Завгүй сайд
2012.03.19

Завгүй сайд

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж сүүлийн үед завгүй байна. Энэ нь "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах гээд хариуцсан салбарынх нь ажил ар, араасаа ундарч байгаатай холбоотой. Орон сууц барихаас өмнө дэд бүтцийн асуудлыг шийдэх, санхүүжилтийн асуудлыг шийдэх гээд түүний хариуцсан салбарт шийдвэрлэвэл зохих зүйл асар олон байгаа.

Ц.Дашдорж сайд орон сууцжуулах  хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаарх шинэ мэдээллийг дуулгасаар байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн газарт ажилласан. Энэ үеэрээ ЗТБХБ-ын яам, нийслэлийн ЗДТГ-ын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын явцтай танилцаж, зарим чухал асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр зэхэж байгаагаа дуулгасан юм. Мөн Японы "Жайка" байгууллагаас  гаргасан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, нийслэлийг барилгажуулах ажлын бэлтгэл болж УИХ-аар хэлэлцүүлэх зарим хуулийн шинэчлэлийг түргэтгэх асуудлыг ойрын хугацаанд Засгийн газар "зүтгүүлнэ" гэдгээ хэлсэн билээ. Харин Ц.Дашдорж сайд хамгийн сүүлд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны жагсаалтыг шинэчлэн баталсан өөр нэг мэдээг иргэдэд дуулгав. Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд цаашид улам завгүй болох дог шүү.