2012.04.03
Ц.Дашдорж: “Шинэ төмөр зам Монголын хөгжлийг ирэх 60 жилд түүчээлнэ”
УИХ, Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой Монгол Улсын дэд бүтцийн салбарт хамгийн сүүлд шийдэгдсэн асуудал хийгээд олны сонирхлыг ихээхэн татаад байгаа шинэ төмөр замын асуудлаар ярилцлаа.
-Уул уурхайг аж ахуйн эргэлтэд оруулаад эхэллээ. Гэвч энэ салбарын хөгжлийн хурдац дэд бүтцээс зарим талаар хамаарах болчихоод байна. Дэд бүтцийн салбарт тулгамдаж, хүлээгдэж буй олон асуудал бий. Та ажлаа хүлээж аваад удаагүй ч томоохон асуудлыг шийдсэн талаар салбарынхан чинь ярьж байна?
-УИХ-аас надад итгэл хүлээлгэн энэ салбарыг хариуцуулаад сар гаруй болж байна. Нэн тэргүүнд шийдэх ёстой гурван үндсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлсэн. Тодруулж хэлбэл, нэгдүгээрт нийгмийн чиглэлийн буюу иргэдээ орон сууцтай болгох асуудлыг санхүүгийн зөв схемээр шийдвэрлэх, хоёрдугаарт бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эрчимжүүлэх, гуравдугаарт төмөр замын асуудлыг зөв гарцаар оновчтой шийдвэрлэх явдал юм.
-Тухайлбал
Орон сууцны зээлийн асуудалтай уялдаад тэнд амьдрах иргэдийн эрүүл мэнд, соёл боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээ, Улаанбаатар хотын нийт дэд бүтэц, хотын ерөнхий төлөвлөгөө, барилга, нийтийн аж ахуйн асуудал хамт шийдэгдээд явах ёстой. Хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжих учраас орон сууцтай болохыг хүсэж буй хүн бүр тэр тусмаа залуучууд хувийн зохион байгуулалтаа хангаад яаралгүйгээр оролцох боломжтой гэж би эхлээд л хэлж байсан. Нийтээрээ энэ ондоо бүгд байртай болох боломж бололцоо хаа хаанаа байхгүй. Эхний ээлжинд шаардлага хангасан нэг хэсэг нь байртай болоод явах ёстой. Цаашид энэ зарчмын дагуу үйл ажиллагаа нь үргэлжлээд, улам боловсронгуй болгоод явах ёстой. Дараагийн асуудал бол хатуу хучилттай авто зам. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох асуудал тусгагдсан. Одоогийн байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь зэрэг зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох автозамын барилгын ажил 30-90 хувьтай явж буй. Үлдсэн Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл зэрэг зургаан аймгийн төвөөс эхлэх 545.6 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина. Урьд нь Хөгжлийн банк хөрөнгө гаргахгүй байна гэсэн асуудал яригддаг байсан. Тэгвэл санхүүгийн эх үүсвэрийг зөв олж, схемийг нь оновчтой тодорхойлоод өгөхөөр болдог юм байна. Санхүүжилтын асуудал шийдэгдлээ. Цаг алдахгүйн тулд шуурхай, шууд гэрээгээр сонгон шалгаруулалтыг явуулна. Уг ажлын хүрээнд нийт 290 орчин тэрбум төгрөгийн санхүүжилт буюу бондын асуудлыг шийдэж байна. Энэ онд замын салбарт нийтдээ 346 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийгдэнэ. Үндсэндээ 950 орчим км замыг улсын төсвийн болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу хөрөнгө оруулалтаа хийгээд тодорхой гүйцэтгэлээр нь санхүүждэг хэлбэрээр авто замыг барина.-Орон сууцтай холбоотой ганцхан асуулт байна. Байрны өөрийн өртөг, үнэ хоёрын зөрүү их байгаа тухай ярьж байна. Энэ талаар юу хийж байна?
