Зээл авагчийг даатгалд хамруулдаг болъё
Төр засгаас “100 000” айлын хөтөлбөр зарласантай холбогдуулан санал шүүмжлэлийг өрнүүлж байна. Ажил хэрэгч шүүмжлэлийг хэчнээн их өрнүүлнэ, тэр хэрээр иргэд ч, төр ч хожно. Тиймээс гадаад орнуудад одоогийн байдлаар Монголд үгүй байгаа нэгэн үйлчилгээ байдгийг холбогдох албаныханд сануулж, эх орондоо суурьшуулаасай хэмээн үүнийг тэрлэв. Иргэдийн дунд байдаг сэтгэл дундуур байдал хэр үндэслэлтэй болох эсэхэд ч тодорхой хэмжээгээр хариулт өгөхийг оролдлоо.
Бидэнд үнэхээр муу нөхцөл санал болгож байгаа юу?
“100 айлын хөтөлбөр”-т иргэд орон сууцныхаа 10 хувийг төлөөд, үлдсэн 90 хувийг нь жилийн зургаан хувийн хүүтэй зээлэх нөхцөл тусгагдсан байгаа. Үүнийг дэлхийн бусад орнуудтай жишиж үзэхэд эхний төлөлтийн хувьд бид дэлхийн жишгээс илүү, зээлийн хүүгийн хувьд ижил боломжоор хангагддаг юм байна. Ипотекийг хэрхэн хөгжүүлэх үлгэр жишээ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дани гэхэд л эхлээд үнийн дүнгийн 20 хувийг төлөөд үлдсэн 80 хувьдаа жилийн зургаан хувийн хүүтэй зээл авах боломжийг иргэддээ санал болгодог аж.
АНУ-ын хувьд мөн адил боломжийг иргэддээ олгодог. Манайхаас ганц илүү юм нь гэвэл зээл эргэн төлөгдөх хугацаа нь илүү аж. Данид 30 жил, АНУ-д 40-50 жилийн хугацаатай зээлд хамрагдаж болдог байна. НҮБ ипотекийн зээлийн үлгэр жишээ гэгддэг Герман, АНУ, Данийн зах зээлийг хооронд нь харьцуулж үзжээ. Тэгэхэд зээлийн хүү жилийн зургаан хувь, урьдчилгаа 20 хувь, хугацаа 30 жил гэсэн дундаж тоо гарсан байна. Зээлдэгчдэд тавих шаардлагын хувьд, сар бүрийн эргэн төлөлт орлогынх нь 1/3 хувиас ихгүй байх ёстой гэсэн болзол тавьдаг ажээ. Манайд бол банкууд 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг билээ. Ингээд бодохоор дээр дурьдсан орнуудад зээлийн дарамт манайхыг бодвол харьцангуй бага байдаг аж.
Аюулгүй байдлыг хангаж байж эхлүүлэх ёстой
За, ямар ч байсан бид хөгжингүй орнуудтай ижил боломжийг эдлэх гэж л байгаа юм байна. Тэгвэл эрсдлээс хамгаалах тухайд байдал ямар байгаа билээ гэхээр арай өөр дүр зураг тодорно. Зээл аваад байранд орчихлоо, гэтэл зээл авсан хүн өвдвөл яах вэ. Эсвэл ажлаасаа халагдаж хэсэг хугацаанд ажил хайх хэрэг гарвал хэнд хандах вэ. Яг өнөөдрийн байдлаар бол Монголд ипотекийн зээлтэй хүн өвдөх, ажлаа солих эрхгүй. Ямар нэг шалтгаанаар зээл төлөлтөө тасалдууллаа гэхэд банкны зүгээс нэг сар хойшлуулдаг, хэтэрвэл алданги тооцдог журам үйлчилж байгаа.
Тэгвэл АНУ-д зээлдэгч зээлдүүлэгчийг аль алиныг нь бүрэн хамгаалдаг. Засгийн газар банкуудын ипотекийн чанаргүй зээлийг худалдаж авдаг. Энэ нь зээлдүүлэгчийг хамгаалах арга юм. Харин зээл авсан иргэдийг хамгаалах үүргийг даатгалын байгууллагууд үүрэлцдэг байна. Өөрөөр хэлбэл, иргэд банкинд төлөх зээл дээрээ даатгалын тодорхой хэмжээний мөнгийг нэмж төлдөг. Ингээд дээр өгүүлсэнчлэн, өвчин тусах, ажлаа солих зэргээр орлого олох боломжгүй болоход даатгалын байгууллага өмнөөс нь зээлийг төлнө гэсэн үг юм.
