Хямд үнээр жирийн амьдралтай иргэнд борлуулдаг орон сууц байх шаардлагатай
2012.03.02

Хямд үнээр жирийн амьдралтай иргэнд борлуулдаг орон сууц байх шаардлагатай

Ардчилсан намын 4:11 уулзалт өчигдөр боллоо. Уулзалтын үеэр АН-аас зохион байгуулж буй «Эдийн засгийн хувьсгал эхэллээ» сэдэвт цуврал лекцээ орон нутагт эхлэхээр бэлтгэлээ базааж байгаагаа сэтгүүлчдэд дуулгалаа. Мөн иргэдийн бүртгэл, цахим үнэмлэх олгох ажил, иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой мэдээллийн талаарх санал бодлоо хуваалцсан юм.

АН-ын дарга Н.Алтанхуяг «Манай улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлд нийт хүн амын 98.2 хувь нь хамрагдчихсан байна. Одоо гадаадад байгаа иргэдийн бүртгэлийг хийж байгаа. Засгийн газраас АН гарч, Н.Алтанхуяг иргэний бүртгэлийн ажлыг орхисноос болоод иргэний цахим үнэмлэх олгох ажил саатаж байна гэж МАН-ынхан ярина лээ. АН   бүлгийн  хурлаараа цахим үнэмлэх олгох ажлыг хангалттай ярьсан. Яагаад гэвэл миний ажлыг авсан хүмүүс ажлаа хийж чадахгүйгээс болж Ерөнхий сайд, УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн юм билээ. Бид бодохдоо МАН Иргэний бүртгэлийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр намынхаа нарийн бичгийн даргыг томилж, санаатайгаар иргэний бүртгэл, цахим үнэмлэх олгох ажлыг будлиантуулж, долоодугаар сарын нэгнийг санагдуулам ноцтой үйлдэл боллоо гэж үзээд АН асуудлыг ярьсан» гэв.

Засгийн газраасбаталсан жилийнзургаан хувийн хүүтэйорон сууцны зээлийнталаар УИХ-ын гишүүн,АН-ын бүлгийн дэддарга Л.Гантөмөрөөстодрууллаа.

-Засгийн газраас иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах журмыг баталлаа. Энэ талаар АН-ынхан ямар бодолтой байгаа вэ?

-ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж орон сууцны талаар хоёр зүйлд анхаармаар байна. Хамгийн гол нь орон сууцыг ямар шалгуураар зарласныг ард түмэндээ ил тодоор мэдээлэх хэрэгтэй. Бидний үзэж буйгаар хамгийн хямд үнэтэй орон сууцны жагсаалт эхэлж гарах ёстой. Хямд үнэтэйгээс нь эхлээд уг зээл иргэдийн гар дээр очих ёстой. Хямд үнээр жирийн амьдралтай иргэнд борлуулдаг орон сууц байх шаардлагатай. Ерөнхийдөө барилгын компаниудын эрхэнд орчихсон зээл болох гээд байх шиг байна.

-Энэ үгээрээ та барилгын компаниуд орон сууцны зээлийг далимдуулж шахааны бизнес хийж байна гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол тийм шүү дээ. Жишээ нь орон сууцаа 70 саяар үнэлээд 20 саяыг нь тухайн иргэн төлж үлдсэн 50 саяд нь Засгийн газар зээл олгодог хэлбэрээр борлуулна. Ингэхээр орон сууцны компаниуд барилгынхаа үнийг өсгөх боломжтой. Ер нь хүүтэй зээлийг замбараагүй олговол орон сууцны үнэ өсөх нь гарцаагүй. Харин хямд үнийн уралдаан зарлаад хамгийн хямдаас нь иргэддээ олговол орон сууцны үнэ хямдарна.

-Анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүс орон сууцны зээлд хамрагдах ёстой гэсэн. Үүнийг будлиантуулахгүйгээр яаж баталгаажуулах ёстой вэ?

-Анхны орон сууц худалдаж авч байгаа хүмүүст уг орон сууц очих ёстой. Ингэхийн тулд орон сууц худалдан авч буй хүмүүст анхны орон сууц гэсэн баталгаа хэрэгтэй. Тиймээс тухайн гэр бүлийн гишүүдийн нэр дээр өөр орон сууц байх ёсгүй гэсэн журам байх нь зөв.

-Энэ орон сууцны зээл нь бага, дунд орлоготой иргэдэд зориулсан гэх мөртлөө тухайн хүн 700 мянган төгрөгийн тогтмол орлоготой байх ёстой гэчихсэн. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Бага, дунд орлоготой иргэдэд 700 мянган төгрөг яаж байх юм бэ. Төрийн албан хаагчдад 700 мянган төгрөгийн цалин авдаг хэдэн хүн байгаа билээ дээ. Энэ бол үнэхээр хэцүү асуудал.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.