-Бид нар одоо нэг ийм асуудлыг ойрын үед амьдралд хэрэгжүүлнэ. Нэг метр кв барилгын бодит өртөг нь хэд юм бэ гэдгийг тодорхойлно. Энэ ажилд холбогдох төрийн болон ТББ-ыг татан оролцуулж хамтран ажиллах бодолтой байна. Жишээ нь Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө байгууллага, Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гээд холбогдох байгууллагууд, хувийн хэвшил, төрийн захиргааны байгууллага гээд бүгдийг нь татан оролцуулж асуудлыг нь тодорхой түвшинд гаргаж ирэх ёстой. Үнэхээр бодит өртөг нь тэд юм байна гэдгийг зарлана. Тэрнийхээ дараа үнэхээр бодит үнэн дээр ашгийнх нь түвшинг нэмээд олон нийтэд мэдээлнэ. Ашиг нь хэмжээтэй байх ёстой. Энэ хөтөлбөр өөрөө бизнесийн гэхээсээ илүү нийгмийн чиглэлийн ажил. Иргэдээ орон байртай болгох ажлыг уг нь бүх нийтээрээ дэмжээд явмаар байна. Нөгөө талаар хоёр гурван байр авч байгаа тохиолдолд эдийн засгийнх нь хөшүүргийг гарцаа байхгүй гаргаж ирэх ёстой. Гурав дахь байраа авч байгаа бол татварыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй шүү дээ. Нэг хүн хоёр гурван байраар яах юм. Улаанбаатар хотын нийт хүн амын 66 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэр айлуудаа эхлээд орон сууцтай болгох ёстой. Орон сууцтай болгож байж энэ утааны асуудал шийдэгдэнэ. Бид нар 10-20 жил л зуухны асуудлыг ярьлаа. Шийдэх аргачлал нь орон сууц.
-Өмнөх 2000-2004 онд та УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хоёр хөршийг холбосон хурдны замтай болох асуудлыг анх удаа хөндөж байсныг санаж байна. Одоо танд санаагаа гүйцэлдүүлэх эрх мэдэл ирлээ шүү дээ?
-Бүсчилсэн хөгжлийн болон Мянганы замын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлын хэсэгт 2000-2004 онд УИХ-ын гишүүн байхдаа ажиллаж байхдаа өөрийн тань хэлсэн саналыг тавьж байсан. Эдүгээ уг саналаа биелүүлэх үүднээс ялангуяа, босоо тэнхлэгийн замын асуудлыг шийдвэрлэх чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх замын хөрөнгийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Сайншандаас хоёр тийш 150 гаруй км зам тавигдаад байна. Одоо Замын- Үүдийн чиглэлийн 128 орчим км замын асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар хоёр багц тендер зарласан. Босоо тэнхлэгийн замын хувьд баруун талд Ховдод, төвийн бүсийн хэмжээнд Улаанбаатараар дамжиж урд хойд хилийг холбох олон улсын буюу А3 зэрэглэлийн зам үндсэндээ шийдэгдэж буй. Цааших тавих зорилтын хүрээнд хойд урд хоёр хилийг холбосон хурдны замын асуудлыг шийдэх ёстой. Монгол Улсын 1.500.000 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг жигд хөгжүүлэхийн тулд бүх аймаг, суурин газруудаа авто замаар холбож, Улаанбаатар хотод түргэн шуурхай орж ирэхээс эхлээд олон боломж, бодит бололцоог иргэдэд олгох нь зүйтэй гэдэг үүднээс энэ ажлыг нэлээд эрчимжүүлсэн. Тэгэхээр бодлогын түвшинд Засгийн газар, УИХ-аас шийдвэрүүд гарч, санхүүжилт нь шийдэгдэж, бодитой ажил болж хэрэгжиж эхэллээ гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр та асуултыхаа хүрээнд асуусан. Ерөөсөө энэ улс эх орны хөгжлийн чиг хандлага бодлогыг зөв тодорхойльё гэж үзэж байгаа бол дэд бүтэцгүйгээр шийдэх боломж байхгүй. Ялангуяа уул уурхай түшиглэсэн, өрөөсгөл эдийн засагтай Монгол орны хувьд байгалийн баялагтаа тулгуурлаж, эдийн засгийн өсөлтийг хангах, ДНБ-ээ өсгөх, үүндээ тулгуурлан хөгжлийн дараагийн чиг хандлагыг зөв тодорхойлохын тулд дэд бүтцийг сайжруулах нь зүйн хэрэг. Тухайлбал, авто зам, эрчим хүч, төмөр замын асуудал. Монгол Улсад өнөөдөр тулгамдаж буй зүйл бол төмөр замын ажлыг яаралтай эхлүүлэх явдал. Ингэхдээ төмөр замын бодлогоор дамжиж, Монгол Улсын эрх ашиг зөв тодорхойлогдох ёстой гэдэг үндсэн зарчмыг барих хэрэгтэй.