Энэ үйлчилгээ дөнгөж 1995 оноос л АНУ-д бий болсон юм байна. Гэхдээ одоо бол манайх шууд хуулбарлахад болохоор хэмжээнд хүртлээ хөгжжээ. Энэ нь их энгийн. “100 000 ам.доллараас бага зээлтэй хүн энэ даатгалд хамрагдах боломжтой. Ихэвчлэн 30-60 хоногийн эргэн төлөлтийг хийдэг. Гэвч даатгал төлсөн хугацаанаасаа хамаараад энэ нь 12-24 сар үргэлжлэх нь байна. Даатгалын мөнгө тооцож авах аргачлал нь сар бүр төлөх мөнгөнийхөө 100 ам.доллар тутамд 4.5 ам.доллар төлдөг байна. Төлөлтийн дээд хэмжээ нь 100 ам.доллар тутамд 7 ам.доллар байх бөгөөд даатгал төлсөн хугацаанаасаа хамаараад 24 сар хамгаалах боломжтой ажээ.
Одоо энэ системийг л Монголд нутагшуулах хэрэгтэй байна. Ажил олгогч нь тогтворгүй байдаг Монгол Улсын хувьд иргэн хүн моргейжийн зээлд хамрагдана гэдэг өөртөө ихээхэн эрсдэл хүлээж байгаа хэрэг. Хэрвээ ямар нэг байдлаар зээлээ эргэн төлөх боломжгүй боллоо гэхэд эрсдлийг өмнөөс нь хүлээх, хамгаалах үйлчилгээ заавал байх шаардлагатай. Яг өнөөгийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын аль ч компанид ийм үйлчилгээ алга. Хэрвээ нэвтрүүлчихвэл хамгаалсан, хамгаалуулсан аль аль тал нь хожино.
Өрхийн төсөв зохиох аргуудыг сурталчлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна
Хөгжингүй орнуудад өрхийн буюу хувь хүний төсөв зохиох аргууд шинжлэх ухаан болтлоо хөгжчихсөн. “Зорилго тавих” гэхэд л дотроо урт хугацааны болон “богино хугацааны” гэж ангилна гээд л. Ухаандаа “Би 60 нас хүрч тэтгэвэрт гарахдаа 1000 000 ам.доллартай болсон байх ёстой” гэвэл урт хугацааных болж байгаа юм. Харин энэ жилдээ багтаад ийм юм худалдаж авна гэвэл богино гэж тодорхойлдог аж. Даатгалд заавал хамрагдах гээд нарийн юм зөндөө байна лээ. Мөнгөө хэрхэн өсгөх аргууд нь ч тодорхой. Жишээлбэл иргэн олж байгаа орлогынхоо тодорхой хэсгийг банкинд, заримыг нь бэлнээр мөн тодорхой хэсгийг хувьцаагаар хадгалах нь ашигтай. Үүний тулд хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө аваад ирээдүйтэй компанийн хувьцааг худалдаж авна гэсэн үг. Ер нь барууны орнуудын иргэд цалингийнхаа тодорхой хэсгээр хувьцаа худалдаж аваад хэвшчихсэн байдаг.
Манайд бол ийм нөхцөл одоо л дөнгөж үүсч эхэлж байна. Гэвч олон жилийн дараа худалдаж авсан хувьцааных нь үнэ өсөхөөсөө илүү ор тас алга болсон, эсвэл бүр өөр хүний мэдэлд оччихсон байх магадлал өндөр. За энэ ч яах вэ, сэдвээсээ жаахан хазайчихлаа. Бид орлогоо хэрхэн зохицуулах талаар дээр хэлсэн “шинжлэх ухаан болтлоо” хөгжсөн гээд байгаа аргуудыг ойрын хугацаанд mminfo.mn вебсайтад байршуулах болно.
Ямартай ч хөгжингүй орны иргэд ингэж бүх орлого зарлагаа хянаж сурч байж ипотекийн зээлд хамрагддаг байна. Дээр хэлсэнчлэн энэ нь их хариуцлага тул хариуцлагатай хандах зайлшгүй шаардлагатай билээ.