2012.05.19
Ц.Дашдорж: Мянга гаруй иргэн орон сууцны зээлийн болзлыг хангаад байна
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд Ц. Дашдоржтой ярилцлаа.
-Зуун мянгaн айлын орон сууцны 2012- 2014 онд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийг шийдэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ? Дэд бүтцийг тавихад хэдэн төгрөг төсөвт суулгаад байна вэ?
-Орон сууцны хөтөлбөрийн хувьд орон сууц барих газрын чөлөөлөлт,хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нь оруулж батлуулах, дэд бүтцийг нь барих хөрөнгө мөнгөний асуудлыг төсвөөр болон буцалтгүй хөрөнгө мөн зээлийн баталгаагаар гаргаж өгөх үүргийг төр хүлээх ёстой. Өнөө жилийн хувьд нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн төсвийг дэд бүтцийг барихад суулгаж өгсөн байгаа. Хорооллын түвшинд баригдаж байгаа Буянт ухаа хороолол, Шинэ Яармаг, Баянгол төсөлд бид дэд бүтцийг нь түлхүү анхаарч байгаа. Ер нь орон сууцны хорооллыг барихад үндсэн суурь дэд бүтцээс гадна нийгмийн талаас нь сургууль эмнэлгийн дэд бүтцийг давхар шийдэх ёстой байгаа юм.Өнөөдрийн байдлаар орон сууц олноор барьж байгаа газар эмнэлэг, сургууль төдийлөн баригдахгүй байна.
Энэ асуудлыг цогцоор нь гарцаагүй шийдэх ёстой. Хоёрдугаарт Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өмнө нь Засгийн газар баталдаг байсан. Одооноос хот, аймгийн төвийн хөгжлийн төлөвлөгөөг Их хуралд оруулж шийддэг болохоор ярьж байгаа. Энэ нь шинээр гарч ирж байгаа нэг дэвшил юм. Мөн барилгын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон сууц ихээр баригдаж буй өнөө үед бид барилгын техник стандартуудыг өндөр түвшинд хангаж ажиллах талаар анхаарлаа хандуулж байгаа.-Иргэдэд олгох орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн явц ямар байгаа вэ?
-Өнөөдрийн түвшинд мянга гаруй иргэн бидний тавьсан орон сууцны болзол нөхцөлийг хангаад байна. Өргөдлөө Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулаад материалаа нь Төрийн банканд ирүүлсэн байгаа. Үүнээс зуу гаруй иргэн бодитой зээлээ авчихлаа. Одоогоор 200 тэрбум төгрөгийн бондоос 50 тэрбумын бондын асуудал шийдэгдээд байна. Зуун мянган айлын орон сууцны зээлийн хөтөлбөрт хорин таван мянган орон сууц хөдөө орон нутагт олгогдохоор байгаа. Хөдөө орон нутагт барилгын гүйцэтгэл нь 30-50 хувьтай орон сууцыг шалгаруулалтын үйл ажиллагааг бид давхар явуулж байна. Аливаа зүйл сайн муутай олон талтай. Орон сууцны хөтөлбөр дээр шүүмжлэх зүйл байж л байгаа. Шүүмжлүүлнэ гээд асуудалд хандахгүйгээр бодит байдалд ажлаа хэрэгжүүлж алдаагаа засаж цаашаа явах нь чухал юм.-Импортоор орж ирж байгаа барилгын материал дээр яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ? Барилгын материал үнэтэй байгаагаас орон сууцны үнэ нэмэгдэж байгаа талаар барилгын компаниуд ярьж байгаа?