-Төмөр замын асуудлыг хөдлөглөө. Засгийн газар “Үндэсний төмөр замын суурь бүтэц” төрийн өмч давамгайлсан компани байгуулсан нь олны анхаарлыг татаж байна. Төмөр замд шинэ компани байгуулах зайлшгүй шаардлага байсан хэрэг үү?
-Өнөөдөр төмөр замын хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдэж орж ирж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж буй нөхцөлд өнөөдрийнх шиг машинаар зөөгөөд байх нь байгаль орчин, эдийн засгийн хувьд ямар сөрөг үр нөлөөтэй вэ гэдэг талаас нь зөв тооцох ёстой. Гарцаа байхгүй ийм нөхцөлд төмөр зам татах ёстой. Төмөр зам татах бодлогын асуудлыг яамны зүгээс боловсруулаад дууссан. Зөвхөн яамны зүгээс шалтгаалах зүйл биш. Энэ бол геополитикийн том асуудал. Хойд урд хоёр хөршийн сонирхол байна. Түүнээс илүү хамгийн чухал сонирхол бол Монголын ард түмэн, монгол төрийн эрх ашиг. Өнгөрсөн мягмар гаригт Засгийн газрын хуралдаанаар төмөр замын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудлыг танилцуулж, тогтоол гаргууллаа. Энэ тогтоолын дагуу төмөр замын суурь бүтэц эзэмших байгууллагыг бие дааж байгуулахаар болсон. Өнөөдөр Монгол Улсад төмөр замыг төлөөлж, Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэг гэсэн нэг л байгууллага 1949 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. УБТЗ яагаад жинхэнэ утгаар төмөр замын байгууллагыг төлөөлж байгаа юм гэхээр нэгдүгээрт суурь бүтэц эзэмшигч. Өөрөөр хэлбэл замын эзэн гэсэн үг. Нөгөө талаар төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Ер нь бол олон улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг. Монгол Улсын Их Хурлаас 2007 онд баталсан “Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль”-д энэ “Хэрвээ суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч байх юм бол санхүүгийн бүх тооцоо тусдаа байна” гэж заагдсан. Засгийн газрын энэ шийдвэр энэ хуулийн хэрэгжүүлэх нөгөө талаар олон улсын зарчимд нийцсэн шийдвэр болсон.
-Засгийн газар “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани байгуулснаараа “Монголын төмөр зам” ХК-ийн эрхийг хязгаарлачихлаа, үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн мэдээлэл гарч байна?
-“Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийг Засгийн газар олон улсын жишгийг дагаж байгуулсан. Зарим сонин хэвлэлд “Монголын төмөр зам” ХК-ний эрхийг шинэ компанид шилжүүлчихлээ, булаагаад авчихлаа гэсэн ташаа мэдээллүүд гарсан байна. Суурь бүтэц эзэмших шинэ компани байгуулснаар “Монголын төмөр зам” ХК-ийн үйл ажиллагаа нь зогсчихож байгаа юм биш. Энэ хоёр компанийн нэг нь суурь бүтэцийг эзэмшиж, нөгөө нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулна. “Монголын төмөр зам” компани бол 2008 онд байгуулагдсан. Эдийн засгийн хямрал эхэлчихсэн энэ үед тус компани нэлээн хүнд нөхцөлд байсан учраас улсын төсвөөс хоёр зүтгүүр авч өгч энэ байгууллагаар дамжуулан УБТЗ нийгэмлэгт түрээслүүлээн эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлсэн. Мөн БНХАУ-ын 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулах, шинэчлэх, Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламж барих төслийг хэрэгжүүлсэн юм билээ. Эхний төсөл нь хэрэгжээд одоо дуусах шатандаа явж байгаа. Энэ төслийн хүрээнд найман зүтгүүр, 245 ачааны вагон, шилжүүлэн ачих байгууламжид зориулж континер шилжүүлэх техник аваад ашиглаж байна. Хятадаас төмөр замын барилгын машин мехианизм авахаар тохиролцоод эхний тоног төхөөрөмж, машин механизм орж ирж байна. Энэ бүх хөрөнгө өнөөдөр төмөр замын тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх төрийн өмч давамгайлсан “Монголын төмөр зам” ХК-ний мэдэлд очиж байгаа. Харин шинээр байгуулагдаж байгаа суурь бүтэц эзэмшигч компани бол ирээдүйд баригдах төмөр замын суурь бүтэцийг өөрийн эзэмшилдээ байлгах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг цаашид зохицуулах юм. Төрийн өмч давамгайлсан хоёр компанийн хооронд зарчмын ийм ялгаа бий.
