50 сая төгрөгийн зээлд сардаа 350 мянгыг төлнө
2012.03.01

50 сая төгрөгийн зээлд сардаа 350 мянгыг төлнө

Зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил хэрэг болж байгаа таатай мэдээг Засгийн газар туулай жилийн отгон хуралдаанаараа шийдвэрлэсэн. Тодруулбал, иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан болон албаны бусад хүмүүс үүнтэй холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ.

-Иргэд энэ зээлд хамрагдахын тулд доод тал нь хэдий хэмжээний сарын орлоготой байх ёстой юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг. Гэтэл энэ зээл бага, дунд орлоготой иргэдээс доод тал нь сарын 800 мянган төгрөгийн босго шаардаад байгаа юм биш үү?

-Сарын 600 мянга орчим төгрөгийн орлоготой өрх энэ зээлд хамрагдаж болно. Дунджаар 600-700 мянга орчим төгрөгийн орлоготой, 50 сая төгрөгийн зээл авч байгаа иргэн сардаа 350 мянга орчим төгрөг төлнө. Харин 40 сая төгрөгийн зээл авсан тохиолдолд сардаа 200 гаруй мянган төгрөг төлөхөөр байгаа. Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журамд тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн гурван сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстой гэж заасан. Үүний зэрэгцээ тухайн өрх, иргэн 50 хүртэл сая төгрөгийн зээл авахын тулд орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байх ёстой. Гэхдээ "Хүний хөгжил сан"-гаас иргэдэд хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно. Хамгийн гол нь худалдаж авах орон сууц нь "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан байх ёстой. Ингэхдээ барилгын ажил нь 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орон сууц сонгохыг санал болгож байгаа. Учир нь, бүрэн гүйцэтгэлтэй орон сууцны нэг ам.метр талбайнх нь үнэ өндөр байдаг. Харин тодорхой төвшинд буюу 50 хувийн хэмжээнд явж байгаа орон сууцын үнэ өнөөдрийн байдлаар хямдхан. Нөгөө талаар барилгын энэ замбараагүй үнийн өсөлт юунаас үүдэлтэй вэ гэдэгт үнэлэлт дүгнэлтийг зөв өгөх хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд эрэлт нийлүүлэлт алдагдсанаас үнийн хөөсрөл бий болсон. Иймээс нийлүүлэлт, эрэлт хоёрыг зөв удирдах ёстой. Зургаан хувийн  хүүгээр иргэдэд зээл олгосноор орон байрны нийлүүлэлт нэмэгдэнэ.  Ингэснээр барилгын үнэ бууж, цаашид ч бид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого барьж ажиллана.

-Энэ зээлд хамрагдах урьдчилгаа төлбөр өгөх чадвартай бага, дунд орлоготой өрх хэр бол?

-Олон  байгаа. Нийслэлийн  нийт хүн амын 66 хувь нь өнөөдөр гэр хороололд амьдардаг. Жил ирэх тусам залуу гэр бүл олноор нэмэгдэж байна. Тэд бүгд орон сууцтай болохыг хүсч байгаа. Байрны эрэлт хэрэгцээ ч асар өндөр. Зээлийн   шаардлага   хангах иргэн ч олон болохыг судалгаагаар тогтоосон. Өмнө нь ийм бага хүүтэй зээл   санал болгож байсан удаагүй. Жилийн зургаан хувийн хүү гэдэг нь сарын 0.5 хувийн хүү гэсэн үг.

-Ченжүүд орон сууцыг худалдаад авчих юм биш биз?

-Иргэн, орон сууц барьж байгаа компани хоёрын хооронд байгуул-сан гэрээн дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууц хэн нэг хүний эзэмшилд шилжээгүй байх ёстой. Хэрвээ худалдаж авсан орон сууцыг зээлд хамруулах гэж оролдвол бид түүнд зээл олгохгүй. Зээлийн шаардлага нөхцөл ч ийм байгаа. Нөгөө талаар хүмүүс энэ зээлд зөвхөн дөрвөн хүүхэдтэй өрх айл хамрагдах боломжтой гэж ойлгоод байх шиг. Тийм зүйл байхгүй.Хэн ч энэ зээлд хамрагдаж болно. Гэхдээ байр хүссэн иргэн доорх шаардлагыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт,урьдчилгаа 10 хувийн төлбөрийг төлөх чадвартай.Хоёрдугаарт,сонгох байрны талбайн хэмжээ 55 ам,метрээс доошгүй байх. Гуравдугаарт,барилгын гүйцэтгэл 50 хувьтай байгаа орон сууцнаас сонгох.

-Орон сууц санхүүжилтын корпораци биш банкаар дамжуулж зээл олгохоор болсон. Банкууд зээлийг ямар хугацааны дотор олгох бол.Учир нь арилжааны банкууд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ хойрго ханддаг?

Арилжааны банк ажлын 15 хоногийн дотор зээлийн хүсэлтийг шийдвэрлэнэ. Банкны зээлийн талд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зарчмын асуудлыг журамласнаар иргэдэд чирэгдэлгүй байх боломж нь бүрдсэн. Одоогоор арилжааны хоёр банк зээл олгоно. Эдгээр банкаар дамжуулан эх үүсвэрийнх нөөцтэй нь уялдуулж хуваарилах юм. Банкууд уруу шууд явуулъя гэхээр банк өөрсдийнхөө зээлдэгчдэд энэхүү хөнгөлөлттэй зээлийг өгөх хандлага ажиглагдана. Түүнчлэн уг зээлийг зорилтот төвшний бус хүмүүст өгөх магадлал өндөр байсан. Иймээс ОССК-д хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн материал банкинд очих байдлаар зохицуулсан.

-"100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-т хамрагдсан орон сууцнаас авах ёстой. Харин энэ хөтөлбөрт 55 ам.метр талбайтай орон сууц хэд байна вэ?

-17800 орон сууц байгаа. Ер нь хөтөлбөрт хамрагдсан байрнуудын жагсаалтыг ЗТБХБЯ-ны вэб сайтаас харж болно.

-Иргэдийн хүсэлтийг хэзээнээс хүлээн авах вэ?

-Энэ сарын 10-наас иргэдийн өргөдлийг хүлээж авна. Харин орон нутгийн иргэд шуудангаар өргөдлөө өгч болно. Ер нь иргэд зээлтэй холбоотой бүх мэдээллийг www.ossk.mn-ээс авч болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.