор 4000 гаруй ажлын байр бий болно. Ингэснээр Монголын төр анх удаа хувийн хэвшлийн үндэсний компаниудтайгаа хамтран бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Монгол хүн, Монголын төр 51 хувийг нь эзэмших боломжийг бид суулгаж өглөө” гэсэн юм.

“Сайн хайвал боломжийн үнэтэй байр байгаа шүү” хэмээн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болж байгаа Сүхбаатар дүүргийн иргэн Н.Оюунханд энэ үеэр өгүүлнэ билээ. Өдөрлөгийн үеэр орон сууцны зээл хүссэн иргэдийн дансанд нь мөнгө орсныг дуулгахын зэрэгцээ төлөөлөл болгон гурван иргэнд дээрх мөнгө шилжүүлсэн баримт буюу дансны хуулгыг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж гардуулсан юм. Тэдний нэг нь Н.Оюунханд байсан юм. Мөн тэрбээр “Залуу гэр бүлүүд өнөөдрийн хувьд орон сууцтай болоход их хэцүү. Байрны үнэ ямар байгаа билээ. Залуу хүмүүсийн авдаг цалин ч хэд билээ. Иймээс бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах энэ хөтөлбөр залуу гэр бүлийг их дэмжсэн хөтөлбөр гэж боддог. Үүнд хамрагдаж хүү багатай орон сууцтай болж байгаадаа ч их баяртай байна. Үеийнхээ залуусдаа хандаж энэ боломжийг бүү алдаарай. Хайгаад явбал боломжийн үнэтэй байр олон байна лээ шүү” гэсэн юм. Нэг үе энэхүү хөтөлбөрийг “бүтэшгүй санаа” хэмээн шүүмжилдэг байсан. Тэгвэл өдөрлөгийн үеэр Орон сууц санхүүжилтийн корпорацийнхан үүнд хариулт өгсөн мэдээллийг иргэдэд өгч байлаа.

Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд хаана, хаана барилга орон сууц барьж байгаа болон хөтөлбөрт хамрагдахын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх, боломжийн үнэтэй байр хаагуур байгаа зэргээр олон талын мэдээллийг түгээсэн юм. Харин иргэдийн хувьд орон сууцны үнийг илүүтэй сонирхож байлаа. Үнэ өндөр болохоор зээлд хамрагдаж чадахгүй нь гэх асуултыг ч түлхүү тавьж харагдав. Иймээс корпорациас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны нэг ам метр талбайн үнийг 1.193.000 байх боломжтойг тогтоосон хэмээн өгүүлэхийн сацуу ийм үнээр орон сууцаа зарж буй барилгын компаниудын талаар ч мэдээлэл өгсөн юм. Иргэд орон сууцны зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар шаардлага хангасан байх ёстой талаар Төрийн банкны мэргэжилтнүүд ч энэ үеэр танилцуулсан.

Өнгөрсөн жилүүдэд тус яамны бүх салбарын хэмжээнд бүтээн босголтын их ажил өрнөжээ. Тэр дундаас авто замын салбарт хамгийн их буюу 1042.3 км автозамыг ашиглалтад оруулсан байна. Өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Замын ажил жил бүр хэл ам дагуулдаг. Энэ онд замын засвар, шинэчлэлийг маш чанартай хийнэ. Замын бүтээн байгуулалтыг олон газар хийж байгаа. 2014 он гэхэд бүх аймаг Улаанбаатар хоттой авто замаар холбогдоно“ гэв. Өнөөдрийн хувьд ч ялгаагүй Улаанбаатар гэлтгүй улсын хэмжээнд шинээр зам тавих, сэргээн засварлах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох авто замын ажлын хөрөнгө тодорхойгүй байсныг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж шийдвэрлэж чадсанаар өдгөө энэ ажил эхлээд байгаа аж.

Нийтдээ энэ жил 4601.9 км автозам, 3465.3 урт/м гүүрийн ажлыг эхлүүлжээ.

Энэ нь өнгөрсөн оны зам, гүүрийн ажилтай харьцуулбал, хоёр дахин нэмэгдсэн их бүтээн байгуулалт гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байсан. Түүнчлэн өмнөх жилүүдэд нэг км замын өртөг 180 гаруй сая төгрөг байсан бол өдгөө 460-480 сая төгрөг болж өссөн нь замын чанарт ахиц гарах боломжийг бүрдүүлж чадсан гэдгийг өгүүлснийг хэлэх нь зүйтэй болов уу.

Төмөр замын салбарт ч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон ажлаа иргэдэд танилцуулж байсан юм. Хамгийн сүүлд гэхэд шинэ төмөр зам төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар гаргуулахаар болжээ. Үүний хүрээнд “Сайшанд-Тавантолгой”, “Тавантолгой-Гашуунсухайт”  чиглэлд шинэ төмөр замын суурь бүтцийг барих концессийн гэрээнд тун удахгүй гарын үсэг зурах юм байна. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар 2008 онд олгосон бөгөөд “Сайшанд-Тавантолгой” чиглэлийн төмөр замын суурь бүтэцтэй зэрэг эхлүүлэхээр болжээ. Ингэхдээ эл төслийг ижил агуулга, хэлбэр, ижил зарчим, зохицуулалт бүхий “барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессийн гэрээний дагуу гүйцэтгэх аж.

Энэ мэтчилэн иргэний нисэх, авто тээвэр гээд олон байгууллага хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан. Иргэний нисэхийнхэн агаарын хөлгийн паркыг их, дунд, бага нисэх онгоц 10-аар, нисдэг тэрэг хоёроор тус тус нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ховд, Чойбалсангийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгосон талаараа танилцуулсан бол Авто тээврийн газрынхан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, орон нутагт зорчих тасалбар бичих, жолоочийн мэргэшлийн зэрэг ахиулах шалгалт авах зэрэг үйлчилгээг энэ үеэр иргэдэд үзүүлсэн юм.