“100 мянган айлын орон сууц”хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна уу
2012.03.12

“100 мянган айлын орон сууц”хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна уу

Та "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-т хамрагдаж орон сууцтай болохоор шийдсэн үү. Тэгвэл дараах зөвлөмжийг харна уу.

Эхлээд та энэ зээлд хамрагдах бэлтгэлээ базааж, өөрийгөө зээлд тэнцэх эсэхийг лавлаарай. Үүний тулд танд орон сууцны урьдчилгаа 10 хувийн төлбөр байх хэрэгтэй / Таван сая төгрөг/. Үүний дараа сарын өрхийн орлого тань орон сууцны зээл авахад хүрэх нь үү гэдгийг \www.ossk.mn хаягаар орж моргейжийн тооцоолуураар тооцож үзэх шаардлагатай. Эсвэл та тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Капитал болон Төрийн банкны зээлийн мэргэжилтэнд хандан орон сууцны зээлд хамрагдах боломжтой эсэхээ бодуулж болно. Жишээлбэл, та 50 сая төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай 0.6 хувийн хүүтэй авъя гэж бодвол өрхийн орлого нь хэд байх ёстой, сард хэдэн төгрөг төлөх нь хэрэгтэй вэ гэдгийг нарийн бодуулах хэрэгтэй. За хэрвээ зээл авах боломжтой бол дараах бичиг баримтыг бүрдүүлэхээр их ажилд хөл тавиарай.

Зээлийн нөхцөл шаардлага / зээлдэгчийн хувьд/

-Зээлдэгч нь анх удаа орон сууцавахаар хүсэлт гаргасан байна

-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн гурван сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.

-Зээлдэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байх

-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны /цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна.

Зээлийн зориулалт, шаардлага

"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн жагсаалтад багтсан 50 хувиас дээш гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.

-Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ 55 ам.метрээс хэтрэхгүй байх

-Зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг хүртэл

-Зээлийн хүү зургаан хувь, хугацаа 20 жил хүртэл

-Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувиас доошгүй

-Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна

-Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах үүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно

Нэгдүгээрт: Та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол одоо Улсын бүртгэлийн Ерөнхий газар руу яваарай.

Учир нь тэндээс: ОССК-ын шаардаад байгаа Үл хөрөнгийн лавлагаагаа авах ёстой. Гэхдээ арилжааны банкууд таниас гэрлэлтийн лавлагаа шаардах нь тодорхой учраас ажил цагаа хэмнэх үүднээс авчихсан нь дээр.

Анх удаа орон сууцтай болох гэж байгааг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа.

Лавлагаа бөглөх хуудсыг УБЕГ-ын гуравдугаар байран дахь Голомт банкны салбарт очоод 5500 төгрөг тушаагаад авна. Анкет дээр овог нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний дугаар оршин суугаа хаягаа бичиж 24 дэх буюу лавлагаа гэдгийг дугуйлна. Уг анкеттай хамт "тэр овогтой тэр нь үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн дэлгэрэнгүй лавлагааг гаргаж өгнө үү" гэх утга бүхий өргөдөл бичиж оруулах хэрэгтэй. Үүнийгээ бөглөөд УБЕГ-ын нэгдүгээр байран дахь үл хөдлөх хөрөнгийн газар гэсэн хоёрдугаар давхрын цонхонд өгнө. Хариугаа хэзээ авах ёстой вэ гэдгийг бүртгэлийн ажилтан хэлж өгнө. Ачаалал ихтэй байгаа учраас яаралтайгаар авах боломжгүй учраас 14 хоног болж байж гарч байгаа/

Гэрлэлтийн лавлагаа мөн адил 1100 төгрөг Голомт банкиндаа тушаагаад хоёрдугаар байранд байрлах лавлагаа гэсэн цонхноос аваарай. /Өдөртөө авах боломжтой/

/ УБЕГ очихдоо дараах зүйлсийг анхаараарай.

-Иргэний үнэмлэх

-Үзэг бал

-Бичгийн цаас

-Тэмдэгтийн хураамжийн мөнгө /

Хоёрдугаарт: Лавлагаагаа авсан бол 100 мянган орон сууц хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын жагсаалтыг авч та байраа сонгоорой. Барилгын компанитайгаа гэрээ хийхдээ, орон сууцны чанарыг нэн тэргүүн тавих хэрэгтэй. Хөтөлбөрт заасны дагуу таны сонгосон байр 55 ам.метрээс хэтрэхгүй талбайтай байх ёстой. Компани таниас багадаа урьдчилгаа болох 10 хувь буюу 5 сая төгрөг шаардах учраас арилжааны банкинд байршуулсан 5 сая төгрөгийн баримтаа авч очоорой. Ингээд байраа сонгоод гэрээгээ байгуулах ёстой.

Гуравдугаарт: За байраа сонгочихсон бол одоо ОССК-ийн зээлийн мэргэжилтэнд руу урагшаа.

Таны өрхийн орлого зээлийн нөхцөлд хүрч байгаа бол ОССК-д дараах материалыг бүрдүүлэн өгөх шаардлагатай. Үүнд,

-Зээлийн хүсэлт

(Маягтыг танд эхээр нь хүргэж байна.)

-Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

-"100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-т хамрагдсан орон сууцнаас сонгоод урьдчилгаа 10 хувь төлсөн гэрээ барилгын компанитай байгуулсан баримтаа /нотариатаар баталгаажуулсан байх/

-УБЕГ-аас авсан лавлагаа Орон сууц санхүүжилтийн корпорац таны зээлийн хамгийн уртдаа 14 хоногт судлаад танд хариу өгнө. Дөрөвдүгээрт: ОССК-аас танд харилцах банкийг чинь хуваарилж өгнө. Тухайн хуваарилсан банк дээрээ очоод орон сууцны зээлийн мэргэжилтэнтэй уулзаж шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн өгөх хэрэгтэй. Үүнд,

-Зээлийн өргөдөл

-Зээл хүсэгчийн анкет /иргэн/

-Иргэний үнэмлэх нотариат /гэр бүл/

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт

-Банкны өр барагдуулах албаны тодорхойлолт

-Байрны захиалгын гэрээ

-Урьдчилгаа төлсөн баримт

-Өрхийн гишүүдийн орлого тодорхойлох баримт /НДД, Хөдөлмөрийн гэрээ, Цалингийн тодорхойлолт/

-ЦЕГ-ын тодорхойлолт

-Гэрлэлтийн гэрчилгээ

-Хорооны тодорхойлолт

-Бусад

Хэрвээ зээлийн мэргэжилтэн шаардлагатай гэж үзвэл таниас бусад баримт шаардах эрхтэй. /Арилжааны банкны шаардаж байгаа нөхцөлийг бид таньд дэлгэрэнгүй хүргэж байгаа/

За ингээд арилжааны банкнаас таны бүхий л мэдээллийг хянаж үзээд зээл олгох боломжтой гэж үзсэн бол гэрээгээ байгуулна. Ингээд хэрвээ таны сонгосон орон сууц ашиглалтад орсон бол та зээлийн гэрээ байгуулсны маргаашаас л гэрээ нүүлгээрэй.

Жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлт

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.