-Монголын төмөр зам ачааны хүндийг үүрэн шинэ төмөр замын суурь ажлуудыг хийсэн. Одоо 55 сая ам.долларын санхүүжилтын асуудал л шийдэгдвэл учиртай гэж байсан. Тэгэхээр яамны зүгээс зарим зохицуулалтыг хийх ёстой байх. Тухайлбал, орж ирэх санхүүжилтийг эхлээд хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн компанидөгөхүү, зураг төслийнхөнд өгөх үү гэдэгт та л шийдвэр гаргана шүү дээ?
-Салбар хариуцаж, бодлогыг нь тодорхойлж буй хүний хувьд нэгдүгээрт энэ бүх ажлыг цэгцлэхийг чухалчиллаа. Эхний ээлжинд зөв мэдээллийг гаргаж, түүнд тулгуурласан оновчтой шийдвэрийг гаргах явдал. Дараа нь ажлаа яаж урагшлуулах вэ гэдгийг эрх ашгийнх нь хүрээнд зөв эрэмбэлж зохицуулах, үүний дагуу хяналтаа тавиад явдаг төрийн ажлын үндсэн тогтолцооны дагуу ажлаа төлөвлөх ёстой. Цаасан дээр гарсан бодлогын асуудлыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд мөнгө, хөрөнгийг нь шийдэж гэмээнэ амьдралд биелэлээ олох учиртай. Тэгэхээр санхүүжилтын зөв схемийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүний дараа геологи, геодези, хөрс хуулалтын ажилд зарцуулсан компаниудын хувийн хөрөнгө оруулалтын асуудлыг зөв оновчтой шийдлийг тодорхойлох ёстой. Ашиглахыг нь ашиглаж, үнэхээр боломжгүйг нь шийддэг зарчмын дагуу шийдээд явна. Хөгжлийн банктай энэ чиглэлээр нэлээд ярьсан. Тодорхой түвшинд үнэлэлт дүгнэлт ч өгсөн. Яаман дээр ирсэн бичиг баримтуудыг нэгтгэж цэгцэлж байна. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт жилээс жилд нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс төмөр замын бодлогыг 10 жилийн дараа тэрнээс цааших буюу алс хэтийн түвшинд төлөвлөх шаадлагатай. Одоогоор ганц босоо тэнхлэгийн буюу Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам л энэ үүргийг гүйцэтгэж буй. Энэ компанийн нийт хүчин чадал нь 23 сая тонн. Өнөөдөр энэ хэмжээнд дээд цэгтээ тулчихсан. Нөгөө талаас энэ төмөр замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь чухал байна.
-Төмөр зам тавих гүйцэтгэгч компаниудын нэрс хэзээ тодрох вэ. Тэдэнд тавих шаардлага ямар байх бол. Хөрөнгө мөнгө сайтайг нь уу, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттайг нь сонгож байна уу. Зам барих ажил хэзээ эхлэх вэ?
-Төмөр замын салбарт хэрэгжиж байгаа төслүүдэд холбогдох хууль журмын дагуу гадаадын сонирхогч компаниуд хамтран оролцох боломжтой. 2007 онд батлагдсан “Төмөр замын тээврийн тухай” хууль нь төмөр замын тээврийн салбарыг нээлттэй болгож, зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгох, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын үйлчилгээг түргэн шуурхай, хүрээмжтэй болгох нөхцлийг олгож өгсөн. Харин улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх юм. Эхний ээлжинд Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн замыг эхлүүлнэ. иГэхдээ нэг чиглэлийн мухар зам байдлаар хийхгүй.
