Улаанбаатар хот Шведийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг туршихаар боллоо
2012.03.14

Улаанбаатар хот Шведийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг туршихаар боллоо

Швед улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын туршлагыг Манай Улсад нэвтрүүлэхээр болоод байна.

Энэ хүрээнд тухайн улсын осол гэмтлээс сэргийлэх, зам тээврийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах, Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагын төлөөллүүд өчигдөр ярилцлаа.

Монголын Мянганы сорилтын сангаас зохион байгуулсан тус арга хэмжээнд салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан, Авто замын газрын Замын ашиглалт засварын удирдлага, хяналтын хэлтсийн дарга Н.Батсуурь нартай уулзаж сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Ч.Жаргалсайхан: Боломжтой болоод л сонирхоод байгаа

-Нийслэлийн замыг өргөтгөх боломжгүй гэж ярьдаг. Зам муутайгаас гадна түгжрэл ихтэй Улаанбаатар хотод Шведийн замын хөдөлгөөний туршлагыг нэвтрүүлэх боломж байгаа юу?
-Боломжтой болоод л сонирхоод байна. Саяхан холбогдох байгууллагын төлөөлөл болох 16 хүнээс бүрдсэн баг Швед улсыг зорьж, тэндхийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар судалсан. Ингээд бодит амьдрал дээр юу хийж байна, ямар тогтолцоотой, зам харилцааг яаж зохицуулдаг, хоорондоо хэрхэн уялдаж ажилладгыг бид тэндээс л харлаа.

Швед улс бол зам тээврийн осол хэргийг тэглэх бодлого барьж, зам тээврийн ослоор хүмүүс амиа алдахгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсанаараа дэлхийд тэргүүлдэг. Бидний хувьд тэдний туршлагыг Монголд хэрэгжүүлэхийн тулд юу хийх, ямар уялдаа холбоо, хариуцлага шаарддаг талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй ярилцаж, сорилт тавиад ажиллаж байна. Сүүлийн 14 жилд гарсан зам тээврийн ослыг судаллаа.

Ялангуяа нас баралттай хэргийг судлаад, цаашид энэ төрлийн хэргийг гаргахгүй байх ямар нөхцөл бололцоо байгааг давхар судалж байгаа. Дээр нь замыг барьж, төсөвлөж, төлөвлөхдөө ямар хяналт тавих ёстойг тооцоолсон. Жишээ нь, манайхан зам тавихдаа зөвхөн шулуун зам л тавьдаг.

Харин Шведэд тэгдэггүй юм байна. Аль болох хүн анхаарал болгоомжтой явах нөхцлийг бүрдүүлсэн маягаар зам тавьсан байдаг юм билээ. Уулзвар гэхэд л манайхан дөрвөн замын уулзвар хийж, гэрлэн дохио тавьдаг биз дээ. Гэтэл тэнд одоогийн манай гурвалжингийн гүүр шиг аль болох тойрог хөдөлгөөнүүд хийж өгчээ. Гэрлэн дохиогоор зохицуулахаас илүүтэй зохицуулагагүй болгох бодлогыг барьж ажилладаг. Түгжрэлийн асуудлыг чухалчилж ярихгүй байна.

Гэхдээ бодлогоор түгжрэлгүй болгож чадсан байна. Техникээ ямар оношилгоонд оруулж, хүнд ямар баталгаа гаргаж өгөх юм бэ, өөрийнхөө унаж автомашинаа хэр найдвартай эсэхэд улсаас баталгаа гаргуулдаг юм байна. Хэрэв унаж яваад осол аваар гаргах юм бол тухайн байгууллага нь хариуцдаг. Ерөөсөө хариуцлага бүхнийг жолооч иргэндээ тохдоггүй. Үйлчилгээ явуулдаг бүхий л байгууллага нь хариуцлагыг хуваалцаж үүрдэг бодлого, чиглэлээр ажиллаж байна.

Тэгэхээр гарах үр дүн нь нааштай байх нь гарцаагүй юм. Есөн сая хүн амтай Швед улсад зам тээврийн ослоор нэг ч хүн амь насаа алдаж байгаагүй гэдэг. Гэтэл хоёр сая хүн амтай Монгол Улс тэдний араас яагаад явж болохгүй гэж.

-Тэгвэл энэ ажлын эхлэл нь юу байх вэ?
-Салбар бүр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн байх нь чухал.
Нийтлэлч
Ч.Анна
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.