Б.Бат-Эрдэнэ: Иргэдийг дахин хохироохгүй байя
2021.12.01

Б.Бат-Эрдэнэ: Иргэдийг дахин хохироохгүй байя

ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрчим хүчний хэмнэлттэй цонх, Шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо хамтран "Цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг-2021" зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг хийх болсон шалтгаан нь 2021 оны 3 дугаар сард вакум цонхны үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтаас гарсан дүгнэлттэй холбоотой.

Хяналт, шалгалтад хамрагдсан цонх үйлдвэрлэгчдийн 50 хувь нь бүрэн хангаагүй бөгөөд дараах зөрчил илэрсэн юм.

Үүнд:

  • Цонхноос дотогш өрөө рүү ус нэвтрэх,
  • Шилэн багцны шил хоорондын зайд цанталт үүсэх,
  • Цонхны онгойх хэсэгт зай завсар гарах,
  • Гажилт, нумралт үүсэх
  • Цонхны бэхэлгээг технологийн дагуу хийхгүй байгаагаас салхины хүчний ачаалал даахгүй цонх унах;
  • Барилгын дулааны алдагдал ихсэх;
  • Цонхны чанар муугаас шалтгаалж барилгын чанар, стандартад эрсдэл үүсэх.

Иймд барилгын цонхонд нэг л шалгуур үзүүлэлт тавигдаж байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдож байна. Тэр нь үнэ бөгөөд хямд үнэтэй цонхыг л барилгад угсарч суулгаж байна. Үүнээс шалтгаалж барилгын цонх үйлдвэрлэл, угсралтад тавих чанар, стандарт алдагдаж байна. Цонхоор алдаж байгаа дулаан алдагдал мөн цонхонд илэрч буй дээрх зөрчил дутагдлын үр дагаврын гол хохирогч нь хэрэглэгчид болж байгаа бөгөөд хэрэглэгчийн чанар, аюулгүйн шаардлагыг хангуулах эрх зөрчигдөж байна гэж ШӨХТГ үзсэн тул уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хэлэлцүүлгээс аж ахуйн нэгжид дарамт өгдөг бодит байдалд нийцэхгүй олон төрлийн тусгай зөвшөөрлийг болиулах, зарим аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг байсныг дүрэмд нийцүүлэх, төрийн үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд харилцаа хандлагаа дээшлүүлэх, нөгөө талаас цонх үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар стандартыг мөрдөх, сайжруулах, нэг бодлого, нэг цонхтой хамтран ажиллах тухайд санал нэгдлээ.