Барилгын салбарт өндөр төвшний стандарт нэвтрүүлэх зорилт дэвшүүллээ
2012.04.16

Барилгын салбарт өндөр төвшний стандарт нэвтрүүлэх зорилт дэвшүүллээ

Цаг хэдийнэ наашилж, барилгын ажил ид эхлэхийн босгон дээр барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болов. Ийм ажил хэрэгч зөвлөлгөөн жил бүр болдог.

Өнгөрсөн оны зөвлөлгөөнөөс орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдэд Орон сууцны урт хугацаатай зээл олгох, ипотекийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Орон сууц хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, барилгын материал, хийц, бүтэц, эдлэхүүний сорил, шинжилгээний төв лабораторийг ашиглалтад оруулж, мэргэжил-тэй боловсон хүчнээр хангах зэрэг 45 ажлыг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлжээ. Энэ хугацаанд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооноос "100 мянган айлын орон сууц" хө-төлбөрт хамрагдах барилга, хотхон, хорооллын эхний болон хоёр дахь ээлжийн жагсаалтыг Засгийн газраас батлав.

Эдгээрт 127023 айлын орон сууцны 212 барилга хамрагдсан бөгөөд  одоогийн байдлаар 98 барилга баригдаж буйгийн 75 нь 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Жагсаалтад багтсан орон сууцны тал хувь нь бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах журамд заасан 55 ам метр хүртэл талбайтай ажээ. Барилгын материал, хийц, бүтэц, эдлэхүүний сорил шинжилгээний төв лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 82 хувьд хүрчээ. Төрийн ордонд өчигдөр болсон "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон "100 мянган айлын орон сууц" төслийг хэрэгжүүлэхэд "Барилгын салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд" сэдэвт зөвлөлгөөнд оролцогчдын анхаарлыг дээрх хүрээнд барих орон сууцны нэг ам метр талбайн үнийн асуудал татаж байлаа.

Энэ талаар Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү Засгийн газраас өнөөдөр орон сууцны бодит үнэ ямар байна вэ гэдгийг индексийн хуулийн дагуу боловсруулсан. Чанартай материалаар хийсэн орон сууцны нэг ам метрийн үнэ 1193000 төгрөг байна гэж гаргалаа. Үүнээс дээш байвал үнийн хөөрөгдөлтэй байна гэж ойлгож болно. Орон сууцны үнэ, барилгын материалын чанараас хамаарч байх ёстой. Муу материалаар хийсэн барилгын үнэ сая 500 мянган төгрөг байж үнэхээр болохгүй гэсэн юм. Харин Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж барилгын үнийн боломжтой байх ханшийг энэ зөвлөлгөө-ний үер зарлав. Ерөнхийдөө миний тушаал шийдвэрээр гарсан үнэлгээ бол 1193000 төгрөг. Энэ бол тухайн компанийн ашиг, хүүгийн зардал шингэсэн үнэ гэсэн билээ. Үнэхээр ч барилгын материал, зураг төслийн үнээс гадна дэд бүтцийн зардал шингэсэн юм байна. Барилгын компаниудын барьж байгаа барилга дунджаар 18 сарын хугацаанд ашиглалтад орж байна. Иймээс нэг ам метрийн дундаж үнийг 1,1 сая төгрөг хэмээн тодорхойлж байна. Энэ шийдвэрээ зорилтот хөтөлбөрт хамрагдаж байгаа компаниуддаа танилцуулж гэрээ хийхийг санал болгох ажээ.

-1970-аад оны үед элсэн цөл байсан Арабын орнуудыг харъя. Тэд өнөөдөр Америкийнхаас өндөр төвшний стандартыг тавьж байна. Яг үүн шиг бид барилгын салбар гэлтгүй төмөр замдаа ч ийм төрлийн стандарт нэвтрүүлэх нь зүйтэй гэж ойлгож байгаа. Ирээдүйгээсээ хөрөнгө татаж өнөөдөртөө оруулж байгаа бол бид ирээдүйн стандартыг нь баримтлах ёстой. Тиймээс бид сайн, муу ч бай шаардлагатай ажлуудыг эхлүүлэх ёстой гэсэн зарчим барин ажиллаж байна. Энэ утгаараа бид орон сууцны хөтөлбөрөө эхлүүллээ, бодлогоо тодорхойллоо. Гэхдээ орон сууцны үнэ буурах боломжтой. Барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор Монголд нутагшуулж, үйлдвэрлэлийг нь эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд арматур, цемент, барилгын дүүргэгч материал гуравт анхаарах ёстой. Ялангуяа цементийн үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх нь зүйтэй.

Өнөөдөр тэдгээр үйлдвэрүүд босоо тэнхлэгийн төмөр замыг дагасан байгаа юм. Гэтэл нэг шуудай цементийг баруун аймаг руу зөөгөөд очиход үнэ өсөх нь тодорхой. Үүнээс Улаанбаатарт барих байрны өртөг болон баруун аймгийн барилгын өртөг хоорондын ялгаа гарч ирнэ. Тэгэхээр эхний ээлжинд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг тус салбарын удирдах ажилтнууд ярьж байлаа. Зөвлөлгөөнөөс "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймгуудад барих хорооллуудын барилгын гүйцэтгэгчээр Монголын барилгачид.барилгын компаниудын нөөц боломжийг ашиглах ажлыг хамтран зохион байгуулах, барилгын материалын үйлдвэрлэлийн төслийг энэ оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлыг шийдвэрлүүлэх, барилгын салбарт мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр бүртгэл мэдээллийн сан байгуулж, хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалыг хөгжүүлэх зэрэг 10 гаруй ажил зохион байгуулах зорилт дэвшүүлэв. Шинэ бүтээн байгуулалтын ажилд барилгын чанар, аюулгүй. байдалд тавих хяналтын тогтолцоог шинэчилж, барилгын салбарын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх, мөн салбарын төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанартай зарим ажлыг салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр зөвлөлгөөний шийдвэрт тусгасан нь шинэлэг алхам болох юм.

Ямар ч байсан их ажлыг нуруундаа үүрэх Монголын барилгачид өөрсдийн хүчээр "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт оролцохыг чухалчилж, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, дотоод нөөц бололцоогоо дайчлах, үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаар санал бодлоо уралдуулсан нь хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөх болов уу. Шинэ байранд гал голомтоо бадраах өрхийн тав тухтай амьдрал барилгачдын гараас багагүй шалтгаална.