-Орон сууцны үнэ яагаад өсөөд байна гэдэг дээр бид гурван үндэслэлт судалгааг гаргалаа. Юуны өмнө эрэлт нийлүүлэлтийн зохист харьцаа алдагдсанаас болж зах зээлд орон сууцны үнэ нэмэгдэх нөхцөл болсон. Дараа нь барилгын гол түүхий эд материалаа бид өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаа нь орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна. Үндсэндээ барилгад цөөн төрлийн хэдхэн материал ашигладаг. Тэдгээр гол нэр төрлийн түүхий эд материалаа бид үйлдвэрлэхгүй байна. Арматурын төмрийн 70 хувь нь импортоор орж ирж байна. Импортын барилгын бараа материалыг татвараас чөлөөлөх асуудлыг Их хуралд оруулсан байгаа. Цементийн үйлдвэрийг бүсчилж байгуулах ,цементийн тоног төхөөрөмжийг гааль болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хөндөж байгаа. Баруун чиглэл болон Сайншанд руу барилгын материалын дотоодын компаниуд нилээд бий болж байгаа нь бидний бодлого хэрэгжиж байгаагийн илрэл гэж ойлгож байгаа. Барилгын гол түүхий эд материалаас бусад түүхий эд нь хэрэглээний 20 хувиас доош байгаа учраас дараагийн ээлжинд шийдэхээр үлдээгээд байгаа.- Хөдөө орон нутаг, аймгуудыг холбох авто замын ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Аймгуудад барьж байгаа авто замын ажил 30-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хөвсгөл, Увс Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн авто замын асуудал хөдлөөгүй байна. Дээрх аймгуудаас гурван аймгийнх нь шийдэгдсэн байгаа. Санхүүгийн асуудал нь шийдэгдээд одоо зураг төсөл дээр нь анхаарлаа төвлөрүүлээд явж байна. Зураг төсөл нь 30- аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хөвсгөл, Завханы зам барих ажлын нээлтийг энэ ням гаригт хийх гэж байна. Энэ зам 2013 он гэхэд барьж дуусна. Ер нь төлөвлөгдсөн замаас 800-1100 км зам үлдэж байгаа. Манай улс нэг жилд зам барьдаг хүчин чадал нь 800-аад километр байгаа юм . Тэгэхээр 2014 дуусахад ерөнхийдөө Монгол улс авто замаар холбогдож, авто замын бүрэн сүлжээ бий болох юм. Үүнд уул уурхайн хүрээнд баригдаж байгаа замуудыг оруулаагүй.-Нийслэлийн иргэд зам муу байгаа талаар их ярьж байгаа. Нийслэлийн замыг сайжруулахад төвлөрлийг сааруулахад юу хийх вэ?
-Нийслэл Улаанбаатарын хүрээнд зургаан гүүрийн асуудлыг зээлийн эх үүсвэрт тулгуурлаад зураг төслийг нь гаргаад Засгийн газраас шууд гэрээ байгуулахаар Улаанбаатар хотын удирдлага руу шилжүүлсэн. Тээврийн товчооны урагшаа 262 метр гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Энхтайвны гүүрээр өдөртөө 80 мянган машин зорчиж түгжрэл үүсэх нөхцөл болж байна. Энэ гүүр ашиглалтад орсноор Энхтайвны гүүрийн ачааллын 30 хувийг чөлөөлөх юм. Хамгийн сүүлд Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод 14 замын асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал 3-р хорооллоос 1-р хорооллын ар дэнжээр холбоод 21-р хороолол, Толгойт хүрэх зам тавихаар шийдэгдсэн байгаа. Саяхан Яармагийн замын ажил эхлээд байгаа. Шинэ нисэх онгоцны буудал руу хүрэх хурдны замын барих асуудлыг ярьж байна.-Улаанбаатар хот хэзээ метротой болох уу?
-Метроны хувьд техник эдийн засгийн үндэслэл гарсан юм байгаа. Өнөөдөр нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Улаанбаатар хотын авто замын дотоод авто замын сүлжээг сайжруулах, түгжирлийг сааруулах тал дээр зорьж ажиллаж байгаа гэхэд болно. Дотоод авто замыг сайжруулсны дараа техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсны дараа метроны асуудал нухацтай яригдах юм.-Таван толгой, Оюутолгой гээд томоохон уул уурхайн дэд бүтцийг төрөөс хэрхэн зохицуулах вэ?
-Төрөөс зохицуулаад байх асуудал байхгүй. Зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Эрх ашгуудынх нь нэгдлийг зөв олох ёстой. Төмөр зам бол бүс нутгийн хэмжээний асуудал юм. Бидний хамгийн том эрх ашиг бол Монголын ард түмэн, Монгол төр байх ёстой. 51 хувь төрийн, үлдсэн нь дотоодын компаниуд орох бололцоог хангасан байгаа. Тавантолгойгоос хилийн боомт хүртэл үндэсний консорциум , Тавантолгойгоос Сайншанд хүртэл гадаадын компани консорциум орохоор тохирсон. Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлөө авсан байгаа. Үнэгүйгээр төрд 51 хувь шилжиж ирэх хугацааг 19 жил гэж тооцож байгаа. Урьд хийгдсэн концепцийн гэрээний хугацаа нь 30 жил байсан.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.