Нүхэн гарц, давхар замуудаар замын түгжирлийг багасгажээ
2012.03.23

Нүхэн гарц, давхар замуудаар замын түгжирлийг багасгажээ

Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй Берлин хотын давхар гараж, ил зогсоолын зохион байгуулалттай танилцлаа.

Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй ХБНГУ-д ажиллах үеэрээ хотын төвийн хэсгүүдэд давхар гараж, ил зогсоолуудыг хэрхэн шийдэж, зохион байгуулсантай танилцлаа. ХБНГУ-ын нийслэл Берлин хотод жижиг хэмжээний газрыг ашиглан олон тооны автомашины багтаамжтай давхар зогсоолуудыг шийдэж өгсөн байх ба замын хоёр чиглэлийн хооронд ил зогсоол байгуулсан бас зам дээрх зогсоолуудад цагийн хязгаар тавьж өгсөн байдаг байна.

Берлин хот бол газар зохион байгуулалтын хувьд төв Европт төдийгүй дэлхийн томоохон хотуудад үлгэр жишээ болсон хот юм. Ялангуяа автозамын зохион байгуулалт нь өндөр түвшинд хүрчээ. Автобусны зам, явган хүний зам, дугуйн замыг тусд нь шийдэж өгсөн ба нүхэн гарц, давхар замуудаар замын хөдөлгөөний ачааллыг багасгаж өгчээ.

Берлин хотод замын хөдөлгөөний дүрэм чанд мөрдөгддөг ба тээврийн хэрэгслүүд бүгд өөрийн зориулалтын замаар зорчдог байна. Зохион байгуулсан автозогсоолууд нь шийдлийн хувьд төгс, төлбөрийн хувьд цагийн ялгаатай, тухайлбал давхар зогсоолуудад нэг цаг хүртэл машин тавихад төлбөргүй түүнээс дээш цагийн ялгамжтайгаар төлбөр ноогдуулдаг байна.Гучаадхан машин тавих зай талбайтай газарт 5 давхар гараж байгуулсан нь 600 машин зогсох багтаамжтай болжээ.

Давхар зогсоолууд нь гарцандаа төлбөр төлөх автомат машин, давхар бүртээ цахилгаан шат, зарим хэсэгтээ автосэлбэгийн худалдааны цэгүүдтэй аж. Үүнээс гадна замын голд ил зогсоолуудыг шийдэж өгсөн нь Улаанбаатар хотод шууд хэрэгжүүлэхэд оновчтой шийдэл юм. Жишээ нь 3, 4-р хороолол мэтийн замын голдоо ихээхэн зайтай газруудад замын дундах ил зогсоолуудыг байрлуулах нь оновчтой юм.Монгол улс их бүтээн байгуулалтын эрин үеийн эхэнд байна.

Их бүтээн байгуулалт төслийн хүрээнд орон сууцны барилгууд, нүхэн гарц, давхар замууд, томоохон гүүрүүдийг барихаар төлөвлөсөн.Хот томрох тусам ачаалал нэмэгдэнэ. Ачаалал нэмэгдэж, автозамын түгжрэл ихсэж, машин тавих газар ч үгүй болсон нь өнөөдрийн Улаанбаатарын том бэрхшээл болоод байна.Энэ бүхнийг шийдэх нэн тэргүүний ажил бол давхар гараж, зогсоолуудыг олноор байгуулах явдал юм.

Нийслэлийн газрын албаны удирдлага ч Берлин Женев Сөүл зэрэг дэлхийн томоохон хотуудын туршлагыг судалж, Улаанбаатар хотод давхар гараж, зогсоолуудыг олноор байгуулахаар эрчимтэй ажиллаж байна.
Эх сурвалж
Нийслэлийн газрын алба
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.