Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ
2012.03.06

Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ

100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоор  шийдвэрлэсэнтэй холбоотойгоор  орон сууцтай болох гэсэн иргэд бужигнаж эхлээд байна. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд  хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар ОССК-иас дараахь мэдээллийг гаргаад байна.

Зээлийн шалгуур

-Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна.

-Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

-Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.

-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкнаас тавих бусад шалгуурыг хангасан байна.

Зээлийн зориулалт,нөхцөл

-Зээлийн зориулалт: "100 мянган айлын орон сууц"-ны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулагдана.

-Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2-аас дээшгүй.

-Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл.

-Зээлийн хүү: Тогтмол бөгөөд жилийн 6 хувь.

-Зээлийн хугацаа: 20 хүртэл жил.

-Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь.

-Барьцаа: Зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц.

Зээл олгох үе шат

Нэгдүгээр үе шат:

Зээл хүсэгч нь дараах  мате­риалыг бүрдүүлж Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргана:

1. Хүсэлт (ОССК-ийн www.ossk.mn вэб хаягаар орж татаж авч болно.)

2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа

3. 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ

ОССК нь дээрх материалуудыг хянаж үзээд анх удаа орон сууц авч байгаа болон "100 мянган айлын орон сууцны жагсаалт"-д багтсан, 55м2-аас дээшгүй талбайтай орон сууц захиалах буюу худалдан авахаар гэрээ байгуулсан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.

Хоёрдугаар үе шат:

1. Зээл хүсэгч иргэн нэр, материал нь хуваарилагдсан банкин дээр очиж зээлийн судалгаанд хамрагдана. / Төрийн банк, Капитал банк /

2. Хөтөлбөрт оролцогч арил­жаа­ны банкны шаардсан мате­риа­луудыг бүрдүүлэх ба банк нь иргэдийн материалыг судалж, зээлийн шалгуур хангаж буй эсэ­хээс хамааран зээл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Дашрамд дуулгахад  "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ.   Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна.   Эдгээрээс найман мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.