Ийм мухар зам монголын нүүрсийг зөвхөн Хятад руу зөөх зориулалттай болчих учраас Ухаа худагаа Таван толгойтой холбон, Таван толгойгоо Сайн шандтай нийлүүлсэн нэг төсөл, нэг цогц хөтөлбөрөөр төмөр замыг зэрэг эхлүүлэх гэж байна. Хоёр жилийн хугацаанд зэрэг барьж дуусгах зорилт тавиад холбогдох шийдвэрүүдийг Засгийн газраар сая батлуулсан. Нөгөө талаар энэ замыг улсын хөрөнгөөр барьж байгуулах боломж өнөөдөр алга. Тиймээс барих, ашиглах, шилжүүлэх концессын хэлбэрийг ашиглаж бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. “Энержи ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх замын санхүүжилт, гүйцэтгэгчийн асуудлаа шийдчихсэн. Нэгэнт дөрвөн жилийн өмнө Засгийн газраас шийдвэр нь гарчихсан, зураг төсөл, хөрөнгө нь бэлэн болсон энэ ажлыг “Энержи ресурс” компаниар гүйцэтгүүлнэ. Харин Ухаа худаг-Таван толгойг холбосон өртөө, Таван толгойгоос Сайншандыг чиглэлийн төмөр замын ажлыг хөрөнгө оруулагч талуудтай хэлэлцээ хийж, концесс олгох зарчмаар эхлүүлэхээр зэхэж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож ажиллах хүсэлтээ гадаад, дотоодын олон байгууллага ирүүлсэн байгаа. Энэ саналуудтай бид танилцаж байна. Судалж байгаад ажиллах хүч, техникийн хүчин чадал, төмөр зам барьж байсан туршлагыг нь харгалзан Монголын тал өөрсдийн нөхцлөө тавина. Засгийн газрын тавьж байгаа төмөр замын суурь бүтэцийн 51-ээс доошгүй хувийг төр мэдэлдээ авна гэсэн нөхцлийг хүлээн авсан аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээний ард сууна.
-Авто замын хувьд гадныхан хууль зөрчдөг. Өөрөөр хэлбэл, даац хэтрүүлж богино хугацаанд Монголын баялгийг зөөхийг сонирхож буй?
-Нүүрс тээвэрлэлтэд зөвшөөрөгдсөн даацыг хэтрүүлэх явдал түгээмэл байгаагаас шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчинд хор хохирол учруулахын зэрэгцээ автозамыг эвдэж гэмтээх байдал ихээхэн гарч байгаа нь үнэн. Манай улс “Замын хөдөлгөөний тухай”, “Замын дохио тэмдгийн тухай” Венийн конвенцид 1997 онд нэгдэн орсон бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульболон үндэсний стандартаар автомашины бүх жин, нэг тэнхлэг дээрх ачаалал болон оврын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарсан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийтийн хэрэгцээний зам ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Уул уурхайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниудаас тээврийн хэрэгслийн даац, нэг тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэх саналыг гаргаж байгаа бөгөөд одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нийтийн хэрэгцээний замд уг саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд гагцхүү нийтийн хэрэгцээний бус “тусгай зориулалт”-ын замаар тогтоосон маршрутаар бүх жин нь 44 тонноос илүүгүй хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх боломжтой. Орос 48, Хятад 49 тонн байгаа. Илүү даацтай машин явуулдаггүй. Энэ асуудлаар “Авто замын тухай” хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байна.
-ЗТБХБ-ын сайд байх хугацаандаа ямар ажлуудыг шийдвэрлэж дуусахаар төлөвлөж байгаа вэ?
-Төлөвлөсөн үндсэн гурван ажлаа тодорхой түвшинд эхлүүлчихлээ. Одоо эхлүүлсэн ажлаа улам боловсронгуй болгох асуудалд анхаарлаа хандуулж, ажлынхаа ард гарахыг зорьж байна. Миний дэргэд мэргэшсэн сайн хамт олон ажиллаж байгаа. Салбарынхаа урагшаа явж байгаа ажлын хажуугаар тэдний эрх зүйн орчныг сайжруулах ажилд бас анхаарч байна. Эрчтэйхэн ажиллаад явчихвал зорьсон ажлынхаа ард гаргах боломжтой. Ямар ч асуудалд “Төрийн ажил явдаг ном журмынхаа дагуу удаан ч бай, хурдан ч бай яваг” гэсэн өнгөөр хандахыг хүсэхгүй байна. Энэ бол миний баримталдаг зарчим. Гарцыг нь олоод зөв зохион байгуулаад явчихвал ямар ч ажлын ард гарч болно гэж би үздэг. Ажил хариуцсан бол ард нь гарч байж санаа амардаг зантай хүн.-Ярилцсанд баярлалаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.